Монгол Улсын ШУА-ийн эрдэмтэд энэ жил “Дулааны шахуур”, “Хүйтэн мандал”, “Монгол орны зэсийн хүдрийн ордууд”, “Монгол Улсын улаан номонд орсон хөхтөн амьтад”, “Ургамлын баялаг сан”, “Оньсогоор цогцлоосон монгол гэр”, “Аж үйлдвэрийн хувьсгал”, “Монголын хадны зургийн соёл”, “Театрын уран сайхан”, “Шавьжийн зарим гайхамшигаас”, “Шүд амны өвчнөөс сэргийлэх аргууд” гэсэн хялбаршуулсан номыг хэвлэн гаргалаа.
Эдгээр цуврал номын нээлт өнөөдөр ШУА-ийн байранд болов. Шинжлэх ухааныг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор ЕБС-ийн сурагчид, хүүхэд залуучууд, олон нийтэд зориулсан шинжлэх ухааны хялбаршуулсан цуврал номыг 2015 оноос эхлэн хэвлүүлж, нийтийн хүртээл болгоод буй юм. Тус цуврал бүтээл нь шинжлэх ухааны олон салбар, чиглэлийн мэдлэгийг энгийн ойлгомжтой хэлбэрээр хялбаршуулан бичсэнээрээ онцлог бөгөөд хүүхэд, багачуудад шинжлэх ухааны мэдлэг олгох, цаашлаад шинжлэх ухаанч иргэн болгон төлөвшүүлэхэд ихээхэн ач холбогдолтой гэдгийг эрдэмтэн судлаачид хэлж байна.
Номын нээлтийн үеэр ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл "Энэхүү цувралыг өсвөр насныхан Ялангуяа ЕБС-ийн ахлах ангийн хүүхдүүд, багш, удирдлагууд энэ цувралыг бичихэд нэмэр хандив оруулаач гэсэн хүсэлт тавьдаг. Яаж нэмэр хандив оруулах вэ гэхээр хүүхдүүд ийм асуудал, ийм сэдэв хүүхдүүд сонирхож байна гэдгийг судлаад санал оруулж ирэх юм бол энэ цуврал амьд ирээдүйтэй болох юм" гэдгийг онцолж байлаа.
ШУА-ийн Эрдэм шинжилгээ төлөвлөлтийн хэлтсийн дарга доктор, С.Баяннасан хэлэхдээ, “Хүүхэд багачуудыг шинжлэх ухаанч иргэн болон хүмүүжихэд нь эрдэмтэн ах, эгч нар нь тус дэм болох зорилгоор энэ ажлыг анх эхлүүлсэн. Хүүхдүүд номоо уншиж, танилцаад ШУА, Нийслэлийн Боловсролын газар, Хүүхдийн номын ордноор дамжуулан саналаа ирүүлдэг. Тэдний санал, эрэлт хэрэгцээнд тулгуурлан эрдэмтэд дараагийн цувралуудаа бичдэг. Манай эрдэмтэд хүүхдийн зохиолч биш боловч тэдэнд зориулж энгийн хэлээр бичихэд хүндрэлтэй байсан бол сүүлийн жилүүдэд улам сайжирч байна” гэв.
Өнгөрсөн онд эрдэмтэд “Нар”, “Нарны аймаг”, “Жигмэд Тогмид хоёр жимсэнд”, “Элементүүдийн үүсэл”, “Монгол орны эртний амьтан ургамал”, “Усан орчны амьдрал”, “Монгол орны цэцэгт ургамал”, “Ой модны экологийн ач холбогдол”, “Эртний улсууд”, “Гуравдагч хөрш”, “Хеликобактер”, “Хэл ба сэтгэхүй” зэрэг 11 хялбаршуулсан номыг хэвлүүлж хүүхэд багачууддаа хүргэж байсан.
ШУА-иас эрхлэн гаргаж буй хялбаршуулсан цуврал 43 ном ийнхүү олны хүртээл боллоо. Нээлтийн үеэр эдгээр цувралыг нийслэлийн ЕБС-иудад гардуулав. ШУА цаашид ЕБС-иуд, Нийслэлийн Боловсролын газар, багш, эрдэмтэдтэй хамтран цуврал ном хэвлүүлэх ажлыг үргэлжлүүлэх бөгөөд 2019 онд уламжлал ёсоор цуврал номоо гаргахаар төлөвлөжээ.