Вэбсайтын цэс
Хэлний сонголт
УХААЛАГ ХОТЫН АСУУДЛААР ОЛОН УЛСЫН ЭРДЭМТЭД ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА
УХААЛАГ ХОТЫН АСУУДЛААР ОЛОН УЛСЫН ЭРДЭМТЭД ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА

Монгол Улсын ШУА, ЗТХЯ,НЗДТГ, ХБНГУ-ын Олденбургийн их сургууль, ХБНГУ-ын Сансар судлалын төв зэрэг Монгол Германы 20 гаруй байгууллагууд хамтран зохион байгуулж буй “Ухаалаг хотууд тогтвортой хийгээд хөдөлгөөнт байдал” олон улсын хурал өнөөдөр “Пума” зочид буудалд эхэллээ.

Хурлаар “Ухаалаг хотууд тогтвортой хийгээд хөдөлгөөнт байдал” /SuMoCoS/ төслийн хүрээнд   өнөөг хүртэл хийсэн ухаалаг хотуудын судалгааг танилцуулж Улаанбаатар хотод ямар ажил хийвэл зохих вэ гэдгийг эрдэмтэн судлаачид хэлэлцэж байгаа юм.

Тодруулбал, “Ухаалаг хотууд: тогтвортой хийгээд хөдөлгөөнт байдал”  хурлыг ХБНГУ, Узбекстан, Монгол Улсын оролцогч талууд хамтран ХБНГУ-ийн Холбооны Боловсрол, Судалгааны Яам (BMBF)-ны явуулын хурлын грант төслийн (Travelling Conferences grant) санхүүжилтээр  зохион байгуулж байгаа юм. Энэхүү төслийн зорилго нь Төв Ази дахь ухаалаг хот төслүүдийн онол, практикийн тулгамдсан асуудлуудын тухай ойлголтуудыг улам гүнзгийрүүлэх, оролцогч талуудын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд оршиж байгаа аж.

Энэ тухай зохион байгуулагчид ярихдаа "Хүрээлэх орчныг хамгаалах, тээвэр, хөдөлгөөнийг зохицуулах хяналтын ажиллагаа нь агаарын бохирдлыг бууруулах, урьдчилан сэргийлэх шинэ шийдлүүдэд хүргэх боломжтой. Олденбург (ХБНГУ) шиг авто машины хөдөлгөөний хориг ихтэй, Улаанбаатар шиг бохирдол өндөртэй хотуудын хувьд утааг бууруулах үр дүнтэй арга нэн даруй хэрэгтэй байна. Бусад оролцогч хотууд дээрхтэй адил асуудлыг тулгарахаас нь өмнө бидний үр дүнг шууд ашиглаж болно. Эдгээрийг үндэслэн SuCoMoS төсөл нь олон улсын судлаачдын хамтын ажиллагааг бэхжүүлэх замаар Ухаалаг хот хандлагад суурилан тогтвортой шийдлүүдийг хөгжүүлэхэд шинжлэх ухаанд тулгуурласан, бодлогын чанартай хувь нэмэр оруулахыг зорилгоо болгож байгаа" хэмээн онцоллоо. 

Хурлын үеэр ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл:  “Монгол Улс ухаалаг тогтолцоонд хурдацтай шилжиж байна гэж мэргэжлийн улсууд хэлж байгаа. Ухаалаг карт, утас гэх мэт том орон зайд ухаалаг хэрэглээ бий болж байна. Өөрөөр хэлбэл хүний эсвэл байгууллагын хийх ёстой зүйлийг юмс, программын тусламжтай  хийж байнаАж үйлдвэрийн 4 дүгээр хувьсгалын үр дүнд бий болох олон зүйлийн томоохон хэсэг нь ухаалаг хотыг бий болгох явдал юм.  Аж үйлдвэрийн хувьсгалын 23 технологиос хамгийн өргөн хэрэгжиж байгаа нь ухаалаг хотыг бий болгох асуудал. Ухаалаг хотыг бий болгоход ухаалаг хотын концепц,  үзэл санааг боловсруулсан Германы алдартай эрдэмтэн профессорууд манай улсад ирж,  Азийн зарим оронд ухаалаг хотыг бий болгох асуудлаар хамтарч хурал зохион байгуулж байгаа нь манай нийслэл хотынхон, ухаалаг хотыг судалдаг эрдэмтэн судлаачдад дэмжлэг болно. Яагаад гэвэл бид хотын түвшинд ухаалаг хот байгуулах асуудлыг дөнгөж ярьж эхэлж байна. Тэгвэл өндөр хөгжилтэй орнуудад хотын гудамжаар жолоочгүй машин, жолоочгүй нисдэг онгоц явж байна. Мөн далайн тээврийг жолоочгүй болгох гэж байна. Мөн энергийн хэрэглээ багатай автобус, төмөр зам бий болгох гэхчлэн ухаалаг үйлчилгээг хэрхэн хийж байна, дэлхийн тэргүүлэх орон аль түвшинд байна, монголчууд юунд анхаарах талаар энэхүү хурлаар хэлэлцэнэ” гэв.

“Ухаалаг хотын зорилт нь иргэдийнхээ ая тухтай байдлыг яаж хангах вэ гэдэгт байдаг.  Зорилго нь хүрээлэн буй орчин, агаарын бохирдол зэрэг асуудлыг орчин үеийн технологийн шийдлийг ашиглаж шийдэх, хотын иргэдийн тав тухтай байдлыг хангах юм. Ухаалаг хотод тавигдах шалгуур үзүүлэлт бий. Тухайлбал, тухайн хотын дэд бүтцүүд хоорондоо уялдаа холбоотой, сүлжээтэй байх ёстой. Энэ сүлжээ нь ямар ч иргэнд нээлттэй байх хэрэгтэй” гэж Герман улсаас оролцогч Кристиан Рамиг хэллээ.Тус хурал дөрвөн өдөр үргэлжилнэ











































Бусад мэдээлэл