Вэбсайтын цэс
Хэлний сонголт
“НҮҮДЛЭЭС СУУРЬШИЛД” СЭДЭВТ ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ БОЛЛОО
“НҮҮДЛЭЭС СУУРЬШИЛД” СЭДЭВТ ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ БОЛЛОО

Нийслэл хот үүсэн байгуулагдсаны 375 жилийн ойн хүрээнд Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн Архивын газар, Шинжлэх ухааны академийн Түүхийн хүрээлэн хамтран “Нүүдлээс суурьшилд” сэдэвт оюутны эрдэм шинжилгээний бага хурлыг 10 дугаар сарын 22-ны өдөр  зохион байгууллаа.

Энэхүү арга хэмжээ нь нийслэлийн үүх түүхийг судлах, сурталчлан таниулах, оюутан залуусын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, судалгаа шинжилгээний ажилд нь дэмжлэг үзүүлэх, олон нийтийн хүртээл болгох зорилготой бөгөөд уг арга хэмжээнд түүх, нийгэм, хот судлалын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг 9 их, дээд сургуулийн 36 оюутан оролцлоо.

Хуралд Монголын  их, дээд сургуулийн эрдэмтэн багш нар, түүнчлэн нийслэлийн төр захиргааны байгууллагуудад ажиллаж байсан болон төрийн архивт хувийн хөмрөг үүсгэсэн ахмад буурлууд зэрэг 50 гаруй хүн урилгаар оролцсон юм.

Эрдэм шинжилгээний бага хурлын шүүгчээр Шинжлэх ухааны Академийн Түүхийн хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор Б.Пунсалдулам, Монгол Улсын Боловсролын их сургуулийн Нийгэм хүмүүнлэгийн сургуулийн Түүхийн тэнхимийн эрхлэгч, доктор, Профессор Ж.Гэрэлбадрах, Улаанбаатар хотын музейн Эрдэм шинжилгээний ажилтан Г.Очбаяр нар ажиллалаа.

Илтгэгчдийг 2 үе шатаар дүгнэж, 10 дугаар сарын 22-ны өдөр 2 дугаар шатанд шалгарсан 15 илтгэлийг хэлэлцүүлж, тэргүүн 1-3 дугаар байр, тусгай 1 байрыг шалгаруулжээ. Үүнд I байранд МУБИС-Нийгэм хүмүүнлэгийн ухааны сургуулийн 4 дүгээр курсийн оюутан С.Энх-Амар “Их Хүрээний түүхэнд холбогдох нэгэн зургийн тухай” сэдвээр, II байранд МУБИС-НХУС-Түүх-3 дугаар курсийн оюутан С.Батням  “Жибзундамба хутагтын хүрээ хэдэн удаа нүүсэн бэ?” сэдвээр, III байранд СУИС-ийн Дүрслэх урлагийн дизайны сургуулийн 3 дугаар курсийн оюутан Г.Болорцэцэг “Хот суурингийн үүсэл хөгжил, түүнийг дагасан 100 орчим жилийн хувцаслалтын хувьсал” сэдвээр илтгэл хэлэлцүүлж шалгарчээ. Харин тусгай байранд   ШУТИС-БИАС Архитектурын ангийн магистрант Ц.Энхжин, Д.Бямбазаяа нар “Нүүдлээс суурьшилд шилжихэд тулгарсан байгалийн гэрэлтүүлгийн асуудал” сэдвээр шалгарч “Шилдэг илтгэгч” өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдав.

Энэхүү арга хэмжээ нь оюутан залуусын хувьд улс эх орныхоо түүхийн нэгэн зурвас үеийн талаар тодорхой цэгцтэй үнэн бодит мэдлэг, мэдээлэл олж аваад зогсохгүй, Монгол орны нүүр царай болсон нийслэлийн Улаанбаатар хотын 375 жилийн хугацаанд танигдашгүй болтол өөрчлөгдөн хөгжсөн түүхэн замнал, ололт амжилт, тэрчлэн тулгарч байгаа бэрхшээл, түүнийг арилгах арга зам, асуудал сэдвийн талаар санал дүгнэлтээ илэрхийлж, тодорхой асуудлыг дэвшүүлсэн, үр дүнтэй арга хэмжээ болсон хэмээн дүгнэж байна.

Мөн энэ үеэр Монгол улсын Шинжлэх ухааны Академиас Нийслэлийн Засаг Даргын Тамгын газарт ойн баярын мэндчилгээ дэвшүүлж, 1800-аад онд Хан уулын ард Өргөө хот төвхнөн тогтож буй ховор уран зургийг 10 дугаар сарын 30-ны өдөр нийслэлийн удирдлагуудад бэлэг болгон гардуулж өглөө.

Энэхүү зураг нь ОХУ-ын Санкт-Петербург хотын Эрмитаж улсын музейн хөмрөгт хадгалагдан үлдсэн байдаг бөгөөд Оросын аялагч Ж.Рехманн 1805-1806 оны хооронд Өргөө хотоор дамжин Бээжинд аялахдаа зурсан аж.



Бусад мэдээлэл