ЗАГАСНЫ ҮРЖЛИЙН ОНЦЛОГ, ХАМГААЛАЛ
ЗАГАСНЫ ҮРЖЛИЙН ОНЦЛОГ, ХАМГААЛАЛ
Амьтны тухай хуулийн 9.2.8-д загасыг үржлийн үед нь агнахыг хориглосны дагуу дөрөвдүгээр сарын 1-нээс зургаадугаар сарын 15-ныг хүртэл загас агнахыг хориглосонтой холбоотой танин мэдэхүйн мэдээлэл бэлтгэн хүргэж байна.
Нуур, голоос загасыг үржлийн үед нь барихгүй байх нь хамгаас чухал бөгөөд загас барих хугацааг мөрдөөгүйн улмаас агнуурын загасны нөөц хомсдож, бүрмөсөн устах аюултай. Нэг загаснаас гарах түрсний тоо олон мянгаар тоологдох боловч үр тогтосны дараа, авгалдай, жарамгай, жараахайн шатыг дамжин бие гүйцэх хүртэлээ үхэж хорогдсоор байгаль дээр маш бага хувь нь мэнд үлддэг. Иймээс үржлийн үед агнуур хийснээр тухайн жилийн төл авч чадахгүйд хүрнэ.
Хэрэв та загас агнахыг зорьж байгаа бол загасны төрөл, зүйлээс хамаарч хуулиар хориглосон хугацаанаас бусад үед, ахуйн зориулалтаар загас барих журмыг мөрдөх шаардлагатай. Иргэн та загасны түрс шахалтын үед загас барих ёсгүй юм.
Амьтны тухай хуулинд хавар түрсээ шахдаг загасыг жил бүрийн 4 дүгээр сарын 1-ний өдрөөс 6 дугаар сарын 15-ны өдөр хүртэл, Дархадын цагаан загасыг 8 дугаар сарын 1-ний өдрөөс 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл, Омоль загасыг 8 дугаар сарын 30-ны өдрөөс 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэл; цагаан зарам загасыг 9 дүгээр сарын 5-ны өдрөөс дараа оны 1 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл тус тус агнахыг хориглоно.
Ихэнх амьтны үр хөврөл эхийн биед хөгждөг бол загас нь гадаад үр тогтолттой. Эм (атуу) загасны түрс бэлгийн сүвээр гоожиж усны ургамал, хайрга чулуунд наалдана. Түүн дээр эр загас (атуух) үрийн шингэн буюу сүнгээ (сперм) шахдаг. Сүн нь цайвар өнгөтэй, маш олон сперматозоидтой шингэн юм. Тэдгээр нь хурдан хөдөлгөөнтэй тул түрсний хальсан дахь микропиле сүвээр нэвтрэн орж үр тогтоно. Үр тогтсон түрс бойжиж, хальсан дээр бүдэг толбо (нүдэн үе) бий болон улмаар хөврөлийн хальсаа цоолж авгалдай гарна. Энэхүү хөгжлийн хугацаа нь загасны төрөл зүйлээс хамаарч өөр өөр байдаг. Тухайлбал хилэм загас 30-45 хоног, тул 28-30, цагаан загас 200-250, хадран 14-30, цурхай 10-20, улаан нүдэн 12-13, сугас 5-6 хоног, булуу цагаан, хэлтэг, улаан далбаат, өлгөр цагаан, цулбуурт, алгана зэрэг загаснууд 3-6 хоног шар уургаар хооллоно. Шинээр гарсан авгалдай нэг эстэн, бактери, замаг, хүрд хорхойг барьж иднэ.
Монголд хавар-зун, намар-өвөл түрсээ шахдаг зүйлүүд тархана. Хавар 4 сараас 3 настай цурхай загас, усны температур 3-60С хүрэхэд гүехэн устай, элсэрхэг хурдас бүхий ургамалтай хэсгээр 74000-236500 ш түрс шахна. Зэвэг загас 6-7 наснаас үржилд орж усны температур 6-120С хүрэхэд голын харгиа, хайрга чулуун дээр 2300-7700 ш түрс, хадран загас усны температур 4-60С-д харгиатай хэсгийн чулуун дээр 2000-18000 ш түрс гаргана.
