Монгол Улсын ШУА-аас санаачлан “Эрдмийн аян” хөтөлбөрийг нийслэлийн боловсролын газартай хамтын ажиллагааны хүрээнд гурав дахь жилдээ хэрэгжүүлж байна. “Эрдмийн аян-2017” хөтөлбөр нь хүүхэд багачуудыг бага наснаас нь номтой нөхөрлүүлж, хүмүүжүүлэх зорилготой юм.
Энэхүү аянд юуны өмнө мэдээллээс алс хол, хотын захын дүүрэгт оршин суудаг, хүүхэд багачуудыг хамруулах зорилт тавьж, Орбит дахь 123 дугаар сургууль, Био-комбинат дахь 10 дугаар сургууль,Сонсголон дахь 19 дүгээр сургууль болон Биеийн тамир,спортын дунд сургуулийн нийт 100 гаруй сурагчдыг хамрууллаа.
Эрдмийн аяны хүрээнд ШУА-иас эрхлэн гаргадаг “Шинжлэх ухаан танин мэдэхүйн цуврал” 22 ширхэг ном болон “Шинжлэх ухаан, амьдрал” цуврал сэтгүүлийн сүүлийн 5 жилийн дугаарыг Эрдэм шинжилгээ, төлөвлөлтийн хэлтсийн дарга, доктор С.Баяннасан уг сургуулиудын номын санд бэлэглэв.
Аянд оролцсон хүүхэд багачууд ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн “Сансар од, эрхэсийн ордон”, Палеонтологи, геологийн хүрээлэнгийн “Үлэг гүрвэлийн музей”-г үзэж сонирхлоо.
Аялалд шинжлэх ухааныг танин мэдэх эрдмийн аянд оролцсон сурагчид “Сансар, од эрхэсийн ордон”, Үлэг гүрвэлийн музей”-д зочилсон сэтгэгдлээ хуваалцаж, талархаж буйгаа илэрхийлсэн юм.