Вэбсайтын цэс
Хэлний сонголт
2016 ОНЫ ШИЛДЭГ БҮТЭЭЛ “МОНГОЛЫН АРХЕОЛОГИЙН СОНГОМОЛ ӨВ” 2 БОТЬ ХЭВЛЭГДЛЭЭ
2016 ОНЫ ШИЛДЭГ БҮТЭЭЛ “МОНГОЛЫН АРХЕОЛОГИЙН СОНГОМОЛ ӨВ” 2 БОТЬ ХЭВЛЭГДЛЭЭ

ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн эрдэмтдийн бүтээсэн “Монголын археологийн сонгомол өв” 2 боть номын нээлт 12 дугаар сарын 22-ны өдөр ШУА-ийн Тэргүүлэгчдийн газар боллоо. Номын нээлтэд БСШУС-ын Сайд Ж.Батсуурь, ШУА-ийн Ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл, номын зохиогчид болон бусад зочид төлөөлөгчид оролцлоо.

Нээлтийн үеэр БСШУС-ын Сайд Ж.Батсуурь хэлсэн үгэндээ, “Соёлын үнэт өвийг оруулсан ном гаргалаа. Цаашид археологийн салбарыг манай шинжлэх ухааны байгууллага тэр тусмаа Оросын эрдэмтэдтэй хамтран судалгаа хийж, Оросоос санхүүжүүлэх асуудлыг шийдвэрлэсэн. Шинжлэх Ухаан Технологийн Сангаас ч мөн энэ чиглэлд анхаарлаа хандуулж, энэ салбарт судалгаа шинжилгээний ажил хийхэд цаашид хөрөнгө оруулалт, санхүүжилтийг нэмэгдүүлнэ гэж бодож байна. Тиймээс Монгол Улс археологийн судалгааны гол төв гэж үздэг олон орны эрдэмтэн судлаачид анхаарлаа хандуулж байдаг учраас бид дэмжиж ажиллах болно. Бид Солонгосын археологийн салбараас музей байгуулах тал дээр хамтарч ажиллахаар болосон боловч хотын захиргааны зүгээс газрын асуудлыг шийдвэрлэж чадаагүй байна. Байгалийн Түүхийн Музейн барилгыг шинэчилж, өргөтгөл хийх ажлыг хийх бодлого байна. Хамгийн гол нь эдийн засгийн бэрхшээлтэй цаг үед хөрөнгө мөнгөний асуудал амаргүй байгаа ч Шинжлэх Ухааны салбарт гол анхаарлаа хандуулж ажиллах болно” гэв.

Доктор, профессор С.Чулуун, доктор, профессор Д.Цэвээндорж нарын баг эрдэмтдийн бүтээсэн “Монгол археологийн сонгомол өв” 6 боть цуврал бүтээл нь 2016 оны “Шилдэг бүтээл”-ээр шалгарсан бөгөөд тус бүтээлийг хураангуйлан 2 боть болгон хэвлүүлсэн нь энэ юм.

Тус бүтээлд сүүлийн 50, 60 гаруй жилийн хугацаанд Монголын археологичдийн хийсэн судалгааны үр дүнг нэгтэн, голдуу гэрэл зургаар товч тайлбарын хамт оруулсан байна. Тухайлбал, чулуун зэвсэг, эртний булш оршуулга, хүн чулуун хөшөө, буган чулуун хөшөө, хадны зураг, шавар ваар сав гэсэн зургаан төрлийн 1500 гаруй дурсгалт газрын гэрэл зураг, 2000 орчим олдворын гэрэл зургийг оруулжээ.

Номын зохиогч ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн доктор Г.Эрэгзэн “Монгол дахь археологийн судалгааны хувьд бид гадны хөрөнгө оруулалтаар, гадны эрдэмтэн судлаачидтай хамтарч судалгаа хийж ирсэн. Энэ төрлийн салбарт голдуу хээрийн судалгаа хийдэг учраас хөрөнгө мөнгө нэлээд шаардлагатай байдаг. Харин сүүлийн жилүүдэд манай төр засгаас анхаарч ажиллаж байна. Археологийн салбарын хамгийн том асуудал бол олдворуудын хадгалалт хамгаалалт болон хүмүүст судалгааны ажлын үр дүнг таниулах ажил байна. Манай улсын хувьд лабораторийн нөхцөл байдал, хадгалалтын орчин хангалтгүй байна. Тиймээс бид манай хүрээлэнгийн зүгээс Монголын Үндэсний Археологийн Музей байгуулах тал дээр ажиллаж байна. Музей байгуулагдвал лабораторийн асуудал болон судалгааны үр дүнг нийтэд таниулах боломж бололцоо бүрэн нээгдэх юм” хэмээв.


 


 



Бусад мэдээлэл