Хилэм загас 8 наснаасаа бэлэг боловсорч гүйцэх бөгөөд 5 сард голын усны температур 9-150С болоход элсэрхэг хурдсанд 88800-636000 ш түрс орхино. Тул загас 5-6 наснаасаа эхлэн голын харгианд тогоо үүсгэн бэлтгэж, усны температур 100С хүрэхэд 8500-30000 ш түрс шахна. Сугас, булуу цагаан, хэлтэг, морин загас, улаан живэрт, монголын улаандалбаат, өлгөр цагаан, цулбуурт, алгана загаснууд 2-5 насандаа үржилд орж 10000-300000 ш түрс нуур, голын гүехэн устай хэсэгт ургамал дээр 12-250С болох үед шахна. Булууцагаан, хэлтэг, алтайн шар сугас зэрэг зарим загас түрсээ 7-10 өдрийн зайтай 2-3 удаа хэсэг, хэсгээр таслаж гаргана.
Дархадын цагаан загас, омоль, цагаан хадир, цагаан зарам загас 2 наснаас бэлгэ боловсорч намар 8 сараас өвөл 1 сард, усны температур 12-1.40С болж буурахад 5000-98000 ш түрс элс, хайрга чулуурхаг хурдсанд, гутаарь 3-4 наснаас голын элс, хайрга-чулуун дээр 0.5-10С-д 20000-350000 ш түрс шахдаг. Үржлийн үед ялангуяа эр загас гоёмсог өнгөтэй болж, толгой, биеэн дээр мөнгөлөг товгор үүсч, сэлүүрүүдийн толбо тодорно.
Мөнгөлөг хэлтэг загасны үржлийн онцлог
Мөнгөлөг хэлтэг загас нуурын цүнхээл, тогтуун, урсгалгүй булан тохойн сул шаварлаг хурдас бүхий хэсгээр сүрэглэн амьдардаг. Тэд 3+ - 5+ насандаа бэлэг боловсордог. Өвөл хөдөлгөөний идэвхи нь буурч нуурын гүн цүнхээлд өвөлждөг. Хавар мөс гэсэх үеэс эхлэн нуурын гүехэн устай наранд хурдан халдаг хэсгүүдээр идээшилнэ. 5-р сарын сүүлчээс 6 сарын эхэн хүртэл нуурын эргийн усан хөрш ургасан хэсэгт жижиг хэмжээтэй түрсээ хэсэгчлэн шахаж, эхний түрс шахалтын үед хамгийн их хэмжээтэй түрс орхидог. Үржлийн экологийн хувьд фитофиль орчинд үрждэг. Усны температур өндөр байх тусам түрс шахах тааламжтай нөхцөл болдог. Ус багатай жилүүдэд нуурын ургамал дунд шахсан түрсийг нь шувууд идэх эрсдэлтэй тулгардаг.
Энэхүү загасны нэг онцлог шинж бол эм загас сүргийн бүтцэд байнга давамгайлна. Үржлийн сүрэгт эр загас маш ховор, байхгүй байх нь бий. Эр загас сүрэгт байхгүй, цөөн үед үржлийн экологийн хувьд төсөөтэй сахалт эрээлж, чимхүүр, нүцгэн жараа загасны сүнгээр мөнгөлөг хэлтэгийн түрс үр тогтдог. Үр тогтсон түрсийг эм загас анхаарч арчилдаг. Мөргийн овгийн загасны сүнгийн судалгаагаар хэлтэг загас бусад зүйлүүдээсээ үр тогтоох чадвараар хамгийн бага байгааг илрүүлсэн байна. Сүргийн бүтцэд эр загасны тоо ихсэх нь тэдгээрийн амьдрах нөхцөл муу байгааг илтгэдэг. Учир нь амьдрах орчны нөхцөл доройтох буюу усны түвшины багасалтаас үүссэн бүтэлт, идэш тэжээлийн дутагдал гэх мэт гадны хүчин зүйлийн нөлөөгөөр үр тогтсон түрснээс эр хүйстэй загас бойжих нь ихэсдэг байна.
