Вэбсайтын цэс
Хэлний сонголт
Шинжлэх ухааны докторын дипломоо гардан авлаа
Шинжлэх ухааны докторын дипломоо гардан авлаа

Монгол улсын шинжлэх ухааны академийн ерөнхийлөгчийн тушаалаар Б.Амарсанаа, М.Бямбасүрэн, Д.Уранчимэг нарт  шинжлэх ухааны докторын  зэрэг тус тус олголоо. Эдгээр  эрдэмтдэд  өнөөдөр ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл дипломыг нь гардуулж өглөө. 


    

Б.Амарсанаа нь “Монгол орны тариалангийн хөрсний үржил шимийг нөхөн сэргээх шинжлэх ухааны үндэслэл” сэдвээр Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны доктор (Sc.D)-ын зэрэг  хамгааллаа.

Б.Амарсанаа нь 1993 онд ХААИС-ийн Агрономын ангид суралцан 1997 онд ХААИС-ийг агрономч мэргэжлээр төгсчээ. Тэрээр 1999 онд ХАА-н ухааны магистр, 2006 онд  “Хөрсний үржил шимд сэлгээ, бууцан бордооны нөлөө” сэдвээр ХАА-н ухааны докторын зэрэг хамгаалжээ.

Б.Амарсанаа нь 2000 онд Агробиологийн сургуулийн Нарт-1 сургалт судалгааны төвийг байгуулах ажилд гар бие оролцож байсан ба одоо энэ сургалт судалгааны төвд хаврын тариалалт, ургац хураалт, хөрс судлалын сургалтын дадлагуудыг жил бүр хийж оюутнуудыг үйлдвэрлэлд дадлагажуулдаг байна. 

 Өөрийн эрдэм шинжилгээ судалгааны чиглэлээр 70-аад илтгэл, 60 гаруй өгүүлэл, ШБОС-ын гэрчилгээ 6, зохиогчийн эрхийн гэрчилгээ 5, зохиосон ном, гарын авлага 20 гаруй, редакторласан  ном 10, гүйцэтгэсэн гадаадын төсөл 10, ШУТ-ийн төсөл 3, бакалаврын диплом 20 гаруй, магистрын эрдэм шинжилгээний ажил 7, докторын жил 2-ыг удирдан хамгаалуулсан байна. Канадын Саскатчеваны их сургуулийн “Хөдөөг хөгжүүлэх сургалт” төслийн хүрээнд өөрийн орны нөхцөлд шинэ бордоо хийх судалгааг явуулж Агробиологийн сургуулийн Өнжин сургалт судалгааны төвд бордоо үйлдвэрлэх цэгийг байгуулж одоо тэнд агроном, хөрс судлал агрохимийн мэргэжлийн ангийн оюутнууд бордоо үйлдвэрлэлийн судалгаа явуулж, сургалт, үйлдвэрлэлийн дадлагаа хийж байна. Энэ нь сургалтын материаллаг баазыг бэхжүүлэх маш томоохон ажил болжээ.

Б.Амарсанаа нь БНХАУ-д 2001 онд БНХАУ-ын Хунаны ХАА-н Академид, 2006, 2008 онуудад Канад улсын Саскатчеваны их сургуульд мэргэжил дээшлүүлж, сургалт судалгааны ажилд оролцож, 2013 онд БНСУ-ын Хангёны их сургуульд мэргэжил дээшлүүлж тус сургуулийн сургалт судалгаатай танилцаж судалгааны шинэ арга зүйнүүд эзэмшиж үүнийгээ бакалавр, магистрант, докторантуудын сургалтад ашиглаж мөн гадаад дотоодын эрдэм шинжилгээний сэтгүүлд 60 гаруй өгүүлэл нийтлүүлсэн байна.

Агрономын мэргэжлийн хөтөлбөрийг ахалж ажиллан энэ ажлын хүрээнд мэргэжил сурталчлах,ахмад эрдэмтдийн хүндэтгэл, уулзалт, хөдөлмөр алдар тэмдэглэх, мөн агроном мэргэжлийн 2 дахь магадлан итгэмжлэлийн тайланг ахлан олон улсын түвшний шинэ шалгуурын магадлан итгэмжлүүлэн гэрчилгээг аваад байна.

Доктор, дэд профессор Б.Амарсанаа нь тариалангийн бүс нутгуудад үйлдвэрлэл явуулж буй аж ахуйн нэгжүүдийн талбайн нийт 100 гаруй мянган га талбайд хөрсний дээжийг авч шинжлэн, агрохимийн үзүүлэлтийг нь гарган, зөвлөмж өгч байнга хамтран ажилладаг. Мөн тариалангийн талбайн хөрсний үржил шим, шим тэжээлийн бодисын агууламжийг үндэслэн эрдэс болон органик бордоо үйлдвэрлэх, хэрэглэх, аргачлал, зохистой дадлыг нэвтрүүлэхэд олон жил идэвх зүтгэл гарган ажиллаж буй эрдэмтэн юм.

