Судалгааны
ажлын үр дүнг шүүн хэлэлцэх, эрдэм шинжилгээний ажлын
түвшинг үнэлэн дүгнэх, шинжлэх ухааны
аливаа маргаантай асуудлаар нэгдсэн ойлголтод хүрэх, нийгэмд мэдлэгийг түгээн
дэлгэрүүлэхэд эрдэм судлалын ажлын салшгүй нэг хэсэг болох СЕМИНАР
нэн чухал үүрэгтэй билээ.
ШУА-ийн Физик, технологийн хүрээлэнгийн “ИХ СЕМИНАР” нь 1979 оны 1-р сарын 13-нд анхны илтгэлээ хэлэлцүүлснээс хойш өнөөдрийг хүртэл нийт 635 удаа зохиогдож, давхардсан тоогоор 14663 хүн оролцсон байна. Тус хүрээлэнгийн ахмад эрдэмтэн, доктор Г.Шархүү нь энэхүү семинарыг санаачлан, улмаар семинарыг удирдан явуулах нэр хүндтэй үүргийг 40 жил тасралтгүй гүйцэтгэсэн юм.
Өнөөдөр 2019 оны 12-р сарын 20-нд тус семинар зохион байгуулагдаж эхэлсэн, тасралтгүй үргэлжилж ирсний 40 жилийн ойг тохиолдуулан “Физик, технологийн хүрээлэнгийн ИХ СЕМИНАР-ын тухай” хүндэт илтгэлийг доктор Г.Шархүү хэлэлцүүлсэн юм. Тус семинарт Физик, технологийн хүрээлэнгийн эрдмийн хамт олон, Математик, тоон технологийн хүрээлэнгийн эрдэмтэд оролцлоо.