Байнгын хорооны гишүүд Шинжлэх ухааны хүрээлэнгүүдийн нэгдсэн цогцолборын бүтээн байгуулалтын явцтай танилцав
Байнгын хорооны гишүүд Шинжлэх ухааны хүрээлэнгүүдийн нэгдсэн цогцолборын бүтээн байгуулалтын явцтай танилцав


УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Ч.Ундрам тэргүүтэй УИХ-ын гишүүд Шинжлэх ухааны хүрээлэнгүүдийн нэгдсэн цогцолборын бүтээн байгуулалын явцтай танилцлаа.


Шинжлэх ухаан, технологи, инновац, танин мэдэхүйн үйл ажиллагаа эрхлэх, олон улсын стандартад нийцсэн нээлттэй, салбар дундын, төрөлжсөн лаборатори, технологи дамжуулах төв бүхий 7 хэсэг барилга байгууламжаас бүрдсэн Шинжлэх ухааны хүрээлэнгүүдийн нэгдсэн цогцолбор нь Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт Шинжлэх Ухааны Академийн эзэмшлийн 4.8 га талбайд баригдаж байна.


Уг цогцолбор бүхэлдээ ашиглалтад ороход ажлын даалгавар, төлөвлөгөөний дагуу төрийн өмчийн эрдэм шинжилгээний болон бусад байгууллагын 3000 орчим хүн шилжин очиж ажиллах боломжтой болох юм.


Шинжлэх ухааны академийн удирдлагын зүгээс байнгын хорооны дарга болон гишүүдээс тус цогцолборыг 2025 онд ашиглалтад оруулахад анхаарч, үлдэгдэл санхүүжилтийг 2025 оны төсөвт бүрэн тусгуулж өгөхийг хүслээ. Нэгдсэн цогцолбор 2025 онд ашиглалтад орохтой холбогдуулан лабораториудад нэн тэргүүнд шаардлагатай багаж, тоног төхөөрөмж худалдан эх үүсвэрийг 2025 оны шинжлэх ухааны салбарын хөрөнгө оруулалтад тусгах өгөхийг мөн хүслээ.


Түүнчлэн Шинжлэх Ухааны Академийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн үйл ажиллагаатай танилцлаа. Хүрээлэнгийн үйл ажиллагаа, судалгааны үр дүнгийн талаар УИХ-ын гишүүдэд захирал, доктор Л.Жаргалсайхан танилцуулга хийж, мэдээлэл солилцсон ба гишүүд хүрээлэнгийн лаборатори, инновацын бүтээгдэхүүнтэй танилцлаа.



Үргэлжлүүлэн гишүүд Шинжлэх Ухааны Академийн төв байранд ажиллаж, Шинжлэх ухааны салбар, Шинжлэх ухаан, технологийн тухай хууль, Шинжлэх ухааны академийн их сургуулийн талаарх танилцуулгыг сонсож, санал солилцлоо. Уулзалтын төгсгөлд гишүүд Шинжлэх ухааны салбарыг дэмжиж, хамтарч ажиллахаа илэрхийлсэн юм.




Бусад мэдээлэл