Доктор, дэд профессор Б.Амарсанаа нь агрономч мэргэжлээр төгсөгчдийн мэргэжлийн холбоо болох Монголын Агрономчдын холбоог санаачлан байгуулан 2017 оноос ерөнхийлөгчөөр нь ажиллаж, хот, хөдөө орон нутагт ажиллаж буй агрономчдын мэргэжлийг дээшлүүлэх давтан сургалтыг явуулж, мэргэшлийн зэрэг олгож, тэдний эрх ашгийг хамгаалах, нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд ихээхэн хүчин чармайлт гарган ажиллаж байна. Мөн Монгол Агрономч сэтгүүлийг 2017 оноос хойш тасралтгүй 11 дугаарыг эрхлэн гаргаж мэргэжлийн агрономчдыг сурталчлан таниулах ажлыг явуулж байна. Монгол улсад газар тариалан эрхлэх системийг 50 жилийн дараа шинэчлэх ажлыг санаачлан зохион байгуулж салбарын 60 гаруй эрдэмтэдтэй багаар ажиллан 2019 онд шинэчлэн газар тариалангийн үйлдвэрлэлд нэвтрүүлж байна. Мөн 53 жилийн дараа 2022 онд Агрономчдын улсын 2-р зөвөлгөөнийг санаачлан зохион байгуулж салбарт тулгамдсан асуудлаа тусган шийдвэр гаргаж төр засагт хүргэж ажил хэрэг болгохоор ажиллаж байна. Доктор, дэд профессор Б.Амарсанаа нь ХАА-н ухаанаар боловсролын доктор 2-ыг удирдаж, 1 докторын ажлын зөвлөхөөр, 7 магистрын ажлыг удирдан амжилттай хамгаалуулсан байна.

М.Бямбасүрэн нь “Монгол орны ой, бэлчээрийн голлох хөнөөлт шавжтай тэмцэх, экологид ээлтэй ургамал хамгаалах дэвшилтэт аргуудын онол, практикийн зарим асуудалд” сэдвээр Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны доктор (Sc.D)-ын зэрэг хамгааллаа.



М.Бямбасүрэн  нь  1995-1999 онд Улсын Багшийн Их Сургуулийг Экологи-Химийн багш мэргэжлээр,  2005-2006 онд Япон улсын Осакагийн Их сургуульд Ургамлын Генетик инженерчлэлийн чиглэлээр тус тус суралцаж төгссөн. 2009 онд БНХАУ-ын Shenyang –ийн ХААИС-д Ургамал хамгааллын чиглэлээр, 2010 онд Бээжин хотын Ургамал хамгааллын хүрээлэнд Ургамал хамгааллын чиглэлээр, 2022 онд Австралийн Queensland-ийн их сургуульд  тус тус мэргэжил дээшлүүлжээ.  

Тэрээр 2012 онд “Шавжид эмгэг төрүүлэгч Metarhizium anisopliae мөөгөнцрийн нутгийн омгийн судалгаа” сэдэвт бүтээлээр  “ХАА-н ухаанаар доктор (Ph.D)”-ийн зэрэг хамгаалсан байна. Мөн 2016 онд ХААИС-ийн “Дэд профессор” цол хүртсэн бөгөөд 2018 онд БНХАУ-ын ӨМӨЗОрны Багшийн Их Сургуулийн “Хүндэт профессор” цолыг хүртжээ.

М.Бямбасүрэн 2001 онд УХЭШХүрээлэнгийн Мэрэгч судлал-Биопестицидийн лабораторид ЭШТусА-аар орж, 2003-2006 онд Захиргааны зөвлөлийн гишүүн, референт, боловсон хүчний ажлыг хавсран гүйцэтгэж, 2006-2011 онд Микробиологийн лабораторт, 2012 оноос Ой хамгааллын лабораториудад эрдэм шинжилгээний ажилтан, лабораторийн эрхлэгчээр ажиллаж байсан. 2013  оноос одоог хүртэл  10 дахь  жилдээ УХЭШХ-ийн захирлаар  ажиллаж байна. Доктор М.Бямбасүрэнгийн шинжлэх ухаанд оруулсан хувь нэмэр, судалгааны томоохон бүтээлүүдээс дурдвал: Докторын нэгэн сэдэвт бүтээл-2, удирдаж хамгаалуулсан докторын бүтээл-3, магистрын бүтээл-10, Монгол улсад эрхийн хамгаалалт хийгдсэн шинэ бүтээл, патент-7, Ашигтай загварын гэрчилгээ-3, зохиогчийн эрхийн гэрчилгээ-2, стандарт-6, ном, товхимол, сурах бичиг, сэтгүүл /зохиогч, редактор/-40, технологи -9, гадаад хэл дээр  хэвлүүлсэн өгүүлэл-50, үүнээс IF-тай сэтгүүлд-10, монгол хэл дээр хэвлэгдсэн өгүүлэл-74, үйлдвэрлэлд нэвтрүүлсэн бүтээл-6, гадаадтай хамтарсан төслүүд, гэрээт ажлууд удирдсан ба оролцсон-12, үндэсний төсөл удирдсан, оролцсон-17, судалгааны ажлын хүрээнд шинээр байгуулсан лаборатори-2 гэх мэт.

Д.Уранчимэг нь “Монгол хүнд зонхилон тохиолдох нүдний өвчнүүдийн тархалт, шалтгаан, оношлогоо, эмнэлзүйн онцлог, урьдчилан сэргийлэх асуудалд” сэдвээр Анагаахын  шинжлэх ухааны доктор (Sc.D)-ын зэрэг хамгааллаа.


Бусад мэдээлэл