АКАДЕМИЧ Ч.ДУГАРЖАВ: МАНАЙ ОРОН ОЙ МОД МУУТАЙД ОРНО
Жил бүрийн гуравдугаар сарын 21-ний өдрийг “Ойн өдөр” болгон дэлхий даяар тэмдэглэдэг. Энэ өдрийг тохиолдуулан ШУА-ийн Ерөнхий ба сорилын биологийн хүрээлэнгийн тэргүүлэх ажилтан, ой судлаач, академич Ч.Дугаржавтай уулзаж хөөрөлдлөө.
-Олон улсын ойн өдрийг тохиолдуулан оюутнууд “Ойн боловсрол” сэдэвт нийтлэлээ сая танилцууллаа. Ойн боловсролын талаарх сэдэв өргөн хүрээг хамарна биз?
-БОАЖЯ, МУИС хамтраад олон улсын ойн өдрийг улсын хэмжээнд “Ой ба боловсрол” сэдвийн хүрээнд зохион байгуулж байна. Бүх нийтийн боловсролоос эхлээд дунд сургуулийн боловсрол цаашлаад коллеж болон их, дээд сургуулийн боловсролын хэмжээнд “ойн боловсрол” гэдгийг авч үздэг юм. Энэ удаагийн арга хэмжээг их, дээд сургуулиудын хэмжээнд явуулж байна. Ингэхдээ боловсролыг хэрхэн яаж дээшлүүлж, чанартай болгох вэ гэсэн чиглэлтэйгээр эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулж байгаа юм.
-Ой гэснээс манай оронд хэдэн төрлийн мод ургадаг вэ?
-Ойн судалгаа шинжилгээний үр дүнгээс үзэхэд Монгол орны ойн санг 140 гаруй зүйлийн мод, сөөг бүрдүүлдэг гэсэн дүн гарсан. Ялангуяа ойг бүрдүүлэгч гол мод болох шилмүүст болон навчит моддыг голлон авч үздэг. Манай орны ойг 10 гаруй төрлийн шилмүүст мод бүрдүүлдэг. Энэ дотроос зонхилох нь шинэс мод. Үүнийг хүмүүс хар мод гэж ярих нь бий. Хар мод буюу шинэс ойн сангийн нөөцөөрөө 70 орчим хувийг бүрдүүлдэг. Дараагаар нь хуш мод орно. Харин гуравдугаарт, нарс мод зонхилж ойг бүрдүүлнэ.Үлдсэн багахан хувийг бусад мод эзэлнэ.
-Монгол орон уур амьсгалын хувьд эрс тэс. Манайх шиг уур амьсгалтай оронд ямар мод ургуулбал тохиромжтой байдаг юм бол?
-Судалгаа шинжилгээгээр авч үзсэн ч, практик талаас нь үзсэн ч Монгол оронд ургуулах модыг сонгохдоо бүс нутгийнх нь онцлогт тохируулах нь чухал. Өөрөөр хэлбэл, бүс нутагт нь элбэг өргөн тархсан модыг тарилт, ойжуулалт, ойн үржүүлэгт ашиглах нь тодорхой харагдсан. Иймээс манай оронд эхний ээлжинд хойт бүс нутагтаа хар мод, нарсыг илүү ургуулах хэрэгтэй байна. Ойт хээрийн бүсэд шинэснээс гадна навчит мод, хус болон хайлаас зэрэг модыг тарьж ургуулахад тохиромжтой. Харин говийн бүсэд заг, тоорой, хайлаас зэрэг модыг илүү тарьж ургуулах нь үр дүнтэй болох нь туршилт, судалгааны явцад нотлогдоод байгаа.
-Нийслэлд мод тарихаар дорхноо хагдарч, ус чийгээ алдах нь элбэг байх шиг. Энэ юунаас үүдэлтэй вэ?
-Улаанбаатар хот газар зүйн ландшафтын хувьд голын хөндий татмын мод ургамал цөөтэй, хуурай газар. Мөн уулархаг, уулын урд талын энгэр тал нь зонхилсон газарт нийслэл маань байгуулагдсан. Ой мод ургах байгаль экологийн нөхцөл гэж бий. Хур тунадасын болон чийгийн хэмжээ, хөрсний үржил шим, усан хангамж зэрэг үзүүлэлтээрээ мод ургамал ургахад тохиромжгүй гэж хэлж болохуйц нөхцөлтэй. Иймээс мод ургамал муу ургадаг. Тиймээс тарьсан модыг арчилж тордон ургуулах болон ургах тохиромжтой нөхцөлийг нь бүрдүүлэх нь чухал асуудал болоод байна. Тэр нөхцөлийг бүрдүүлсэн үед л мод ургамал ургана.
-Мод ургамал ургах нөхцөл гэхээр яалт ч үгүй хөрс чухал даа?
