Орон нутгийн хүн амын хөгжил, нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд бодлогын дэмжлэг үзүүлэх чиглэлээр хамтран ажиллана
Говь-Алтай аймагт зохион байгуулагдаж буй "ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИ, ИННОВАЦИЙГ ОРОН НУТАГТ НУТАГШУУЛЬЯ” аяны хүрээнд ШУА-ийн удирдлагууд орон нутагт ажиллаж, аймгийн Засаг даргын тамгын газартай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
Санамж бичгийг Говь-Алтай аймгийн засаг дарга О.Амгаланбаатар, Шинжлэх ухааны Академийн ерөнхийлөгч Д.Рэгдэл нар үзэглэлээ. Энэхүү санамж бичгийн зорилго нь орон нутгийн байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, зүй зохистой ашиглах; ховор, ашигт амьтан ургамлын тархац нөөцийг тогтоох; цөлжилт, бэлчээрийн талхагдал; түүх соёлын дурсгалт газрыг хамгаалах, ашиглах, аймгийн мал аж ахуй, газар тариалан, эрүүл мэнд, боловсрол, хүн амын хөгжил, нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд бодлогын дэмжлэг үзүүлэх ажлын хүрээнд хоёр талын хамтран ажиллах зарчим, үйл ажиллагааг зохицуулахад оршиж байгаа юм. Талууд хамтын ажиллагааны хүрээнд дараах чиглэлээр хамтран ажиллана. Үүнд:
• Талууд хамтран судалгааны ажлын үр дүнд үндэслэн орон нутгийн хөгжлийн дунд, богино хугацааны стратеги, төлөвлөгөө гаргах;
• Аймгаас санаачилсан судалгаа, хөгжүүлэлтийн ажил, төсөл, хөтөлбөрийг аймаг, орон нутагт хэрэгжүүлэхэд талуудын оролцоог хангаж, бодлогын дэмжлэг үзүүлэх;
• Газар тариалангийн салбарын хөгжлийг эрчимжүүлэх, “Газар тариалан, жимс, жимсгэнэ” төслийг хэрэгжүүлэхэд мэргэжлийн зөвлөх үйлчилгээ, дэмжлэг үзүүлэх;
• Мал аж ахуйн түүхий эд бүтээгдэхүүнийг боловсруулан экспортод чиглэсэн үйлдвэр, техникийн парк байгуулахад шинжлэх ухааны онол практик, сүүлийн үеийн техник технологийн талаар зөвлөмж өгөх, зөвлөх үйлчилгээ үзүүлэх
• Ашигт малтмалын нөөцийг ашиглан орон нутгийн иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, орон нутгийг хөгжүүлэх арга замыг нээх, хэрэгжүүлэх
• Орон нутгийн бизнес эрхлэгчид болон ШУА-ийн хүрээлэнгүүдийн хамтын түншлэлээр сумдад тодорхой бичил төсөл хэрэгжүүлэх;
• Суурь шинжлэх ухааны чиглэлээр “Авьяаслаг судлаачид”-ыг бага наснаас нь бэлтгэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор ерөнхий боловсролын сургуулийн багш, сурагчдад зориулсан танин мэдэхүй, шинжлэх ухааны мэдлэг түгээх, соён гэгээрүүлэх хөтөлбөр, чадавхжуулах сургалт, арга хэмжээг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх;
• Усны нөөц эх үүсвэрүүдийг хамгаалах, ундны усны чанар, хүртээмж, аюулгүй байдлыг хангах, иргэдийн эрүүл мэндийг хамгаалах зорилгоор Говь-Алтай аймгийн нийт сумдын ундны усны чанарын судалгаа, мониторинг хийхэд дэмжлэг үзүүлэх;
• “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийн хүрээнд ургамлыг нөхөн сэргээх, цөлжилтийн бууруулахын тулд ялангуяа говь, элсэн цөлийн ургамлуудыг хамгаалах системтэй ажил зохион байгуулах, элсний нүүдэл тогтоодог үетэн, сөөг, хагас сөөг ургамлыг тарих, үржүүлэх тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг өргөжүүлэхэд дэмжлэг үзүүлэх;
• Аймгийн Засаг даргын дэргэдэх Шинжлэх ухаан технологийн зөвлөл, Эрдэмтдийн зөвлөл мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх;
• Хамтын ажиллагаанд хамаарал бүхий ажлаар аль нэг талын зохион байгуулж байгаа үйл ажиллагаанд талуудын төлөөллийг оролцуулах;
• Хамтын үйл ажиллагаатай холбогдох мэдээллийг талууд өөрсдийн цахим хуудсанд байршуулах, тогтмол шинэчлэх, харилцан солилцох туршлагыг нэвтрүүлэх;
• Математик, тоон технологи хүрээлэн Говь-Алтай аймгийн төсвийн оновчтой зарцуулалт, хөрөнгө оруулалтын эдийн засгийн үр өгөөжийг тооцож, дүн шинжилгээ хийх, хөрөнгө оруулалтыг оновчтой болгох зөвлөмж боловсруулах;
• Түүх, Угсаатны зүйн хүрээлэн угсаатны зүй, соёлын биет бус өв,
• Археологийн хамтарсан судалгааг хийх, хэрэгжүүлэх:
• Одон орон геофизик, сансар судлалын салбар төвийг Говь-Алтай аймагт байгуулах асуудлыг судалж, шийдвэрлэх:
Бусад мэдээлэл