Вэбсайтын цэс
Хэлний сонголт
ХИМИЙН БОДИСЫН ЭРҮҮЛ МЭНД, БАЙГАЛЬ ОРЧИНД ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨ НЬ ШИНЖ ЧАНАРААС НЬ ХАМААРЧ ӨӨР ӨӨР БАЙДАГ
ХИМИЙН БОДИСЫН  ЭРҮҮЛ МЭНД, БАЙГАЛЬ ОРЧИНД ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨ НЬ ШИНЖ ЧАНАРААС НЬ ХАМААРЧ  ӨӨР ӨӨР БАЙДАГ

Улаанбаатар хот төдийгүй Монгол Улсын хэмжээнд химийн аюултай хог хаягдал томоохон асуудал болоод удаж буй. Тиймээс НҮБ Хөгжлийн хөтөлбөр "Байгаль орчны засаглал" төслийнхөө хүрээнд “Уул уурхайн үйл ажиллагаан дахь химийн хорт болон аюултай бодис, хог хаягдлын менежмент ба нөхөн сэргээлтийн асуудал” сэдэвт сургалт зохион байгуулсан байна.  ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн захирал, доктор Л.Жаргалсайхантай химийн аюултай хог хаягдлын талаар  ярилцсан юм.

 

- Химийн бодис хүний биед ямар сөрөг нөлөө үзүүлдэг вэ. Мөн химийн хог хаягдал гэх нэр томьёонд ямар хог хаягдал багтдаг вэ? Эндээс яриагаа эхэлье.

-Химийн хог хаягдал гэдэг бол аюултай хог хаягдлын нэг хэсэг.

Тийм учраас аюултай хог хаягдлын талаар ерөнхий ойлголт хамгийн чухал.

Аюултай хог хаягдал идэмхий, шатамхай, хортой гэх мэт аюултай шинж чанартай байдаг, үүний тулд аюултай бүрэлдэхүүнийг босго түвшингээс ихээр агуулдаг.

Өөрөөр хэлбэл халдвартай, цацраг идэвхтэй хог хаягдлаас бусад аюултай хог хаягдал нь хортой химийн бодис, элементийг агуулдаг гэж хэлж болно. 

Химийн болдисын хог хаягдалд хугацаа нь дууссан, чанар байдал нь алдагдсан гэх мэт ашиглах боломжгүй болсон химийн бодисын хог хаягдал орохоос гадна химийн бодисын сав, баглаа боодол, химийн бодисоор бохирдсон хаягдлууд орно.  

Мөн уул уурхайн олборлолт, боловсруулалтаас химийн бодисоор бохирдсон хог хаягдлууд үүсдэг.

Жишээ нь, уул уурхайн олборлолтоос  хүчиллэг шинж чанартай, төмөр, зэс, хүнцэл гэх мэт байгаль дээр орших металлуудыг уусгасан хүчиллэг урсац гэдэг шингэн хаягдал үүснэ.

Энэ нь уурхайн шүүрлийн ус, хаасан уурхайн хаягдлын цөөрөмд илэрдэг. Өөр нэг хаягдал бол боловсруулах үйлдвэрээс үүсдэг хатуу хаягдал.

Энэ нь хүдрийн найрлага бүтцээс хамаарч янз бүрийн химийн элемент агуулсан байдаг.

Тэрхүү агуулагдаж байгаа хортой элементийн агуулга зөвшөөрөгдөх хэмжээнээс их бол бас аюултай хог хаягдалд орно. 

Харин химийн бодисын хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх нөлөө нь тухайн бодисынхоо шинж чанараас хамаарч өөр өөр байдаг.

Тухайлбал, нэг бодис хортой, хавдар үүсгэдэг, генд нөлөөлдөг, арьс салстыг түлдэг гэх мэт олон нөлөөллийг зэрэг үзүүлж болно.

Нэг төрлийн химийн бодис нэг л нөлөө үзүүлнэ гэж ойлгож болохгүй.

Химийн бодис нэг бүрийн бүрийн шинж чанар, ангилал зэргийг мэдэж байж хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллөөс нь сэргийлж чадна.

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс хэрэгжүүлж буй төслийн хүрээнд зохион байгуулагдсан, мэргэжлийн хяналтын байцаагч нарт зориулсан “Уул уурхайн үйл ажиллагаа дахь химийн хорт, аюултай бодисын хог хаягдлын менежмент, нөхөн сэргээлтийн асуудал” сургалтын зорилго нь химийн бодис, аюултай хог хаягдлын талаар системтэй, зөв ойлголт өгөхөд чиглэсэн.  

- Химийн хог хаягдал гэдэг бол аюултай хог хаягдлын нэг хэсэг гэлээ. Тэгвэл аюултай хог хаягдлыг хадгалах, тээвэрлэх, устгах хууль, эрх зүйн орчин нь манай улсад хэрхэн бүрдсэн байдаг юм бэ?

- Манай улсад Хог хаягдлын тухай хууль анх 2000 онд батлагдсан ч аюултай хог хаягдалтай холбоотой үйл ажиллагааг зохицуулах зохицуулалт нь хангалтгүй байсан.

