ШУА-ийн тэргүүлэгчдийн ээлжит хурал өнөөдөр /2021,06,14/
боллоо. Тус хурлаар ШУА-ийн ээлжит их
чуулганы тов тогтоох, ШУА-ийн дээд шагнал “Хубилай хаан” медальд нэр дэвшсэн
эрдэмтдийн асуудлыг хэлэлцлээ.
ШУА-иас Монгол улсад шинжлэх ухааны академи байгуулагдсны 60 жилийн ойг тэмдэглэх ажлын хүрээнд өнгөрсөн 5-р сарын 16-нд
/БНМАУ-ын Ардын Их
Хурлын Тэргүүлэгчдийн Зарлиг 1961 оны 5 дугаар сарын 16-ны өдөр гарч БНМАУ-ын Шинжлэх
Ухааны Академийг байгуулсан байна/ “Хүндэтгэлийн их
чуулган”-аа хуралдуулахаар төлөвлөж байсан ч “Ковид-19” цар тахалтай
холбогдуулан хойшлогдоод байсан юм. Улмаар энэ сарын 24-нд Хүндэтгэлийн их
чуулганаа хуралдуулах санал оруулсан боловч Тэргүүлэгчдийн хурлаас мөн л өнөөгийн
цар тахлын байдлыг харгалзан хугацааг хойшлуулж 2021 оны гуравдугаар улиралд
багтаан Хүндэтгэлийн их чуулганаа хуралдуулах шийдвэр гаргалаа.
ШУА
байгуулагдсны 60 жилийн ойн хүрээнд ШУА-ийн дээд шагнал “Хубилай хаан” медалиар
шагнуулахаар харьяа хүрээлэнгүүдээс эрдэмтэн судлаачдынхаа нэрсийг дэвшүүлжээ. Тус шагналд нэр дэвшигчдээс энэ удаа гадаадын нэг, дотоодын 4 эрдэмтний нэрийг тэргүүлэгч гишүүд дэмжлээ.
Тодруулбал, академич Д.Баатар, сансрын
нисгэгч, доктор Ж.Гүррагчаа, ХХТХ-ийн
захирал, доктор Л.Жаргалсайхан, Археологийн
хүрээлэнгийн салбарын эрхлэгч, доктор Б.Цогтбаатар,
ОХУ-ын Дубнайн цөмийн шинжилгээний институтын профессор И.В.Пузынин нарыг Монгол
улсын шинжлэх ухаан, технологийн хөгжилд оруулсан хувь нэмрийг үнэлж ШУА байгуулагсдны 60 жилийн ойг тохиолдуулан
ШУА-ийн дээд шагнал “Хубилай хаан” медалиар шагнахаар шийдвэрлэлээ.