МУИС-ийн Эрдмийн зөвлөлийн 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 09 тоот тогтоолоор Монгол Улсын Шинжлэх Ухааны Гавъяат Зүтгэлтэн, Шинжлэх ухааны академийн дэд ерөнхийлөгч, академич Түвдийн Доржид “МУИС-ийн анхны Эмерит профессор” цол олгох ёслол боллоо.
Энэхүү хүндэтгэлийн ёслолд УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей, УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт, Монголын Менежментийн холбооны ерөнхийлөгч, доктор профессор Ц.Цэрэндорж, МУИС-ийн Эрдэм шинжилгээ, инновацийн асуудал эрхэлсэн дэд захирал Б.Болдгив нар оролцов. Мөн МУИС, ШУА, эрдэмтэн, доктор, профессор багш нар болон шавь нар, гэр бүл, найз нөхөд нь хүрэлцэн ирсэн байлаа.
МУИС-ийн Эрдэм шинжилгээ, инновацийн асуудал эрхэлсэн дэд захирал Б.Болдгив Эрдмийн зөвлөлийн тогтоолыг танилцуулж, академич Т.Дорж багшид “МУИС-ийн Эмерит профессор”-ын диплом, энгэрийн тэмдгийг гардуулж өгсөн бөгөөд Монгол улсын их сургууль нь “МУИС-ийн Эмерит профессор” цолыг анх удаа олгож байгаа бөгөөд 30 наснаасаа өмнө доктор цол хамгаалаад, энэ сургуульдаа тасралтгүй олон жил ажиллаж байгаа эрдэмтэн багшид олгож буй гэдгийг энэ үеэр хэлж байсан юм.
“МУИС-ийн Эмерит профессор” цолны анхдагч болсон академич Т.Дорж багш нь:
МУИС-д 1965 онд элсээд 1 жил суралцаад улмаар сурлагаараа шалгарч ЗХУ-ын Москвагийн Их сургуулийн эдийн засаг кибернетикийн мэргэжлээр аспирантурт суралцах урилгатай 1971 онд төгсөж иржээ. Харин МУИС-д ирэхэд нь аспирантурт явуулахыг нь хойшлуулж Инженер-эдийн засгийн факультетын эдийн засаг удирдлага зохион байгуулалтын тэнхимд багшаар ажиллуулжээ. Түүнийг уг тэнхмийн эрхлэгч тэр үеийн манай нэртэй эрдэмтэн Л.Гүржав багш олзуурхан хүлээн авч, эдийн засаг математик загварчлал, эдийн засгийн кибернетик, удирдлагын шинжлэх ухааны үндэс хичээлүүдийг заалгахаар болсон түүхтэй эрдэмтэн юм.
Өнөөдөр академич Т.Доржийн зөвлөхөөр болон удирдагчаар ажиллаж хамгаалуулсан 7 шинжлэх ухааны доктор, 28 боловсролын доктор байгаа нь түүнийг ямар түвшний эрдэмтэн гэдгийг батална. Мөн түүний эрдэм шинжилгээний бүтээл 45-д хүрсэн бол эрдэм шинжилгээний өгүүллүүд гэхэд 100 хол даваад байна.