Вэбсайтын цэс
Хэлний сонголт
#SCIENCEMONGOLIA2017: ҮХРИЙН ШАР СҮҮГ ХАТААСНААР УСАНД НАЙРУУЛАН ХЭРЭГЛЭХ БОЛЖЭЭ
#SCIENCEMONGOLIA2017:  ҮХРИЙН ШАР СҮҮГ ХАТААСНААР УСАНД НАЙРУУЛАН ХЭРЭГЛЭХ БОЛЖЭЭ

Шинжлэх ухааны ажилтны өдөрт зориулсан “Шинжлэх ухаан, технологи, инноваци-2017” экспо үзэсгэлэн өнөөдөр Уран зургийн галерейд нээлтээ хийлээ. Үзэсгэлэнгийн нээлтэд УИХ-ын гишүүн, НББСШУ-ы байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг, БСШУС-ын дэд сайд Ё.Отгонбаяр, ШУА-ийн Ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл, Шинжлэх ухаан технологийн сангийн захирал, доктор Д.Энхжаргал тэргүүтэй, шинжлэх ухаан, боловсролын салбарын ажилтнууд оролцож, өөрсдийн судалгааны үр дүнд бий болсон инновацийн бүтээгдэхүүнүүдийг танилцуулж байна.

Хоёр өдөр үргэлжлэх үзэсгэлэнд эрдэм шинжилгээний 27 хүрээлэн, төв, 11 их, дээд сургууль, лаборатори, гарааны компаниуд зэрэг 97 байгууллага судалгааны ажлын үр дүн, инновацийн 300-гаад бүтээгдэхүүнийг олон нийтэд дэлгэж буй юм. 

УИХ-ын НББСШУ-ы байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг үзэсгэлэнг нээж хэлсэн үгэндээ, Шинжлэх ухааны салбарын хууль эрхзүйн орчинг боловсронгуй болгох үүднээс Шинжлэх ухаан технологийн тухай хууль, ШУА-ийн эрхзүйн байдлын тухай хууль, Инновацийн бодлогын тухай хуулийн төсөлд нэмэлт, өөрчлөлт оруулахаар Ажлын хэсэг ахлан ажиллаж байна. Эдгээр хуулийн төслийг УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцүүлэхээр төлөвлөж байна хэмээгээд энэ салбарт оруулах хөрөнгө оруулалтын хэмжээг нэмэгдүүлэхийн төлөө ажиллахаа эрдэмтэн, судлаачдад дуулгалаа.



Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч академич Д.Рэгдэл, Бид шинжлэх ухааны салбарын ажилтны баярыг 17 дахь жилдээ тэмдэглэж байна. Монголын шинжлэх ухааны салбар жижигхэн боловч чанартай салбар. Бид нар 2017 оныг харьяа хүрээлэнгүүддээ хүрч ажиллах жил болгон зарласан. Манай эрдэмтэн, судлаачид бүтэн жилийн ажлаа олон түмэндээ танилцуулж байна. Та бүхэн нүдээ нээж, анхаарч үзвэл сонирхол татах бүтээлүүд их бий хэмээн эрдэмтдийнхээ бүтээлүүдийг сурталчлаад авав.

Шинжлэх ухааны академийн Хими, хими технологийн хүрээлэнгийнхэн үхрийн сар сүүг хатаан бөмбөлөг хэлбэрт оруулан худалдаанд гаргахад бэлэн болжээ. Аарцны хоёр литр шар сүүг хатаан гарын савангийн хэмжээтэй хэвлэн, хоёр литр усанд хийж уусгахад шингэн шар сүү хэлбэрт орох бөгөөд хүүхдийг шавшиж, чийрэгжүүлэх, химийн эмчилгээ хийлгэж буй хүнд хордлого тайлах зэрэг олон талын ач холбогдолтой.




Шар сүү зуны цагт элбэг ч өвөл олдоц муутай болдог. Энэ үед эрдэмтдийн бүтээсэн шар сүүн бөмбөлгийг хэрэглэхэд чанарын хувьд шингэн сүүнээс ялгарахгүй хэмээн тайлбарласан. Нэг багц буюу хоёр литр усанд найруулах хэмжээний бөмбөлгийг 3500 төгрөгөөр худалдаж байна.

АШУҮИС-ийн Арьс судлалын тэнхимийнхэн ухаалаг гар утасны апликэшн ашиглан харшлын өвчнийг оношлох шийдлийг бий болгожээ. Харшлын нарийн мэргэжлийн эмч хөдөө орон нутагт дутагдалтай. Ийм үед гар утасны апликэшний тусламжтайгаар харшлыг оношлох боломжийг бүрдүүлж, эмч нарт зайн оношлогоо хийх гарын авлага гаргаснаа Б.Хандсүрэн багш танилцуулж байна.






Мөн Монгол Улс, ОХУ-тай хамтарсан “ОХУ-ынг нутаг дэвсгэр дэх Монгол Улсын иргэдийн болон Монголын нутаг дэвсгэр дэх ОХУ-ын иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах нь” төсөл 2016 оны аравдугаар сараас эхлэн хоёр жилийн хугацаанд хэрэгжиж байна. Энэ төслийн хүрээнд хоёр улсын нутаг дэвсгэрт буй өөр өөрийн орны иргэдийн хууль ёсны ашиг сонирхол, өнөөгийн байдлыг үнэлэх, тэднийг хамгаалах эрхзүйн орчныг боловсронгуй болгоход чиглэсэн шинжлэх ухааны санал дүгнэлт боловсруулах аж.

Төсөл хэрэгжүүлэгчид хоөр орны оюутан, иргэд,  бизнесмэн, малчин, албан хаагч зэрэг нийгмийн янз бүрийн анги давхаргын 700 гаруй хүнээс судалгаа авч, үр дүнд нь үндэслэн зөвлөмж боловсруулсан гэж төслийн удирдагч, Хууль сахиулахын их сургуулийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн сургуулийн захирал, доктор, профессор Н.Гантулга сонирхуулав.



Эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд, судалгааны төвүүдээс гаргасан дэвшилтэт технологийн үр дүнд бий болсон инновацийн бүтээгдэхүүнийг иргэд олноор ирж сонирхон, өөрт хэрэгтэй ахуйн хэрэглээний зүйлсийг худалдан авч байлаа. 
















ЭХ СУРВАЛЖ: GOGO.MN


Бусад мэдээлэл