Вэбсайтын цэс
Хэлний сонголт
АКАДЕМИЧ Д.ЦЭВЭЭНДОРЖИЙН 70 НАСНЫ ОЙ ТОХИОЖ БАЙНА
АКАДЕМИЧ Д.ЦЭВЭЭНДОРЖИЙН 70 НАСНЫ ОЙ ТОХИОЖ БАЙНА

ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн хамт олон тус хүрээлэнгийн зөвлөх, Монгол улсын “Шинжлэх ухааны гавъяат” зүтгэлтэн, ШУА-ийн жинхэнэ гишүүн-академич, түүхийн шинжлэх ухааны доктор, профессор, археологич Дамдинсүрэнгийн Цэвээндоржийн мэндэлсний 70 насны ойг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлж байна.

            Д.Цэвээндорж нь 1949 онд Архангай аймгийн Өндөрсант сумын нутагт төрсөн бөгөөд 1966 онд Өвөрхангай аймгийн Хужиртын 10 жилийн сургуулийг төгсөн ШУА-ийн нэр дээр ЗХУ (тухайн үеийн нэршлээр)-ын Ломоносовын нэрэмжит Москвагийн их сургуульд элсэн “археологич” мэргэжлээр суралцжээ. Сургуулиа төгсөөд ШУА-ийн Түүхийн хүрээлэнд 1972 онд эрдэм шинжилгээний дэд ажилтанаар ажилласнаар эрдэм судлалын ажлын гараагаа эхлүүлсэн байна.

            Тэрээр, 1989 оноос Түүхийн хүрээлэнгийн Археологийн секторын эрхлэгч, 1999 оноос Археологийн судалгааны төвийн захирал, 2002 оноос ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн захирал, 2015 оноос ШУА-ийн Түүх, Археологийн хүрээлэнгийн Археологийн судалгааны төвийн эрхлэгч, 2019 оны 09-р сараас ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн зөвлөхөөр тус тус ажиллаж байна.

            Д.Цэвээндорж нь 1983 онд түүхийн ухааны дэд эрдэмтэн, 1998 онд түүхийн ухааны докторын зэргийг хамгаалж, 1995 онд дэд профессор, 1996 онд профессор цолыг тус тус хүртсэн бөгөөд 2017 онд Монгол улсын ШУА-ийн жинхэнэ гишүүн-академичаар сонгогдсон юм.

            Тэрбээр, энэ хугацаанд нэгэн сэдэвт зохиол 54, хамтын бүтээл 60, эрдэм шинжилгээний өгүүлэл 400 гаруйг өөрийн орны болон ОХУ, БНУУ, Бельгийн вант улс, ХБНГУ, Япон улс, АНУ, Итали улс, БНСУ, БНФУ, БНХАУ, БНКУ зэрэг орнуудын нэр хүндтэй сэтгүүлүүдэд хэвлүүлээд байна.

Д.Цэвээндоржийн шинжлэх ухааны хөгжилд оруулсан хувь нэмрийг төр засгаас өндөөр үнэлэн 2006 онд “Шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн” цолоор шагнасан юм.

Д.Цэвээндоржийн 70 насны ойг тэмдэглэх ажлын хүрээнд, олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж, “Археологич Дамдинсүрэнгийн Цэвээндорж” товхимолыг хэвлэн гаргажээ.  Өнөөдрийн  эрдэм шинжилгээний хуралд Монголын судлаачдаас гадна ОХУ, АНУ, Япон, ХБНГУ, БНСУ-ын эрдэмтэн судлаачид хүрэлцэн ирж илтгэл хэлэлцүүлж байна.

 

 

                                               


Бусад мэдээлэл