ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл өнөөдөр /2022.04.25/ Буриад
улсын Засгийн газрын нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч дарга Цыбикжапов
Вячеслав Балданович, БШУ-ны сайдын нэгдүгээр орлогч Сандакова Наталья Юрьевна тэргүүтэй Буриадын их, дээд сургуулиудын
ректоруудыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын зорилго нь ШУА болон тус улсын их, дээд
сургуулиуд хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, судалгаа шинжилгээний төсөл хэрэгжүүлэх болон мэргэжлийн боловсон
хүчин бэлдэх явдал юм.
Буриадын их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагууд
хамтран “Байгал” шинжлэх ухаан, боловсролын төвийг Байгал нуурын эрэг дээр
байгуулжээ. Тус төв нь хоёр орны хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, хамтарсан
төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, туршлага судлах таатай орчин нөхцөлийг бүрдүүлж байгаа юм. Байгаль
нуурын судалгаанд хоёр улсын хамтарсан төслүүд чухал ач холбогдолтой гэдгийг
талууд онцлов.
Буриадын Их дээд сургуулиуд ШУА-тай зөвхөн эрдэм
шинжилгээний салбарт гэлтгүй боловсролын салбарт ч мөн хамтран ажиллахыг сонирхолтой
байгаагаа илэрхийлэв.
ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл хэлэхдээ “Буриад улсын
тэргүүн Цыденов Алексей Самбуевич Монголоос суралцаж буй оюутны тоог 100-д хүргэхийг
эрмэлзэж байгаагаа илэрхийлсэн байдаг. Монгол улсаас жилд 550-600 оюутан ОХУ-ын Ерөнхийлөгчийн тэтгэлэгээр тус улсад суралцахаар явдаг ч тэдгээрээс Буриадад
суралцдаг нь тун бага. Монголоос тус улсад суралцахгүй байгаа нь залуус орос
хэлний мэдлэг бага байгаа, мөн оюутны
тэтгэлэг байхгүйтэй холбоотой”
гэв.
Уулзалтын төгсгөлд Дорнод сибирийн Технологи, удирдлагын
улсын их сургуультай ШУА-тай хамтран ажиллах хэлэлцээр байгууллаа.