Вэбсайтын цэс
Хэлний сонголт
2018 ОНЫ ШИЛДЭГ ЭРДЭМТДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2018 ОНЫ ШИЛДЭГ  ЭРДЭМТДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Шинжлэх ухааны салбараас гадаадын улс орнууд төдийгүй дотоодынхоо  томоохон шагнал хүртээд байгаа эрдэмтдийг Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч Д.Рэгдэл өнөөдөр /2019.01.11/ хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. 

Өнгөрсөн онд дараах эрдэмтэд шагнал хүртжээ

  • “Монголын геологи ба ашигт малтмал” хэмээх найман боть цувралыг бүтээсэн эрдэмтдийн хамт төрийн шагнал хүртсэн академич Р.Барсболд
  • Япон Улсын Засгийн газрын “Мандах нар” одонгийн “Тууз бүхий Алтан туяа” зэрэглэлийн одон хүртсэн академич Д.Төмөртогоо
  •  Монгол Улсаас анх удаа ОХУ-ын газар зүйн нийгэмлэгийн дээд шагнал С.М.Пржевальскийн нэрэмжит хүндэтгэлийн алтан медалийг хүртсэн академич Д.Доржготов
  • Туркийн Шинжлэх ухааны академийн 2018 оны шагнал хүртсэн академич Л.Болд
  • Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цолоор доктор О.Самбуудорж

ДЭЛХИЙ ДЭЭР УС, ХАЙРГА ХОЁРЫГ ХАМГИЙН ИХЭЭР ХЭРЭГЛЭЖ БАЙНА

Уулзалтын үеэр эрдэмтдийг "ШУА-ийн "Бидний бахархал" өргөмжлөлөөр өргөмжилсөн бөгөөд  тэдний сэтгэгдлийг  хүргэж байна. 

Академич Р.Барсболд “Манай улсын эдийн засагт чухал байр суурь эзэлдэг уул уурхайд геологи хамгаас чухал. Дэлхий дээр ус, хайрга хоёрыг хамгийн ихээр хэрэглэж байна. Байгалийн нөөц, баялгийг зөвөөр ашиглахад геологийн шинжлэх ухаан хэрэгтэй. Бидний судалгаа нь эртний, өнөөгийн судалгааг нэг дор болгосон тул энэ салбарт ажилладаг, мэргэжлийн хүмүүст маш дөхөм болох юм” гэв.





ҮНДЭСНИЙ АТЛАСЫГ АНГЛИ, МОНГОЛ ХЭЛ ДЭЭР ГАРГАНА

Академич Д.Доржготовоос одоо төвлөрөн хийж байгаа ажлынх нь талаар тодруулахад “Одоогоор би хоёр ажил дээр төвлөрөн ажиллаж байна. Монгол Улсын үндэсний атлас 1990, 2008 онд хэвлэгдсэн байдаг. Үүнийг шинэчлээд англи болон монгол хэл дээр хэвлэхээр ажиллаж байна. Үндэсний атлас нь өнөөгийн Монгол Улсын нийгэм эдийн засаг, соёл, археологи, түүх зэргийг харуулна. Хоёрт, Монгол Улсын хөрсний судалгааны талаар уулархаг нутгийн хөрс, тал хээрийн хөрс, говь нутгийн хөрс гэсэн гурван боть ном бичих гэж байна” гэлээ


ЭРТНИЙ ТУРК ХААНЫ ХӨШӨӨНИЙ БИЧГИЙГ ОРЧУУЛНА

Академич Л.Болдоос судалгааных нь талаар, энэ жил хийх ажлынх нь талаар лавлахад “Би монгол нутагт байгаа турк үндэстний хэл, аялгууг хэл шинжлэлийн үүднээс судалсан.  Энэ онд эртний Турк бичгийн талаар хоёр ном гаргахаар ажиллаж байна. Үүний нэг нь эртний Турк хааны хөшөөний бичгийг орчуулах, хоёрт, Монгол нутагт байгаа турк бичээсийг бүртгэх” гэв.












400 ГАРУЙ БҮТЭЭЛ ТУУРВИЖ, 10-ААД ОРОНД ХЭВЛҮҮЛСЭН

Доктор О.Самбуудорж “Миний хувьд 30 гаруй жилийн хугацаанд 400 гаруй бүтээл туурвиж, 10-аад оронд хэвлүүлсэн. Судалгааны маань онцлог, Монгол судлалыг хөгжүүлэх. Сүүлийн таван жилд ихэнхдээ Монголын утга зохиолыг хэлийг боловсронгуй болгох, нийтийн эх хэлний боловсролыг дээшлүүлэх, соён гэгээрүүлэхэд чиглэж байна. Өнгөрсөн жилийн хувьд Монголын ард түмэнд зориулж зөв бичгийн журамласан толь бичгийг боловсруулж, нийтэд хүртээл болголоо” гэсэн юм.


Бусад мэдээлэл