Халбаган жараа загасны үржлийн онцлог
Монгол орны хамгийн жижиг хэмжээтэй халбаган жараа загасны биеийн урт 10-12 см, жин нь 20-83 г хүрдэг байна. Тэд 2 насандаа 3 см хүрч, бие гүйцэн үржилд орно. Үржил 5 сарын сүүлээс 7 сарын эхэн хүртэл явагдан, хэсэгчлэн түрсээ шахна. Үржлийн үед эр загасны өнгө тодорч, хамар дээр нь товруу үүсч, биеийн хажуу нил мөнгөлөг өнгөтэй болно. Түрс шахалт нь маш өвөрмөц юм. Эм загасны түрсний хаг уртасч ялгаруулах сүвээр гарч, өндөг дамжуулах хоолой болж унжина. Хагтай түрс нь хийн цуухтай холбоотой, энэ нь түрс шахалтын үед өндөг дамжуулах хоолойг хийжүүлэн дунгийн хавтас руу чиглүүлэхэд чухал үүрэгтэй. Түрсээ шахаж дууссаны дараа өндөг дамжуулах хоолой агшиж хураагдана. Хавтаст дунгийн заламгайд усны солилцоо хийгдэх үед халбаган жараа түрс, сүнгээ шахаж, тэдгээр нь усны хамт сорогдон заламгайн салбанд орно. Үржлийн үедээ хавтаст дунг тойрон хүрээлж нэг удаагийн шахалтаар 1-16 ширхэг түрс шахна. Нийтдээ нэг загас 224-290 ш түрсийг шахаж дуусах хүртэлээ энэхүү үйлдэлээ давтан хийнэ. Хавтаст дунгийн доторхи үр тогтсон түрс усны түвшин багасах болон бусад амьтдын идэш тэжээл болохоос бүрэн хамгаалагдсан байна. Зөөлөн биетний дотор хүчилтөрөгчийн хэмжээ бага учраас үр хөврөлийн хөгжлийн шатанд амьсгалын систем сайн хөгжиж, шар биеийг тойрсон цусны нарийн судлууд сүлжээ үүсгэдэг. Түрсний хөгжил бусад мөргийн овгийн загаснаас цөөн буюу 2-3 долоо хоногт явагдана. Авгалдай нь өндөгний хальснаас гарч хавтаст дунгийн заламгайн салбангийн завсарт биеэ даан сэлэх чадвартай болтолоо амьдарч байгаад гарна. Энэхүү халбаган жарааны авгалдайд хавтаст дунгийн үр хөврөл бэхлэгдэн гарч цаашид бие даах хүртэлээ шимэгчлэн амьдрах учраас эдгээр 2 зүйл нь бие биедээ харилцан ашигтайгаар хамтран амьдарна. Иймээс усны бохирдол нэмэгдэх болон загас агнуурт өртөн хавтаст дунг ихээр устгах нь халбаган жараа загас устах дам аюулд өртөх юм. Халбаган жараа загас ёроолын замгаар хооллох ба олон салаалсан мухар, урт гэдэстэй. Агнуурын ач холбогдолгүй хэдий ч махан идэшт загасны хоол тэжээл болдог.
Ашигласан хэвлэл:
1.Никольский Г.В. Рыбы бассейна Амура. М.: Изд-во АН СССР 1956. - 551 с.
2. Г. Баасанжав и др. Экология и хозяйственное значение рыб МНР. М.:Наука, 1985. – 200 с.
3. Монгол улсын амьтны тухай хууль, 2012
Бэлтгэсэн:
Гидробиологи, загас судлалын лабораторийн эрхлэгч, доктор Ч.Аюушсүрэн
Бусад мэдээлэл