Вэбсайтын цэс
Хэлний сонголт
Шинжлэх Ухааны Академи Монгол ардын намтай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Шинжлэх Ухааны Академи Монгол ардын намтай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол Ардын Намын дарга Л.Оюун-Эрдэнэ, Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн ерөнхийлөгч Д.Рэгдэл нар Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи, Монгол Ардын Нам хооронд хамтран ажиллах санамж бичигт 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдөр гарын үсэг зурлаа.

Санамж бичигт талууд дараах чиглэлээр хамтран ажиллахаар тогтлоо. Үүнд:

Мэдээлэл харилцаа холбоо, хиймэл оюун ухаан, шинэ дэвшилтэт технологийг уул уурхай, боловсруулах үйлдвэр, эрчим хүч зэрэг салбарт нэвтрүүлэх, шинжлэх ухаан, технологийн ололт амжилт, судалгааны үр дүнг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, нийгмийг соён гэгээрүүлэх;

Үндэсний судалгаа хөгжүүлэлтийн төсөл хэрэгжүүлэх эрх зүйн орчныг тодорхой болгох, бодлогын шийдэл боловсруулах;

Шинжлэх ухаан, технологийн салбарын улсын төсвийн санхүүжилт, түүний эх үүсвэрийг нэмэгдүүлэх;

Эрдэм шинжилгээний ажилтны нийгмийн асуудлыг шийдвэрлэх бодлого, хөтөлбөр боловсруулах.

Хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах ёслолын ажиллагааны үеэр ШУА-ийн ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл “Өнөөдөр Монгол Улсын шинжлэх ухааны түүхэнд бичигдэх шинэ хуудас нээгдэж байгаад баяртай байна. УИХ-ын сонгуулийн нээлтийн өдөр Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол Ардын Намын дарга Л.Оюун-Эрдэнэ өөрийн биеэр хүрэлцэн ирж, ирэх дөрвөн жилд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж байна. ШУА-ийн ерөнхийлөгчийг намын жагсаалтын тавдугаарт дэвшүүллээ. Энэ бол Монгол Улсын Засгийн газар шинжлэх ухааны хөгжилд хэрхэн анхаарахаа нийгэмд үзүүлж буй илрэл гэж ойлгож байна. Бид цаашид санамж бичгийнхээ хүрээнд хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, Монголын нийгмийн шинэ 30 жилд шинжлэх ухааны салбар бодитой хувь нэмэр оруулж чаддаг гэдийг харуулах ёстой. Ирэх жилүүд шинжлэх ухаан технологийн сэргэлтийн жилүүд байх болно гэдэгт итгэлтэй байна” хэмээн ШУА-ийн эрдэмтэн судлаачдыг төлөөлөн хэллээ.
 Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол Ардын Намын дарга Л.Оюун-Эрдэнэ хэлэхдээ “Монгол Улсын парламентын түүхэнд амжилтаа бататгаж, алдаагаа дэнсэлж, нийгмийн салбар бүрийн дуу хоолойг тусгасан цоо шинэ парламентын эрин үеийг бид эхлүүлж байна. Монгол Улс өнгөрсөн жилүүдэд шинжлэх ухааны эрдэмтдээ сонсолгүйгээр бодлогын тогтворгүй байдалтай явж ирлээ. Олон жил бид шинжлэх ухааны салбарыг бодлогын гадна үлдээж ирсэн. Дэлхийн өндөр хөгжилтэй орнууд шинжлэх ухаан дээрээ бүх хүчээ төвлөрүүлж байна. Тиймээс шинэ 30 жилийг эхлүүлж буй нээлтийн өдөр би шинжлэх ухааны салбарын эрдэмтэн судлаачидтайгаа уулзаж байна. Бид ШУА-ийн ерөнхийлөгчийг намын жагсаалтын тавдугаарт оруулсан. Бид Монгол Улсын парламент шинжлэх ухаанч байгаасай, түүнчлэн төлөөллийн парламент бүрдүүлэх гэж энэ шийдвэрийг гаргасан. ШУА парламентад өөрийн төлөөлөлтэй болсноороо эрхзүйн орчноо сайжруулж, оролцоогоо нэмэгдүүлэх боломж бүрдэнэ” хэмээн онцолсон юм. Хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах ёслолын ажиллагаанд ШУА-ийн удирдлагууд болон эрдэмтэн судлаачдын төлөөлөл бүхий 130 гаруй хүн оролцлоо.

 


Бусад мэдээлэл
МЭДЭГДЭЛ
4 жилийн өмнө