"1921 оны Ардын хувьсгал -100 жил, түүх ба орчин үе" сэдэвт
эрдэм шинжилгээний хурал өнөөдөр /2021.12.09/
Төрийн ордонд боллоо.
Энэхүү олон улсын эрдэм шинжилгээний хуралд
Монгол, ОХУ, Япон, Энэтхэг улсын эрдэм
шинжилгээ судалгаа, сургалт сурталчилгааны
байгууллагын 30 эрдэмтний илтгэл 2 салбар хуралдаанаар хуралдлаа.
Энэ удаагийн эрдэм шинжилгээний хурлын илтгэлүүд нь тухайн
үеийн бүс нутаг, олон улсын харилцаа, Ардын хувьсгалын түүх, түүхэн
зүтгэлтнүүдийн намтар үйл ажиллагаанаас эхлээд түүх бичлэг, сурвалж судлал
зэрэг өргөн хүрээтэй асуудлыг хамарч байгаа юм. Энэ нь Ардын хувьсгалын түүхийн судалгааны
агуулга, хамрах хүрээ улам бүр өргөжин тэлж байгааг харуулахаас гадна тус хувьсгал нь зөвхөн Монголд төдийгүй, бүс
нутаг, олон улсын түвшинд маш тод ул мөрөө үлдээсэн түүхэн үйл явц болохыг улам
бүр нотлосоор байгаа гэдгийг зохион
байгуулагчид хэлж байна.
"1921 оны Ардын хувьсгал -100 жил, түүх ба орчин үе" сэдэвт
эрдэм шинжилгээний хурлыг нээж ШУА-ийн ерөнхийлөгч
Д.Рэгдэл хэлсэн үгэндээ “Өдгөөгөөс нэгэн зууны
тэртээ Монголын ард түмэн умард хөрш Зөвлөлт Орос улсын тусламжтайгаар гадаадын түрэмгийдэгчдээс эх
орноо чөлөөлөн, тусгаар тогтнолоо сэргээн тунхаглаж, улмаар улс орондоо улс
төр, нийгэм эдийн засгийн гүн гүнзгий өөрчлөлтийг явуулж эхэлсэн билээ. Өөрөөр
хэлбэл, 1921 оны Үндэсний ардчилсан хувьсгал нь Монгол улсын тусгаар тогтнол,
хөгжил дэвшлийн түүхэнд цоо шинэ үеийг нээсэн билээ.
Тийм ч учраас Үндэсний
ардчилсан хувьсгалын түүх нь Монголын түүхийн судалгааны нэг томоохон чиглэл
болон хөгжиж, дотоод, гадаадын судлаачид олон жилийн тэртээгээс энэхүү
хувьсгалын түүхийг нягтлан судалж, бүтээл туурвилаа нийтлүүлсээр ирсэн байна. Хэдий тийм боловч энэхүү хувьсгалын түүхийг
цаашид гүнзгийрүүлэн судлах, үүний тулд шинэ эх сурвалжийг илрүүлэн судалгааны
эргэлтэд оруулах, өнөөг хүртэл нэг мөр болоогүй, маргаантай, ээдрээ төвөгтэй
асуудлыг нягтлан судалж, нэгдсэн ойлголт, дүгнэлтэд хүрэх шаардлага байсаар л
байна. Энэхүү хэрэгцээ шаардлагад үндэслэн бид өнөөдрийн эрдэм шинжилгээний хурлыг
зохион байгуулж байна” хэмээн онцолсон юм.
БШУЯ, Соёлын яам, Их дээд сургуулиудын
консерциум, ШУА,Түүх угсаатны зүйн хүрээлэн, Олон улсын монгол судлалын
холбооноос хамтран зохион байгуулж буй тус хурал нь 1921 оны Ардын хувьсгалын
ойд зориулсан олон цуврал арга хэмжээний
нэг юм.
Энэхүү ойг угтаж ШУА-ийн Түүх, угсаатны
зүйн хүрээлэнгээс судалгааны гол үр дүнгүүдийг хураангуйлан 3 боть номыг
хэвлүүлжээ.
Тус бүр 100 нийт 300 эрдэм шинжилгээний өгүүллийг багтаасан 3 боть
ном нь 1921 оны хувьсгалын түүхийн судалгаа өдгөө ямар түвшинд хүрсэн, цаашдын судалгааны чиглэл, хандлага нь ямар
байх ёстой юм, олон улсын эрдэмтэд ямар нөхцөлөөр хамтарч ажиллах боломжтой вэ? зэрэг асуултад хариулт
болохуйц цогц бүтээл болжээ.
1921 оны Ардын хувьсгалын
түүхыг монгол судлалаар ажилладаг гадаадын эрдэмтэн
судлаач түүний дотор ОХУ, Япон болон уламжлалт монгол судлалын орнуудад онцлон судалж иржээ. Тэд 1990 оноос өмнө
судалж л байсан. Одоо ч үргэжлүүлэн судалж байна. Яагаад гэвэл энэ
үйл явдал өөрөө монголын түүхэнд эзлэх
байр суурьтай. XX зуунд монголчуудын нийгэм,
эдийн засгийн түүхийн үйл явц цоо шинэ агуулгаар өрнөж, өнөөдрийн өндөрлөгт
монголчууд бид хүрсэн тэр түүхэн үйл явцын эхлэлийг тавьсан учраас цар хүрээний
хувьд ч ач холбогдлын хувьд ч онцгой үйл
явдал хэмээн түүхчид дүгнэсэн юм.
Сонирхуулахад 1921 оны Ардын хувьсгалын түүхийн
судалгаа нь үйл явдалтайгаа зэрэг эхэлж байжээ. Тодруулбал 1921 оны хувсгалын
тухай анхын өгүүллийг тухайн үеийн Намын
төв хорооны нарийн бичгийн Дамбадорж гэдэг хүн ”Толбо нуур” нэртэй өгүүллийг
бичиж хэвлүүлж байжээ. Тэрнээс хойш
өдгөө 2021 он хүртэлх 100 жилийн хугацаанд ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэн Монголын түүхийн судалгаанд 1921 оны хувьсгал
түүх хэрхэн судлагдаж явж ирсэн хөгжил, хувьсгал өөрчлөлтийг харуулсан олон ном
бүтээл гарсан байдаг. Тус түүхтэй холбоотой одоогоор 2800 гаруй ном байна гэсэн
тоо гарсан байна.