-Мод тарихад юуны урьд ямар мод тарих вэ гэдгээс их юм хамаарна. Тарих модныхоо байгаль дээр байдаг хөрстэй нь аль болох ойр болгосон хөрсийг бүрдүүлэх хэрэгтэй. Улаанбаатарт баригдсан байшин барилга, талбайн газруудад ерөөсөө ойн хөрс байхгүй. Голдуу Туул голын өндөрлөг дэнж бүхий сайрлаг хайр чулуун үржил шим багатай хар шороон нимгэн хөрстэй. Тэр нь үсрээд л 10 см-ээс хэтэрдэггүй. Тэгээд доошоогоо чулуу, хайрга чулуу болоод явчихдаг. Энийг л их тооцоолж, хөрсийг бүрдүүлэхэд анхаарах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, хөрсийг зохиомлоор бий болгоно. Зохиомол хөрсийг бий болгож байж дараа нь модоо тарих ёстой гэсэн үг.
-Хөрсийг зохиомлоор яаж бий болгох вэ?
-Хөрсийг зохиомлоор бий болгож болно. Манайхан өөрсдөө зохиомлоор бий болгохгүйгээр олон жил ашигласан практик байна. Энэ бол уулнаас авч ирсэн модыг тэр уулынх нь хар шороон хөрстэй хамт ухаж ирдэг арга. Нөгөөтэйгүүр мөн л тэр уул орчмынх нь хөрсийг зөөж, тээвэрлэж авчраад модныхоо дор дэвсдэг арга байсан. Нэг талаар энэ арга болж байгаа. Орчин үед зохиомол үржил шимтэй хөрсийг бий болгож байна. Энэ нь янз бүрийн био бордоо, органик бордоо, зарим тохиолдолд химийн бордоог ашиглаад хөрсөө бий болгох юм. Тухайн хөрсөө тарьж байгаа модныхоо дор хийж өгдөг арга л даа. Энэ манайд арай өргөн дэлгэр хийгдэхгүй байгаа ч тодорхой хэмжээгээр хийж байгаа.
-Нийслэлд хөрсийг зохиомлоор бий болгоод мод тарихаас гадна хүнсний ногоо ч тарьж болох нь ээ?
-Ийм жишээ бий. Өөрийн хашаа, хувийн аж ахуйдаа жимс, жимсгэний мод тарьж ургуулахад хөрсийг зохиомлоор бий болгож байгаа. Үүнийг хотын ногоон байгууламжид тарьж, турших хэрэгтэй. Мод ургамал өөрөө маш их хэмжээний био бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Тухайлбал, намар навч шилмүүс асар их унадаг. Энэхүү унасан навч шилмүүс, боргоцой зэрэг үлдэгдлийг дахин боловсруулж, хөрс үүсгэхэд давхар ашиглах хэрэгтэй. Тэгтэл манайхан хог шиг л навч шилмүүсийг нь түүгээд шатаачихдаг. Байгалиас заяасан асар их бордоог бид ашиглахгүй хаяж байгаа жишээ энэ.
-Европын болон Азийн улс орнуудад мод ургамал нь жигдрээд сэтгэл татам сайхан байдаг. Тэгэхэд манай уур амьсгалаас ч болдог сон уу олигтой мод ургамал ч байдаггүй. Тиймээс ч Монголын гэх алдартай шар түйрэн дэгдэж далайн чинад хүрлээ гэх юм. Нэгэн үе энэ шар шороон шуургыг хазаарлан тогтоочихно гээд “Ногоон хэрэм” гээд шуугиад байсан маань цаасан дээр л төсөл төдий болчихсон уу, яасан бэ?
-Ногоон хэрэм гэх ойлголт төв Азийн хуурай эрс тэс уур амьсгалтай, салхи шуурга ихтэй газар л анх үүссэн. Манай өмнөд хөрш Хятадад “Ногоон хэрэм”, “Ногоон хана” гэдгийг олон жилийн өмнөөс бий олгосон. Манай оронд 1996 оноос эхлээд БНСУ-ын хөрөнгө санхүүгийн тусламж дэмжлэгтэйгээр “Ногоон хэрэм” байгуулах хөтөлбөр боловсруулж, сан байгуулж ажил эхэлсэн л дээ. Энэ ажлыг Төв аймгийн Заамар, Өмнөговь аймгийн төв болон Ховд аймгийн Булган сум зэрэг газруудад сүүлийн хориод жилд амжилттай хэрэгжүүлж байгаа. Ногоон хэрмийг хэрвээ байгуулж чадвал энэ нь олон талын ач холбогдолтой. Нөгөөтэйгүүр цөлжилтийг зогсоох үүрэгтэй. Хоёрдугаарт хүрээлэн буй орчны цаг уур, уур амьсгал, усны горимыг зохицуулахад ногоон хэрэм эерэг сайн нөлөөтэй. Хүний амьдрах орчныг хүртэл зөөллөх, таатай нөхцөлийг бүрдүүлэх гэх мэтийн экологийн өндөр ач холбогдолтой.
-Цөлжилтийг хөрсний доройтол гэж ойлгож болох уу?
