Шинжлэх ухааны академийг түшиглэн магистр, доктор
бэлтгэх Ахисан түвшний их сургууль /UMAS/ байгуулах Засгийн газрын тогтоол өнгөрсөн сард
гарсан.
Энэ хүрээнд ШУА, БНСУ-ын Шинжлэх ухаан, технологийн их сургуультай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж байна. Тус санамж бичгийг байгуулахаар БНСУ-ын ШУТИС/UST/-ийн захирал Ким И Хуан тэргүүтэй төлөөлөгчид монголд зочилж, ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл, БНСУ-ын ШУТИС/UST/-ийн захирал Ким И Хуан нар өнөөдөр санамж бичгийг үзэглэлээ.
Хамтын ажиллагааны хүрээнд талууд шинжлэх ухаан, технологийн судалгаа
хөгжүүлэлт, инновац болон боловсролын хамтын ажиллагааны чиглэлээр ажиллана.
Тодруулбал:
· Судалгааны
хүрээлэнгүүдийг түшиглэн ахисан түвшний их сургууль UMAS-ийг байгуулах,
шинжлэх ухааны төсөлд суурилсан сургалтын тогтолцооны талаар харилцан туршлага
солилцох
· Хамтарсан хөтөлбөр бий болгох
· ШУТ-ийн хүний нөөцийг хөгжүүлэх
зорилгоор эрдэмтэн солилцооны хөтөлбөр бий болгож ажиллах юм.
ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл: UMAS сургууль нь улсын төсвөөс тусгай зардал шаардахгүй
Өнөөдөр Монгол улсын шинжлэх ухаан, дээд боловсролын салбарын хүний нөөц бэлтгэх чиглэлийн томоохон үйл ажиллагаа албан ёсоор эхэлж байна. ШУА-ийг түшиглэн Ахисан түвшний их сургууль байгуулах Засгийн газрын тогтоол өнгөрсөн наймдугаар сарын сүүлчээр гарсан. Тухайн шийдвэрийн дагуу ШУА-ийг түшиглэсэн UMAS сургууль маань гадаадын эрдэм шинжилгээний байгууллагыг түшиглэсэн их сургуультай хамтын ажиллагааны анхны гэрээг байгуулж байна. Ахисан түвшний энэ сургууль байгуулагдаж байгаа нь монголын дээд боловсролын салбарт болж байгаа шинэлэг үйл явдал юм. Тодруулж хэлбэл энэ сургууль нь бусад уламжлалт их сургууль шиг том байшин, барилга, лаборатори, оюутны лекцийн танхим байгуулаад байх шаардлагагүй. Төрийн өмчит эрдэм шинжилгээний байгууллагууд, лаборатори, танхимууд болон тэнд ажиллаж буй эрдэмтэн багш нарыг түшиглээд сургалт явуулах юм. Хамгийн гол онцлог нь эрдэм шинжилгээний байгууллагуудад хэрэгжиж байгаа судалгааны төслүүд дээр түшиглэж сургалт явагдана. Тиймээс улсын төсвөөс тусгай онцгой зардал гаргаад байхгүйгээр зөвхөн ахисан түвшний шинжлэх ухаан технологийн инновацын салбарт шаардлагатай нарийн мэргэжлээр доктор, магистр бэлтгэх зорилготой үйл ажиллагаа явуулах зорилготой.
Олон жилийн туршлагатай, дэлхийн 60 гаруй улсад өндөр түвшний боловсон хүчнийг бэлдэж өгдөг UST сургуулийн арвин их туршлага манай улсын хувьд маш их хэрэг болно. UMAS сургууль нь төсвөөс онцгой хөрөнгө шаардахгүй үйл ажиллагаа явуулаад зогсохгүй, цаашлаад өндөр технологийн компаниудын захиалгаар өндөр түвшний боловсон хүчин бэлдэж өгч болж байна. Мөн их сургуулиудын захиалгаар, Засгийн газрын захиалгаар жилд цөөн тооны өндөр түвшний хүн бэлдэх зорилготой үйл ажиллагаа өнөөдөр эхэлж байна.
Монгол улсын засгийн газраас шинжлэх ухааны тэргүүлэх чиглэлийг баталчихсан байдаг. Энэ чиглэлээр төлөвлөгөөний дагуу бид монгол улсын шинжлэх ухаан технологийн маргаашийг бий болгох манлайлагчдыг албан ёсоор зорилго, чиглэлтэй бэлтгэж эхэлнэ гэсэн үг.
БШУЯ-ны газрын дарга Д.Баттогтох: UMAS сургуулийг байгуулах үндсэн шалгаан нь сургалт-судалгаа-үйлдвэрлэлийн холбоосыг бий болгох
Манай улсад сургалт-судалгаа нь үйлдвэртэйгээ сайн холбогдож өгдөггүй нэг сул тал байдаг. Өнөөдрийн энэ уулзалтаар БНСУ-ын ШУТИС/UST/-тай саяхан гарсан Засгийн газрын тогтоолын дагуу байгуулагдсан ШУА-ийг түшиглэсэн UMAS сургууль хамтран ажиллахаар боллоо. Шинээр байгуулагдаж буй энэ сургуулийн сургалтын үндсэн концепци нь саяны миний дурдсан сургалт-судалгаа- үйлдвэрлэлийг холбож байгаагаараа онцлогтой. Өөрөөр хэлбэл, эрдэм шинжилгээний байгууллагуудад явагдаж байгаа төслүүдэд суурилж сургалтын үйл ажиллагааг явуулах үндсэн агуулгатай сургалтын системтэй сургууль байгуулагдаж байгаагаараа онцлог. Тэгэхээр энэ сургууль дээр оюутны тоо гэхээс илүү оюутны чанарт анхаарна.
UMAS сургуулийг байгуулах болсон үндсэн шалгаан нь дээр дурдсанчлан сургалт-судалгаа-үйлдвэрлэлийн холбоосыг бий болгох асуудал байсан.
БНСУ-ын ШУТИС/UST/-ийн захирал Ким И Хуан: UST сургуулийн гол онцлог нь улсынхаа шинжлэх ухаан технологийг хөгжүүлэх төсөлд шууд оролцоод явдгаараа онцлог
Манай сургууль 2003 онд байгуулагдсан. USТ сургуулийн онцлог нь бусад их сургуулиудад байдаггүй боломжуудыг бий болгож чаддаг. Хоорондын харилцаа, шинжлэх ухааны аргазүй, шинжлэх ухааны маш олон чиглэлээр хүмүүст нөлөөлөл үзүүлж, оролцуулж чаддагаараа онцлог юм.
Манай сургуулийн гол онцлог нь улсынхаа шинжлэх ухаан технологийг хөгжүүлэх төсөлд шууд оролцож ажилладаг. Тухайн төслөөсөө зардал мөнгө шийдэгдээд явчихдаг. Тиймээс энэ сургуулийн оюутан бол шууд үйлдвэрлэл дээр гарах, шууд судалгааны талбарт орох боломж илүү нэмэгддэг. Түүгээр бусад их сургуулиас ялгаатай.