Монголын үндэсний сэхээтний нэрт төлөөлөгч Мөнх-Очирын Гомбожавын мэндэлсний 110 жилийн ойд зориулсан “Мэргэн Гүн Гомбожав: амьдрал өв” олон улсын эрдэм шинжилгээний хурал, гэрэл зургийн үзэсгэлэнг Монгол Улсын Шинжлэх ухааны академи, Түүх, археологийн хүрээлэн, Хөвсгөл аймгийн Рашаант сумын Засаг даргын тамгын газар хамтран 8 дугаар сарын 19-ний өдөр боллоо.
Хуралд Монгол, ОХУ-ын эрдэмтэд 20 гаруй илтгэл хэлэлцэхийн зэрэгцээ гэрэл зургийн үзэсгэлэн гарсан юм.
Монголын үндэсний сэхээтний нэрт төлөөлөгч, шинжлэх ухааны анхны боловсон хүчний нэг Мэргэн хэмээн олноо алдаршсан Мөнх-Очирын Гомбожавын эх орныхоо боловсрол, шинжлэх ухааны үйл хэрэгт оруулсан хувь нэмэр арвин билээ. Мэргэн Гомбожав бол Монголын алтан ургийн удмын төлөөлөгч, Сайн ноён хан аймгийн Мэргэн засгийн хошууны засаг ноён, 1923-1924 онд явагдсан засаг захиргааны ардчилсан өөрчлөлтөөр анхны засаг даргаар сонгогдсон Монгол төрийн түшээ юм.
Эрдэм боловсролыг дээдэлсэн тэрбээр Оюутны сургуулийг төгсөн Монгол улсын шинжлэх ухааны анхны байгууллага-Судар бичгийн хүрээлэнд дагалдан сурагчаар ажиллаж, Монголын түүх, соёлын үнэт өв, ховор чухаг ном судрыг цуглуулах, нэр томъёоны толь зохиолцох, түүхийн ном бүтээл орчуулах, шинжлэх ухааны мэдлэгийг түгээх, олон түмнийг шинжлэх ухааны үзлээр соён гэгээрүүлэх зорилго бүхий анхны тогтмол хэвлэлийг бий болгоход хувь нэмрээ оруулжээ.
Шинэ Монголын анхны сэхээтний төлөөлөгч М.Гомбожав нь Орос, Франц улсад суралцан, дэлхийн монгол судлалд нэр алдраа дуурсгасан эрдэмтэн П.Пеллио, Ж.Цэвээн нарын авъяаслаг шавь нарын нэгэн байж, монгол хэл шинжлэл, түүх судлалын салбарт аль ч цаг үе, нийгэмд үнэ цэнээ үл алдах бүтээлийг үлдээж, үндэсний бичиг соёлоо түгээн таниулахыг зорьж байв. М.Гомбожав бусармаг цагийн золиос болж, цэл залуугаараа хэлмэгдсэн ч хүсэл тэмүүлэл, эрдэм ухаан, хийж бүтээснээрээ үндэсний түүхэнд мөнхөд дурсагдах нэгэн болохын учир мэндэлснийх нь ойг тохиолдуулан олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж, түүний удам угсаа, намтар, эрдэм судлалын үйл хэрэг, өвийн талаар хэлэлцэн амьдрал, үйл ажиллагаанд холбогдох шинэ мэдээ материалыг эрдэм шинжилгээний эргэлтэнд оруулах, “М.Гомбожав судлал”-ыг гүнзгийрүүлэхэд тустай санаа, сэдлийг өгөхийг зорилгоо болгож байгаа юм.