ШУА-ийн Ерөнхийлөгчийн 2014 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн 113 дугаар тушаалаар үндэсний их баяр наадмыг тохиолдуулан харъяа хүрээлэн, төвүүдийн эрдэм шинжилгээ, судалгааны ажилдаа амжилт гарган үр бүтээлтэй ажиллаж буй нэр бүхий хүмүүсийг өнөөдөр ШУА-ийн “Хүндэт жуух” бичгээр шагнаж урамшууллаа.
Үүнд Ботаникийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Ч.Хосбаяр, А.Алтанцоож, Хэл, зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан С.Бат-Эрдэнэ, нярав М.Гантуяа, Одон орон геофизикийн судалгааны төвийн харъяа Завхан аймаг дахь газар хөдлөлтийг бүртгэх “Тосонцэнгэл” станцын эрдэм шинжилгээний ажилтан Д.Гүнсмаа, Д.Мөнхбат, Архангай аймаг дахь “Цэцэрлэг” станцын эрдэм шинжилгээний ажилтан Н.Шагдарсүрэн, Ц.Норжинханд нарын 8 хүнийг тус тус шагнаж урамшуулсан юм. Мөн ШУА-ийн Тэргүүлэгчдийн газрын жолооч С.Гантөмөрийг мэргэжлээрээ 31 жил тууштай, үр бүтээлтэй ажилласныг өндрөөр үнэлж Зам тээврийн Сайдын 2014 оны 169 дүгээр тушаалаар “Онц тээвэрчин” цол тэмдгээр шагнасныг ШУА-ийн Ерөнхийлөгч Б.Энхтүвшин гардуулан өглөө. Мөн энэ үеэр шинээр сонгогдсон академичдад тамга, тэмдэг, үнэмлэхийг гардуулан өгсөн юм.