“Торгоны замын хөгжилд Төв Азийн нүүдэлчдийн гүйцэтгэсэн үүрэг” эрдэм шинжилгээний хурал өнөөдөр /2019,10,11/ ШУА-ийн Археологийн хүрээлэн дээр болж байна.
Эрдэм шинжилгээний хурлын зорилго нь Түүхийн турш Торгоны замын хөгжилд нүүдэлчид, ялангуяа Монгол улсын нутагт байсан нүүдэлчдийн гүйцэтгэсэн үүрэг, Торгоны замын дагуух улс үндэстнүүдийн харилцан нөлөөлөл, уламжлал хийгээд нүүдэлчдийн оруулсан хувь нэмрийг түүх, археологийн судалгааны хүрээнд тодруулна.
Дэлхий нийтэд Торгоны зам хэмээн алдаршсан энэхүү зам нь эрт үеэс өрнө дорныг холбож, соёл боловсрол, технологийн
дэвшлийг хооронд нь солилцуулдаг байсан 13 000 гаруй км үргэлжилсэн их зам байсан
билээ. Энэхүү зам нь анх төмөрлөг үүссэн үеэс эхтэй хэмээн дийлэнх судлаачид
үздэг. Дорноос Хятадын эртний нийслэл Чан Ань, Луо Ян зэрэг хотуудыг дайрч
баруун тийш Хами, Турфаны хөндийг туулан өнөөгийн Казахстан, Узбекстан,
Туркменстан гэх мэт улсын нутаг дэвсгэрт байсан баянбүрдийн хотуудыг дайран
цааш Ромын нутаг хүрдэг байжээ. Торгоны зам нь Өрнө Дорнын соёлыг холбоод
зогсохгүй Хятадын цагаан хэрмийн өмнөд болон хойд бүс нутгийг худалдаа, эдийн
засаг, соёлын хувьд холбож өгөх гол хөшүүрэг болж байв.
Хүннүгээс хойших
нүүдэлчдийн төр улсууд мөн л энэхүү замд хяналтаа тогтоох зорилгоор цэрэг дайны
ажиллагаа явуулдаг байсан бөгөөд XIII зууны Монголын Эзэнт гүрний үед Торгоны
зам тал нутгаар явж Хархорумын дайран өнгөрч байсныг батлах баримт түүх,
сурвалжид олон дурдагдах бөгөөд археологийн малтлага судалгаагаар илэрч буй
олдвор хэрэглэгдэхүүн ч үүнийг давхар нотолж байна. Үүнтэй холбоотойгоо Тал
нутгийн торгоны зам хэмээх Их Торгоны замаас салбарлан умардын тал нутгийн
өндөрлөг рүү чиглэсэн зам байсныг тодруулах зорилготойгоор 2016-2019 оны
хооронд “Торгоны замын хөгжилд Төв
Азийн нүүдэлчдийн гүйцэтгэсэн үүрэг” суурь судалгааг хийж буй юм.
НТӨ 209 онд Модун
шаньюй Хүннү улсыг шинээр эмхлэн байгуулж, Төв Азийн түүхэн дэх хүчирхэг гүрэн
байгуулснаар бусад улс орноос цэрэг дайн, эдийн засаг, худалдааны талаар
тэргүүлэх хэмжээнд хүрсэн хэмээн хэлж болно. Энэ үед хүннү нар нэгдмэл зохион
байгуулалтад орж Юэжи, Канжюй, Усунь нарыг эрхшээлдээ оруулснаар баруун талын
олон хот улстай хил нийлж Торгоны замд шууд хяналтаа тогтоох боломжтой болжээ.
Ингэснээр Хүннү улс нь тухайн үеийн хамгийн хүчирхэг гүрэн болж байв. Нүүдэлчид
болон суурин иргэдийн хоорондын цэрэг дайны тэмцлийн нэг шалтгаан нь уг замд
хэн нөлөөллөө тогтоохоос болж байсан хэмээн хэлж болно. Торгоны зам нь Өрнө
Дорныг холбохоос гадна, Умард Өмнөдийг эдийг засаг, соёлын харилцаа солилцооны
зам байжээ. Үүнээс Торгоны замын хөгжил цэцэглэлт нь тухайн үедээ ямар чухал,
давуутай зүйл болж байсан нь харагддаг. Нүүдэлчид өөрсдийн газарзүйн ашигтай
байрлал болох Хатан голын Бор тохойгоос Шинжаан, Тэнгэр уулын орчмын замд
голлон хяналтаа тогтоож байсан байдаг.
Монгол хэлэнд Монгол
нутагт байдаггүй амьтан ургамлыг нэрлэдэг үг олон байдаг нь энэ л замаар дамжин
ирсэн зүйлийг хэдийнээ таньж мэдсэн байсны ул мөр тийнхүү үгийн санд үлдсэний
баримт болох юм. Арслан, заан, бич, үчимбэр, тогос, тоть гэх мэт бол ургамалын
зүйлд усан үзэм, шийгуа гэх мэт олон жишээг дурдаж болно. Торгоны замыг
нүүдэлчид хүчирхэг үедээ хяналтандаа байлгаж байсан цаг үед шинэ технологи, шинэ
нээлтийг бусдын адил хүртэж, тэдгээрийг өдөр тутмын амьдрал ахуйдаа өргөн ашигладаг
ард түмэн байсан нь өнөөгийн археологийн судалгаанаас илэрч буй олдвор
хэрэглэгдэхүүн бүрэн гэрчилж байна.
Тус хуралд Торгоны
замаар өнөөгийн Монгол нутагт шашин, соёл хэрхэн нэвтэрч байсан, түүхийн үе үед
энэхүү түүхэн зам нь чухам хаагуур хэрхэн явж өнгөрч байсныг түүх, археологи,
сурвалж судлал, хэл шинжлэл гэх мэт тал бүрээс нь авч шинжилсэн бүтээлүүдийг
хэлэлцүүлж байна. Уг хуралд ШУА-ийн Археологийн хүрээлэн, Түүх, угсаатны зүйн
хүрээлэн, МУИС, Улаанбаатарын Их сургууль, ОХУ, Солонгосын судлаач, багш нар
оролцсон 20 гаруй судлаачдын бүтээл хэлэлцүүлэгдэж байна.