Вэбсайтын цэс
Хэлний сонголт
Монгол улсын Шинжлэх Ухааны Академид Вьетнамын Шинжлэх ухаан, технологийн академийн төлөөлөгчид айлчиллаа
Монгол улсын Шинжлэх Ухааны Академид  Вьетнамын Шинжлэх ухаан, технологийн академийн төлөөлөгчид айлчиллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч, Намын Ерөнхий нарийн бичгийн дарга То Ламын тэргүүтэй төлөөлөл төрийн айлчлал хийлээ. Тус төрийн айлчлалын хүрээнд 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Монгол Улсын Шинжлэх ухааны академи болон Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Шинжлэх ухаан, технологийн академи хооронд “Харилцан ойлголцлын санамж бичиг” байгууллаа.

Вьетнамын шинжлэх ухаан, технологийн академийн Ерөнхийлөгч, профессор, академич ЧАУ Ван Мин, Гадаад харилцааны газрын дарга Ли Оуен Лиэн нар  Монгол Улсын Шинжлэх Ухааны Академид 2024 оны 09 дүгээр сарын 30-аас 10 дугаар сарын 01-ний өдрүүдэд зочлон цаашдын хамтын ажиллагааны тухай харилцан санал солилцож, хамтран хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүд, хийх ажлын төлөвлөгөөний талаар ярилцаж зарим хүрээлэнгүүдтэй танилцлаа.

Хоёр академийн хооронд байгуулсан хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд дараах чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцов.

  • Хамтарсан сургалт, судалгаа эрхлэх;
  • Эрдэмтэн, эрдэм шинжилгээний ажилтан, оюутан солилцох;
  • Хамтарсан хурал, семинар, зөвлөгөөн зохион байгуулах;
  • Шинжлэх ухааны мэдээ, мэдээлэл, өгөгдөл, туршилтын үр дүнг солилцох;
  • Туршилт судалгааны тоног төхөөрөмж, техникийн баримт бичиг солилцох;
  • Туршилт, судалгаа, эрдэм шинжилгээ, мэргэжлийн болон үйлдвэрлэлийн байгууллагуудтай харилцах;
  • Стандартчилал, баталгаажуулалт, арга зүйн чиглэлээр хамтран ажиллах зэрэг болно.

Вьетнамын шинжлэх ухаан, технологийн академийн төлөөлөгчид  ШУА-ийн Биологийн хүрээлэн, Хими, химийн технологийн хүрээлэнгийн үйл ажиллагаатай танилцаж хамтын ажиллагааны боломжийн талаар ярилцав. Айлчлалын төгсгөлд Шинжлэх Ухааны Академид хийсэн хоёр талын яриа хэлэлцээр, харилцан тохиролцсон асуудлын мөрөөр хоёр академийн харьяа хүрээлэн, холбогдох байгууллагууд идэвх, санаачилгатай ажиллаж хамтын ажиллагаа, харилцаанд бодит үр дүн гарахад нэгдлээ.


Бусад мэдээлэл