Их эрдэмтэн, соён гэгээрүүлэгч Онходын Жамъяны мэндэлсний 150 жилийн ойд зориулан “Онходын Жамъян: Монгол хэл бичгийн ухаан”, ”Их эрдэмтэн Онходын Жамъян” бүтээлүүд хэвлэгдэн гарч өнөөөдөр ШУА дээр шинэ бүтээлийн нээлт боллоо.
Тус номын зохиогчоор Шинжлэх ухааны Академийн монгол хэл, бичгийн эрдэмтэн, доктор Э.Пүрэвжав ажилласан бол редактораар ШУА-ийн Ерөнхийлөгч, академич Б.Энхтүвшин, академич Д.Төмөртогоо нар тус тус ажилласан байна.
Номын нээлтэд ШУА-ийн Ерөнхийлөгч, академич Б.Энхтүвшин, академич Т.Төмөртогоо, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн захирал, академич Л.Болд, академич Ш.Бира зэрэг монголын хэл бичгийн нэрт эрдэмтэн, судлаачид оролцлоо.
“Онходын Жамъян: Монгол хэл бичгийн ухаан” номын хувьд их эрдэмтний амьд ахуй цагтаа хэвлүүлсэн 10 бүтээлийг анх удаа нэгтгэн нэгэн боть болгосон аж. Өнөөдрийг хүртэл Онходын Жамъяны бүтээлүүдийг зангидсан бүтээл гарч байгаагүй бөгөөд тус бүтээл нь монгол хэл, бичгийг зааж сургахад бас нэгэн судалгааны шинэ хэрэглэгдэхүүн болж буйгаараа ихээхэн ач холбогдолтой юм. Харин ”Их эрдэмтэн Онходын Жамъян” бүтээлийн тухайд орчин үеийн монголын шинжлэх ухааны ууган байгууллагыг анх үүсгэн байгуулж, хөгжүүлэн дэлгэрүүлэх, үндэсний утга соёлын өв уламжлалыг хайрлан хамгаалах, түүхийн дурсгалт зүйлийг судлан, хойч залуу үеийг сурган хүмүүжүүлэх, монгол хэл бичиг судлалын бүтээл бичиж туурвих ариун үйлсэд бие лагшин сэтгэл зүрх, билиг авъяасаа бүрэн зориулсан агуу их соён гэгээрүүлэгч, их бичгийн хүмүүн, агуу эрдэмтэн Онход овогт Сангажавын Жамъян гүнтний амьдрал, үйл ажиллагааны үүх түүхийн тухай өгүүлсэн судалгааны ганц сэдэвт бүтээл аж. Тус бүтээлүүдийг ШУА-ийн грант төслөөс санхүүжүүлсэн байна.