-Цөлжилтийн конвенц гэж олон улсын тодорхойлолт байдаг. Ургамал мод нь үгүй болж ор мөргүй устах, хөрсний доройтолд орох нэг үзүүлэлт байна. Нөгөөтэйгүүр бас агаарын нэмэх хэм хэвийн хэмжээнээс хоёр гурав дахин ихэсч агаар хуурайших, байгалийн хур тунадас орохгүй болох, хөрсний гүний ус доошлох зэрэг олон үзүүлэлтээр цөлжилтийн процессыг тодорхойлдог. Манайхан голдуу ойлгохдоо ер нь хөрс нь ургамалгүй улаан халцгай болоод шороо шуурах, салхи их босохыг л цөлжилт гэж хэлдэг. Тэр нь яахав илэрч байгаа процессоор нь хэлж байгаа болохоос биш цаанаа цөлжилт бол байгаль экологийн уур амьсгалын иж бүрэн нөхцөлүүдээр тодорхойлогддог ойлголт л доо.
-Хавар болохоор модны цагаан хөвөн хийсч эхэлнэ. Үүнийг эрүүл мэндэд хортой, хоргүй гээд ярьцгаадаг даа?
-Улаанбаатар хотод ногоон байгууламж бий болгохдоо модны төрөл зүйлд нэг их анхаараагүй. Хурдан ургадаг гэдгийг нь бодоод улиас модыг их тарьж ургуулсан. Улиас мод өөрөө хоёр гэрт ургамал байгаа юм. Эр, эм нь тус тусдаа байдаг. Энэ цагаан хөвөн тардаг нь эм улиасан дээр боловсорсон үр гадуураа хөвөнцөр зүйтэй. Хөвөн дотор үр нь байдаг. Тэр үрээ салхиар тараадаг зохицолгоотой мод л доо. Тэр эм модыг нь одоо эм модны мөчрөөр ургуулсан тарьц, суулгацыг их тарьснаас болоод нийслэлд долдугаар сарын эхээс эхлээд хөвөн их тарж хийсч байгаа юм. Үүнээс сэргийлэх бүрэн бололцоотой.
-Яаж сэргийлэх билээ?
-Цаашдаа энэ эм модны мөчрөөр мод ургуулж эм модны суулгац тарихыг болих хэрэгтэй. Нөгөөтэйгүүр энэ хавар тавдугаар сарын сүүлчээс эхлээд навч, шилмүүс гараад эхлэх, гарахаас нь өмнөхөн тэр модны титмийг тайрах хэрэгтэй. Хөвөнтэй, ялангуяа залуу мөчрүүдийг нь тайрчих хэрэгтэй. Тэгэхэд эрс багасна. Хөвөн тарахын өмнөхөн тэр задраад унахад бэлэн болчихсон байдаг. Тэр үед нь хүчтэй даралттай усаар шүршээд тэрийг дор нь буулгаад авчихаж болно. Үгүй бол тодорхой доргиох машин техник багажаар хөвөн тарахаас нь өмнө хөвөнг нь сэгсрээд буулгаад авчих гэх мэтийн механик тэмцэх аргууд байдаг. Тэрийг хэрэглэж болно. Манай ногоон байгууламж хариуцсан мэргэжилтэй улсууд тийм арга хэмжээ авахгүй байгальд нь орхичихоод байдаг. Тиймээс ингэж их тараад байгаа юм. Эрүүл мэндийн байгууллагаас “Улиасны хөвөн хүний амьсгалын замаар орж алергин янз бүрийн өвчин үүсгэдэг, амьсгалын замын өвчний эх сурвалж нь болдог. Ийм мод тарихгүй байх хэрэгтэй” гэж санал хүсэлт их тавьж байгаа л даа.
-Ингэхэд манай орны хэдэн хувь ой модтой юм бэ?
-Монгол орон бол дэлхийн бусад улстай харьцуулахад ой модоор бага орны тоонд ордог. Нийт газар нутгийн хэмжээг ойгоор бүрхсэн талбайд нь харьцуулж, процентоор илэрхийлдэг юм. Тэр үзүүлэлтээр ойрхог чанар Монгол оронд долоо найман хувь гэсэн тоо гарч байгаа. Ой багатай л орны тоонд орно. Ер нь Олон улсын стандарт хэмжээгээр тооцож үзвэл нутаг дэвсгэрийнх нь 30 орчим хувь нь ойтой байвал ерөнхийдөө тэр орон зохимжтой ойтой байна гэж үздэг. Зарим орны 80-90 хувь нь битүү ойтой байна шүү дээ. Ой мод багатайгаас гарч байгаа сөрөг нөлөө ялангуяа экологи, уур амьсгалд илэрч байна. Өөрөөр хэлбэл, цөлжих, хуурайших, ган гачиг гарах, хур тунадас багасах. Эд цөм сөрөг нөлөө. Хэдийгээр манай орон ой модоор бага ч гэсэн энэ байгаа ойгоо хамгаалаад явбал сайн. Айл болгон, хүн болгоны экологийн боловсролыг дээшлүүлээд мод ургамлаа хайрлан нэг ширхэг мод ч гэсэн таривал манай орны ойн талбай ихэснэ.
ӨДРИЙН СОНИН
Л.БАТЦЭНГЭЛ
Бусад мэдээлэл