Вэбсайтын цэс
Хэлний сонголт
НЭРТ УГСААТНЫ ЗҮЙЧ С.БАДАМХАТАНЫ ХӨШӨӨНИЙ НЭЭЛТ БОЛЛОО
НЭРТ УГСААТНЫ ЗҮЙЧ С.БАДАМХАТАНЫ ХӨШӨӨНИЙ НЭЭЛТ БОЛЛОО

Монголын ууган угсаатны зүйч, нэрт эрдэмтэн С.Бадамхатаны мэндэлсний 80 жилийн ойд зориулсан дурсгалын хөшөөний нээлт түүний өвөг дээдсийн өлгий нутаг Төв Аймгийн Эрдэнэ сум /хуучнаар Түшээт хан аймгийн Дархан Чин вангийн хошуу/-нд 7 дугаар сарын 10-ны өдөр боллоо.

 Энэхүү арга хэмжээ нь Төв аймгийн Эрдэнэ сумын түүхт 90 жилийн ойн баяртай давхцаж буйгаараа онцлог юм.

Угсаатны зүйч эрдэмтэн С.Бадамхатан 1934 онд Улаанбаатар хотод Төв аймгийн Эрдэнэ сумын харъяат тайж Гэлэгжамцын Сандагсүрэнгийн ууган хөвгүүн болон мэндэлжээ. Тайж Гэлэгжамц нь Эрдэнэ сумын анхны засаг даргын ажлыг 1924-1925 онд хашиж байгаад тайж хэмээгдэн ажлаа өгч байжээ.

Энэхүү өдөр С.Бадамхатангийн өвөг эцэг Эрдэнэ төрийн сайд Жонон ван Ширнэндамдингийн хөшөөний нээлтийн ёслолын ажиллагаа мөн боллоо.

      С.Бадамхатан 1942-1952 онд нийслэлийн 1-р арван жилийн дунд сургуулийг төгсч, 1952-1957 онд Москвагийн их сургуулийг угсаатны зүйч мэргэжлээр төгссөн манай анхны угсаатны зүйн мэргэжилтэн байв. 1967 онд Москвагийн Их сургуулийн аспирантурт суралцан “Хөвсгөлийн дархад ястан” нэгэн сэдэвт бүтээлээр эрдмийн зэрэг хамгаалжээ.

С.Бадамхатан 1957 оноос хойш Шинжлэх ухааны хүрээлэнгийн түүхийн кабинет, ШУА-ийн Түүхийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, эрдэм шинжилгээний ахлах ажилтан, 1972-1977 онд МХЗЭ-ийн Төв хорооны II нарийн бичгийн дарга, 1978 оноос Түүхийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан, Угсаатны зүйн тасгийн эрхлэгч, “Монголчуудын угсаа гарал, угсаа түүх”, Чингис хааны онгоныг эрж хайх Монгол-Японы хамтарсан “Гурван гол” төслийн удирдагч зэрэг ажил хийж шинжлэх ухааны байгууллагад тасралтгүй 46 жил ажиллаж олон арван эрдэм шинжилгээний бүтээл туурвисан нь эдүгээ Монголын угсаатны зүйг судлах үндэс болж байна.

С.Бадамхатан Монгол улсад орчин цагийн угсаатан судлалыг үүсгэн хөгжүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэж олон арван шавь эрдэмтдийг төрүүлсний дээр Монголын олон ястныг угсаатны зүйн аргаар судлах ажлыг санаачлан эхлүүлж Монгол улсын угсаатны зүйн 3 боть суурь бүтээлийг бүтээн хэвлүүлсэн нь эдүгээ Монголын угсаатны зүйн сонгодог суурь судалгааны өв болсон билээ.

Нэрт эрдэмтний хөшөөний нээлтэд ШУА-ийн Түүхийн хүрээлэнд хамт ажиллаж байсан эрдмийн анд нөхөд Д.Цэвээндорж, Г.Цэрэнханд, А.Очир, С.Цолмон, Ц.Аюуш, Ч.Дашдаваа, Ц.Ишдорж, Т.Мөнхцэцэг нарын эрдэмтэд хүрэлцэн ирж хүндэтгэл үзүүлсэн юм.



Бусад мэдээлэл