“Инновацийн долоо хоног”-ийн хүрээнд бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, инновацийн түншлэлийг өргөжүүлэх
зорилготой “Инновацийн үзэсгэлэн-2019” үзэсгэлэн өнөөдөр нээгдлээ. Энэхүү үзэсгэлэнд 60 гаруй байгууллага оролцож байгаа бөгөөд оролцогсдын дийлэнх
нь монгол эмийн ургамлаар
хийсэн гоо сайхан, эмчилгээний бүтээлүүд танилцуулж, худалдаалж байлаа. Үзэсгэлэнг зорьж ирсэн худалдан авагч нар “Үнийн хувьд харьцангуй боломжийн, ач холбогдол өндөртэй
бүтээгдэхүүн байна”
хэмээн дотоодын инноваци шингэсэн бүтээгдэхүүний талаар ам сайтай ярьцгааж
байлаа.
Тухайлбал, Шинжлэх ухааны академийн Химийн технологийн хүрээлэнгийн
эрдэмтдийн бүтээсэн экологийн цэвэр бүтээгдэхүүнүүдийг 20-30 хувь хямдралтай худалдаалж байлаа.
Бүтээгдэхүүний
онцлогийн талаар ШУА-ийн Химийн технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх
ажилтан Ж.Ганбаатар ярихдаа “Монгол эрдэмтдийн бүтээсэн эдгээр бүтээл нь бүгд байгалийн
гаралтай түүхий эдээр бүтсэн, гоо сайхан, эрүүл мэндийн ач холбогдолтой. Тухайлбал,
шилмүүс модны давирхайнаас гаргаж авсан тос нь үрэвсэл, өвчин намдааж, бактер
устгана, үе мөчний өвчнөөс урьдчилан сэргийлж, арьсыг нөхөн төлжүүлж, шархыг
түргэн эдгээнэ.
Хүйтэн чанарын өвчнийг (бөөр, нуруу, үе мөч )
эдгээж, түүнээс урьдчилан сэргийлэх, массаж хийхэд ашигладаг хонины сүүлтэй тос. Мөн эрдэс цай нь, гэдсэнд өнгөр тогтоож, өтгөн
хаталтад эерэгээр
нөлөөлдөг. Үсний тос нь үсэнд тэжээл өгч, буурал үсийг хар болгодог. Уг
тосыг хэрэглэх үед усан хандуудыг давхар хэрэглэх хэрэгтэй. Бас хооллолтдоо
анхаарах,
ус сайн ууж, жимсний
шүүс, кофеноос татгалзах хэрэгтэй” хэмээн зөвлөв. Мөн тус хүрээлэнгийн эрдэмтэн
Дугаржавын бүтээсэн гуммины бордоо нэлээд эрлэт хэрэгцээтэй бүтээгдэхүүний нэг
байлаа. Энэхүү бордоо нь Улаанбаатарын цэвэрлэх байгууламжийн лагийн үнэрийг
дарахад томоохон үүрэг гүйцэтгэсэн бүтээгдэхүүн юм. Үүнийг гэр хорооллын жорлон
ариутгах, зорилгоор худалдан авдаг болжээ.
Үзэсгэлэн Монголын
үндэсний худалдаа, аж үйлдвэрийн их танхимд гарч байгаа бөгөөд маргаашийг
/2019.5.8/ дуустал үргэлжлэх юм. Мөн үзэсгэлэнд оролцож буй байгууллагуудаас
“Инновацийн шилдэг бүтээгдэхүүн”, “Инновацийн шилдэг үйлчилгээ” зэргийг
шалгаруулахаас гадна үзэгч, үйлчлүүлэгчдийн хүсэлтээр “Олны таашаалд нийцсэн
бүтээгдэхүүн”-нийг шалгаруулах ажээ.