Батлан
хамгаалах яам, Шинжлэх ухааны академи хоорондын хамтран ажиллах санамж бичгийг
өнөөдөр байгууллаа.
Санамж бичгийг Батлан хамгаалахын сайд
Г.Сайханбаяр, Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч Д.Рэгдэл нар үзэглэлээ.
Энэхүү санамж
бичгийн хүрээнд Батлан хамгаалах яам ба Шинжлэх ухааны академи, тэдгээрийн
харьяа сургалт, эрдэм шинжилгээний байгууллагын эрдэмтэн, судлаач, багш,
профессоруудын оюуны болон материаллаг баазад түшиглэн улс орны хөгжилд бодитой
хувь нэмэр оруулахуйц, аюулгүй байдал, батлан хамгаалах эрх ашигт нийцсэн
салбарын болон салбар дундын судалгаа, хөгжүүлэлт, туршилтын ажил явуулах
нөхцөлийг харилцан бүрдүүлж, төсөл боловсруулж, хэрэгжүүлэх зэрэг чиглэлээр өргөн
хүрээнд идэвхтэй хамтран ажиллах юм.
Батлан
хамгаалахын сайд Г.Сайханбаяр ёслолын ажиллагааг нээж хэлсэн үгэндээ: “Өнөөдөр үзэглэх санамж бичгийн хүрээнд
манай эрдэмтэд, судлаачдын төлөөлөл Шинжлэх ухааны Академийн Их чуулган болон
Бага чуулганы үйл ажиллагаанд идэвхтэй оролцох, ШУА, харьяа хүрээлэнгүүдийн
шугамаар зохиогдож буй олон улс, бүс нутгийн болон хоёр талын хамтарсан төсөл,
хөтөлбөр, экспедиц, эрдэм шинжилгээний хурал, лекц болон бусад арга хэмжээнд
аюулгүй байдал, батлан хамгаалах салбарын эрдэмтэн, судлаачид оролцох зэрэг өргөн
боломж бий болох юм.
Батлан хамгаалахын сайдын хувьд
салбарынхаа эрдэм шинжилгээ, судалгаа, инновацад зарцуулах төсөв хөрөнгийг
нэмэгдүүлэх, Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгээ бэхжүүлэх,
цэргийн шинжлэх ухааны хөгжилд хувь нэмэр оруулах шинэ мэдлэг, шинэлэг-оновчтой
санал санаачилга, шинэ бүтээл инновацийг байнга дэмжиж ажиллах болно” гэдгийг онцлон тэмдэглэв.
Энэ үеэр Шинжлэх ухааны академийн
Ерөнхийлөгч, Д.Рэгдэл хэлэхдээ: Хамтын ажиллагааны
хүрээнд улс орны хөгжилд бодитой хувь нэмэр оруулахуйц, аюулгүй байдал,
батлан хамгаалах эрх ашигт нийцсэн салбар дундын төсөл боловсруулж хэрэгжүүлэх,
тодорхой асуудлыг шинжлэх ухаанчаар шийдвэрлэх,
чиглэлээр ШУА, түүний харьяа хүрээлэнгүүд нь батлан хамгаалахын сургалт,
эрдэм шинжилгээний байгууллагуудтай улам нягт хамтран ажиллахаар болсонд таатай
байгаагаа илэрхийллээ. Тэрбээр мөн “Сая Г.Сайханбаяр сайд хэлэхдээ “Алсын хараа
2050” бодлогын баримт бичигт шинжлэх ухаан, технологи инновацийн талаар 3 шат
бүхий тодорхой зорилтуудыг дэвшүүлсэн. Эхний шатанд 2024 он гэхэд шинжлэх ухаан, технологийн салбарын төсвийн санхүүжилтийн хэмжээг 4
дахин нэмэхэээр тусгасан байгаа гэлээ. Нэг
салбарын зардлыг 4 дахин нэмнэ гэдэг бол амаргүй. Гэсэн хэдий ч Засгийн газар
ийм эр зориг гаргаж зорилтоо дэвшүүлсэн явдалд баяртай байна. Энэ нь эргээд шинжлэх ухаан технологийн үйл
ажиллагаанд оролцож байгаа хэнийг ч
болов хариуцлагажуулж, илүү юм бүтээх их урам зоригоор тэтгэж
байгаа. Батлан хамаалахын салбар, Монгол
улсын шинжлэх ухааны академийн хооронд
хамтраад хийх ажил их бий. Өмнө нь хамтран ажиллаж байсан туршлага бидэнд бий. Одоо
бид шинэ нөхцөл байдал, шинэ засгийн газрын түвшинд энэ хамтын ажиллагааны цар
хүрээгээ улам бүр өргөжүүлж ажиллая. ШУА-ийн салбар хүрээлэнгүүдэд бүх салбараар
ажилладаг судлаачид байдаг. Батлан хамгаалахын салбарт ч эрдэм шинжилгээний
томоохон потенциал байдаг. Хоёр салбарын
хамтын ажиллагааны эцсийн үр дүнд монгол улс хөгжинө. Монгол улсынхаа хөгжлийн
төлөө та бүхэнтэй хамтран зүтгэхэд таатай байна” гэсэн юм.
Энэхүү
ёслолын ажиллагаанд Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай, Шинжлэх ухааны
академийн Тэргүүн дэд ерөнхийлөгч, академич Г.Чулуунбаатар тэргүүтэй
албаны хүмүүс оролцов.