Вэбсайтын цэс
Хэлний сонголт
БНЧУ-ЫН ШУА-ИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ ЭВА ЗАЗИМАЛОВА АЙЛЧИЛЛАА
  БНЧУ-ЫН ШУА-ИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ ЭВА ЗАЗИМАЛОВА АЙЛЧИЛЛАА

Манай улсад айлчилж буй БНЧУ-ын Парламентийн Сенатын танхимын ерөнхийлөгчийн айлчлалын хүрээнд Чехийн ШУА-ийн Ерөнхийлөгч профессор, доктор Эва Зазималова өнөөдөр МУ-ын ШУА-д айлчлав. Энэхүү айлчлалын бүрэлдэхүүнд Чехийн ШУА-ийн Ерөнхийлөгч Зазималова болон Чехийн ШУА, Чарлезийн Их Сургуулийн хамтарсан Биотехнологи, биоэмзүйн судалгааны төв БИОЦЕВ (BIOCEV)-ийн захирал профессор, доктор П.Мартасек, БНЧУ-с МУ-д суугаа Элчин сайдын орлогч, ноён Олдржих Заяычек нар багтжээ. Тэднийг ШУА-ийн Ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл, Эрдэмтэн нарийн бичгийн дарга, академич Б.Авид, эрдэм шижилгээний хүрээлэнгүүдйин төлөөллийг байлцуулан хүлээн авч уулзан хоёр орны ШУА-иудын хамтын ажиллагааны өнөөгийн байдал болоод ирээдүйн чиг хандлагын талаар ярилцав.

 Монгол улсын ШУА нь Чехийн ШУА-тай хамтын ажиллагааны протоколыг 1991 онд анхлан байгуулж 1999 оноос эрдэмтэд, судлаачдын солилцоог өргөжүүлэн ажиллаж байгаа ба 2021 онд хамтын ажиллагааны санамж бичгийг шинэчлэн сунгах юм.

Уулзалтын үеэр Ерөнхийлөгч Зазималова,профессор П.Мартасек нар хамтарсан эрдэм шинжилгээний ажлуудыг судалгааны бүхий л чиглэлээр өргөжүүлэх боломжтойг дурдаад БИОЦЕВ судалгааны төвд байгалийн ухаан, биохими, биоанагаахын чиглэлээр ахисан түвшний оюутан, судлаачдыг элсүүлэн суралцуулах, судлаачдыг солилцоогоор ажиллуулах, судалгааны хамтын төсөл эхлүүлэн ажиллах зэрэг боломжуудыг танилцуулав. Түүнчлэн Чехийн ШУА болон БИОЦЕВ судалгааны төвд манай судлаачид докторын дараах судлаач эрдэмтнээр урт, богино хугацаагаар ажиллах боломжтой юм.

Мөн энэхүү уулзалтанд ШУА-ийн харъяа хүрээлэнгүүдээс Чехийн ШУА-тай хамтран ажиллах хүсэлтэй судлаачдын баг, эрдэмтдийн төлөөлөл оролцон өөрсдийн хамтран ажиллах судалгааны чиглэлийн талаар танилцуулсан юм. Үүний дотор мод үржүүлэг, тарималжуулах; загас үржүүлэг, нөөцийн судалгаа; биотехнологи, уургийн судалгаа; палеонтологи геологийн судалгаа, нийгэм социологи, хэл шинжлэлийн судалгааны чиглэлүүдээр хамтран ажиллах саналуудыг тухайн хүрээлэнгийн судлаачид танилцуулж байв.

Уулзалтын төгсгөлд хоёр орны ШУА-иудын ерөнхийлөгчид дээр дурдсан судалгааны чиглэлүүдээр хамтарсан төсөлт ажлуудыг эхлүүлэх, улмаар хамтын судалгааны ажлуудыг хийж гүйцэтгэх судлаачдыг докторын дараах тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах зэрэг ажлуудыг ойрын хугацаанд бодитойгоор хэрэгжүүлэн ажиллах талаар тохиролцсон юм.

Мөн түүнчлэн, хоёр орны ШУА-ийн хамтын бүхий л үйл ажиллагааг дэмжин ажиллахаа Ерөнхийлөгч Зазималоваг дагалдан ирсэн Чех улсын Элчин сайдын орлогч Олдржих Заяычекаг илэрхийлж байлаа. 


Бусад мэдээлэл