Харин сүүлд 2017 онд уг хуулийг шинэчилж батлахдаа аюултай хог хаягдалтай холбоотой үйл ажиллагааг зохицуулах бүтэн бүлэг оруулж өгсөн.

Хуулийг дагаж аюултай хог хаягдлын жагсаалт, аюултай хог хаягдалтай холбоотой үйл ажиллагааг зохицуулах, зөвшөөрөл олгох журмууд хүртэл батлагдсан.

Өөрөөр хэлбэл, Аюултай хог хаягдлыг зохицуулах олон улсын жишигт нийцсэн хууль, эрх зүйн орчин манай улсад сайн бүрдсэн гэж хэлж болно.

Харамсалтай нь мянган сайхан хууль, эрх зүйн орчин байгаад хэрэгжүүлэх нөхцөл бүрдэхгүй бол ямар ч ахиц гарахгүй. Зүгээр л цаас болно гэсэн үг.

-Та дахин боловсруулах, устгах үйлдвэр одоо хүртэл манай улсад байхгүй байгааг хэлж байна уу?

Тийм. Манай улсад одоог хүртэл аюултай хог хаягдлыг байгаль орчинд ээлтэй аргаар устгадаг байгууламж алга. Энэ бол хамгийн том тулгамдсан асуудал.

Өөрөөр хэлбэл, Аюултай хог хаягдлын зориулалтын ландфилл буюу хог хаягдлыг байгаль орчинд сөрөг нөлөөгүйгээр булшилж устгах байгууламж зайлшгүй шаардлагатай.

Ландфиллд  устгах боломжгүй  хог хаягдлыг шатааж устгах зориулалтын байгууламж бас хэрэгтэй. Дахин боловсруулах боломжтой хог хаягдлыг нь боловсруулдаг үйлдвэрүүд бий болоход дэмжлэг үзүүлэх зайлшгүй шаардлагатай.  

Эцсийн устгал хийдэг эсвэл дахин боловсруулдаг газрууд бий болвол аюултай хог хаягдлыг бусад хог хаягдлаас тусад нь цуглуулах, тээвэрлэх, устгах менежментийн систем бий болох боломжтой болно.

Эцсийн устгал нь шийдэгдэхгүй бол аюултай хог хаягдлыг ангилж ялгаад ямар ч нэмэргүй.

Тийм учраас одоо аюултай, аюулгүй бүх хаягдал цуг хаягдаж байна. Шингэн хаягдал нь бохирын шугам руу ороод Туул гол руу нийлж байна гэж хэлж болно.

-Химийн аюултай хог хаягдал ямар салбараас илүү гардаг бол ?

-Аюултай хог хаягдлын олон эх үүсвэр бий.

Тухайлбал, Уул уурхай, арьс шир, ноос ноолуурын үйлдвэр, цахилгаан станцаас эхлээд хими цэвэрлэгээ, фото зургийн газар гэх мэт үйлдвэр, үйлчилгээнээс байнга аюултай хог хаягдал гарч байна.

Арьс шир, ноос, ноолуур, мах, сүүний гээд бараг бүх үйлдвэр олон төрлийн химийн бодис, будаг, ариутгалын бодис ашигладаг. 

Технологийн дамжлагаас нь ч олон төрлийн хаягдал үүсдэг. Бид гэр орондоо ч аюултай хог хаягдал үүсгэдэг гэдгээ бас мэддэггүй.

Өдрийн гэрэл, батарей, будаг, уусгагч, угаалга цэвэрлэгээний бодисын хаягдал гээд олон хаягдлыг нэрлэж болно.

Улаанбаатар хотод 2014 онд хийсэн судалгаагаар зөвхөн устгах шаардлагатай 121 тонн хатуу химийн бодис, 126 мянган литр шингэн химийн бодис хадгалагдаж байна гэж тогтоогдсон.

Үүний 15 хувь нь зориулалтын бус агуулахад, 55 хувь нь ажлын байранд, 25 хувь нь ил задгай хадгалагдаж байсан.

Энэ тооллогын дараа ОБЕГ-ын харьяанд зориулалтын агуулах баригдсанаар Улаанбаатар хотын ЕБС-иуд дээр хадгалагдаж байсан бодисуудыг цуглуулж авсан.

Хөдөө, орон нутагт одоог хүртэл сургууль дээрээ хадгалагдаж байгаа.

-Цахилгаан хог хаягдлыг дэлхий нийтээр “E” хог хаягдал гэж нэрлэдэг. Цахилгаан хэрэгсэлд химийн хортой нэгдэл агуулагддаг бол химийн аюултай хог хаягдалд тооцогдох байх. Тийм үү ?

- Аюултай хог хаягдалд зөвхөн химийн, хог хаягдал орно гэж ойлгож болохгүй.

Учир нь цахим, цахилгаан хэрэгсэлд хүртэл химийн хортой нэгдэл агуулагддаг.

Хэдийгээр хэрэглэж байх үед аюултай хортой биш боловч, хэрэглээнээс гарч хогийн цэгт очиход эвдэрч хэмхрэн битүүмжлэл нь алдагдаж, дотор нь байгаа химийн бодисууд ялгарах, исэлдэх, хур борооны усанд уусах гэх мэтээр орчиндоо тархан, бохирдол үүсгэнэ.

