Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын эмч, академич Начингийн Баасанжав Дэлхийн оюуны өмчийн байгууллагын дээд шагнал болох “Алтан” медалиар шагнагджээ.
Н.Баасанжав нь шинжлэх ухааны салбарт 10 гаруй нээлт хийсэн юм. Тэрээр Анагаах ухааны салбарт 50 гаруй жил ажиллахдаа зүрх судасны мэс заслаас гадна уушиг, улаан хоолой, дотор гэдэс, элэс цөсний замын олон хувилбар хагалгааны арга технологийг төгс эзэмшжээ. Түүний хөдөлмөр зүтгэлийг үнэлж Дэлхийн оюуны өмчийн байгууллагаас ийнхүү шагнаж байгаа юм.
Академич Н.Баасанжав шагнал гардах үеэрээ "Мэс заслын ажил нь ганц хүний хийх ажил биш. Энэ ажлыг гүйцэтгэхэд хамт олон, найз нөхөд, удирдах байгууллагууд ялангуяа ШУА, Шастины эмнэлэг, Анагаах ухааны хүрээлэн зэргийн дэмжлэг тусаар би ийм алдарт хүрлээ гэж бодож байна" гэсэн юм.
Энэ үеэр мөн ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл хэлэхдээ " Н.Баасанжав академич маань 6 хүнийг шинжлэх ухааны доктор, 36 хүн доктор хамгаалуулахад удирдаж ажилласан байдаг. Энэ 42 хүн бол өнөөдөр монгол улсад нэг томоохон эрдэм шинжилгээний хүрээлэн л гэсэн үг. Тийм хүний нөөцийг өөрөө удирдаад бий болгосон хүн. Одоо энэ хүнийг дэлхий харж ойлгож байна. ШУА-ийн жинхэнэ гишүүн, академич маань өнөөдөр дэлхийд хөдөлмөрөө үнэлүүлсэнд туйлын баяртай байна" гэлээ.
Дэлхийн оюуны өмчийн байгууллагын дээд шагнал “Алтан” медалиар дэлхийн 130 орны 2000 хүнийг шагнаж байжээ.