Ийм учраас л аюултай хог хаягдлын тоонд орж байгаа хэрэг.

-Тэгвэл манай улс жилд хэр хэмжээний аюултай хог хаягдал үүсгэдэг бол. Энэ талаар ямар нэг судалгаа бий юу?

- 2000 оны эхээр хийсэн ЖАЙКА байгууллагын судалгаагаар Улаанбаатар хотоос жилд 10 тонн орчим аюултай хог хаягдал үүсэж байна гэж тогтоосон байдаг.

Мөн 2008 онд Унгарын компани  Аюултай хог хаягдлын төвлөрсөн байгууламжийн ТЭЗҮ боловсруулсан. Тэд Улаанбаатар хотод амьдарч буй нэг хүн жилд ойролцоогоор 20-30 кг аюултай хог хаягдал үүсгэж байна гэж тогтоосон.

Үүнийг одоо байгаа 1.3 сая хүндээ тооцож үзвэл нийслэлд хотоос 26-39 мянган тонн аюултай  хог хаягдал гардаг гэсэн үг.

Жилд тийм их аюултай хог хаягдлыг бид үүсгээд зүгээр л хөрсөндөө энгийн хог хаягдалтайгаа хамт хаяж байгаагаа, Туул гол руугаа хийж байгаагаа мэддэггүй.

Ялангуяа шийдвэр гаргагчид ойлгодоггүй. Зориулалтын байгууламж байгуулъя гэхээр газар ч олддоггүй.

Энгийн хог хаягдлын ландфилл гэхэд л Монгол Улс даяар Нарангийн энгэрээс өөр байхгүй.

-Шийдвэр гаргагчдын аюултай хог хаягдлын талаар мэдлэг дутмаг байна гэж ойлгох уу?

-Шийдвэр гаргагчид гэлтгүй бүх түвшинд аюултай хог хаягдлын мэдлэг дутмаг.

Шийдвэр гаргагчид эрх барьж байх хугацаандаа ийм байгууламж байгуулчихвал ард түмэн эсэргүүцнэ, дахин сонгогдохгүй гээд айдаг.

Ард иргэд нь ч аюултай хог хаягдлыг дахин боловсруулах, устгах үйлдвэрийг байгуулахыг дэмжих байтал тэгдэггүй.

Нэг л жишээ дурдая. Хэдэн жилийн өмнө Багахангайд лабораторийн шинжилгээ хийхэд ашигласан бохирдолтой шаазан аягануудыг савлаж,  ангарт хадгалсан.

Иргэд ямар их эсэргүүцэж, УИХ-ын хэчнээн гишүүн тэнд очиж шоу хийв?

Ийм хог хаягдлыг ил задгай хаяж байвал огт санаа зовдоггүй мөртлөө, савлаад, гадны нөлөөлөөд өртөхгүй газарт аюулгүй хадгалахаар эсэргүүцээд байдаг.

- Аюултай хог хаягдал энэ чигээрээ газрын хөрс дээр ил задгай удаан байхнь цаашид ямар эрсдлийг бий болгох вэ?

- АНУ-ын Монтана муж улсын Хелена хотод би очиж байсан.

1960-аад онд хогийн цэг байсан газар нь одоо зүлэг ногоо ургасан, гаднаас нь хараад хогийн цэг байсан гэж хэлэхээргүй болсон байсан.

Гэвч хог хаягдлаас үүссэн шүүрлээр газрын доорх ус нь бохирдож, жил ирэх тутам бохирдлын тархалт нэмэгдэж байгаа, одоогоор үүнийг цэвэрлэх технологи, хөрөнгө мөнгө байхгүй болохоор тархалтыг нь хянадаг гэж ярьж байсан.

Ийм аюул манай хогийн цэгүүдэд үүсэх магадлал маш их гэж боддог.

Хотын ч, аймгийн ч, сумын ч хогийн цэг бүгдээрээ зүгээр л эрүүл хөрсөн дээр хог асгадаг, сайндаа л хөрсөөр хучдаг.

Ийм цэгүүд дээр  хог нь өдөр бүр шатаад, мал нь хогийг нь идээд, малынхаа мах, сүүг хүн идэж, уугаад байж байдаг.

- Цаашид яах хэрэгтэй гэж бодож байна?

- Дээр дурдсанчлан аюултай хог хаягдлыг устгах, боловсруулах зориулалтын байгууламжийг л яаралтай байгуулах хэрэгтэй.

Хог хаягдлаа шатааж, эрчим хүч үйлдвэрлэдэг олон орны жишээ бий. Тэр технологийг нэвтрүүлэх хэрэгтэй.

Мөн шатаах боломжгүй хог хаягдлын зориулалтын ландфилл байгуулах хэрэгтэй.

Хог хаягдлыг дахин боловсруулах үйл ажиллагааг бодлогоор дэмжих, татвар хураамжаас чөлөөлөх, хөнгөлөх зайлшгүй шаардлагатай.


Бусад мэдээлэл