Монгол судлалын үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга, ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн захирал, доктор, Ц.Цэрэндоржтой Олон улсын Монголч эрдэмтний их хурлын үеэр уулзаж ярилцлаа.
-Та Олон улсын Монголч эрдэмтний их хурлын “Түүхийн өмнөх үе болон түүхэн үеийн монголчууд” гэсэн салбар хуралдааныг ахаллаа. Энэ салбар хуралдаан “А”, “Б” хоёр хэсэгт хуваагдаж хуралдлаа. Энэ ямар учиртай юм бэ?
-Олон улсын Монголч эрдэмтний 12 дугаар Их хурал 6 салбар хуралдаантай. Энэ жил “Залуу монголч эрдэмтэд”-ийн 6 дугаар салбар хуралдаан нэмэгдэж орлоо. Манай салбар хуралдаан 100 орчим илтгэлтэй, тогтоосон хугацаанд нэг танхимд хийхэд багтах боломжгүй. Ийм учраас хоёр хэсэгт хуваахаас өөр аргагүй байдалд хүрсэн гэж болно.
-Салбар хуралдаанаар хэлэлцэгдэх 100 гаруй илтгэлийг урьдчилж авдаг хэрэг үү?
-Эрдэмтэн багш, судлаач нарт “Олон улсын Монголч эрдэмтний Их хурал болно, илтгэл тавьж оролцоно уу” гэсэн урилга явуулдаг. Илтгэл тавьж оролцох эрдэмтэд мэдүүлэг бөглөж, илтгэлийнхээ сэдэв, монгол, англи товчлолыг ирүүлнэ. Монголын эртний түүхээс эхлээд орчин үе хүртэл өргөн цаг хугацааг хамардаг, түүнд бид зохион байгуулалт хийхдээ эхний ээлжид он цагийн дараалалд, дараа нь ойролцоо сэдвээр нь багцална. Ойролцоо сэдвээр судалгаа хийдэг эрдэмтэд нэг нь нөгөөгийнхөө судалгааныхаа үр дүнг сонсоод асуулт асууж, хариулт авах, санал бодлоо хэлэх боломжоор хангана. Эртний түүхээс аваад он цагийн дарааллаар орчин үе рүү “А” салбар хуралдаан боллоо. Харин “Б” салбар хуралдаан археологи, угсаатны зүй гээд ерөнхийдөө түүхийн салбар шинжлэх ухаануудын төрлөөр явлаа. Гэхдээ тэр хэсэг маань эрт дууссан учраас тухайн хэсэг дээр салбар хуралдааны төгсгөл рүү сүүлийн өдрүүдэд ньд ойрх үеийн түүхийн хэсэг зэрэгцээд явсан гэж ойлгож болно.
-Манай социализм байгуулж байх үеийн түүхтэй холоотой судалгаа, илтгэл оров уу?
-Орлоо, сүүлийн үед бид тэр үеийн түүхийг ойрх үеийн түүх гэж нэрлэх хандлага руу ороод байгаа юм.
-Таны хэлсэн ойрх үеийн түүх гэдэгт он цаг тооллын хувьд хэдий үе хамрагдах вэ?
-Монголын 20 дугаар зууны түүх орно. Манай энэ үеийн түүхийг гадаад, дотоодын 7 судлаач, эрдэмтэн судалдаг, тэдний илтгэлээс орсон гэж ойлгож болно.
-Монголчуудын түүхийг 20 дугаар зуунд Оросууд шинээр бичиж өгсөн гэдэг ойлголт нийгэмд түгээмэл байдаг. Энэ бодитой ойлголт мөн үү?
-Энэ бол үнэн зүйл биш. Ер нь бол өрөөсгөл ойлголт юм. Социализмын үед үзэл суртлаас шалтгаалж түүхийн тодорхой хэсгүүд Монголын эзэнт гүрний болон Чингис хааны түүх эсвэл ардын хувьсгалын түүхийн тодорхой хэсгийг өөрчлөх, үзэл сурталд тохируулах, зарим нэг бодит үйл явдлыг нуун дарагдуулах, ийм зүйлүүд гарсан. Тэр нь Монголын түүх бүхэлдээ буруу бичигдсэн гэсэн зүйл ерөөсөө биш, үүнийг бас ялгаж салгах хэрэгтэй. Ардчилал, зээх зээлд шилжсэн 1990 оноос хойш түүхчид хуучин гарч байсан алдаатай түүхийг гуйвсан гажуудлаас нь гаргаж засах ажлыг 30 гаруй жил хийжээ. Ерөнхийдөө гажсан түүхүүд засагдаад дууссан. Тэр ажлыг гаднын болоод манай эрдэмтэд хийсэн байгаа. Тийм учраас хуучин хэвээрээ байгаа ч гэдэг юм уу, түүнийг давтлаа гэж хэлэх үндэсгүй. Ялангуяа ахмад насны хүмүүс бага байхдаа үзэж, дуулсан тэр түүхээ хэвээрээ байгаа гэж ойлгоод байдаг нь ажиглагддаг. Монголын түүхийн судалгаа хөгжиж, ахиж байна. Сүүлийн жилүүдэд хийсэн тэдгээр бүтээл номтой танилцаарай.
-Монголын 20 дугаар зүүны 30-аад онд аймшигт хэлмэгдүүлэлт болсон байдаг. Түүнийг судалж алдаа мадгийг нь арилгаж бодит болгож чадсан уу?
-Чадсан, чадалгүй яах вэ дээ. Лам нарын 1932 оны бослого гэж нэрлэж байсан, тэр 1930-аад оныг тодорхой авч үздэггүй, авч үзлээ ч, ард засгийн бодлогын эсэг үйл ажиллагаа гэсэн байдлаар хандаж байсан юм бий. Одоо 1990 оноос хойш бүх юм нээлттэй болсон, энэ талын судалгааг маш олон хүн хийж байгаа. Социализмын үед далдалж нууж гажиж байсан зүйлүүд ерөнхийдөө ил болчихсон. Энэ талаар маш сайн олон судалгаа хийгдсэн гэж ойлгож болно. Гэхдээ түүхийн асуудал гэдэг ээдрээ төвөгтэй байдаг нь мэдээжийн хэрэг. Тухайлбал, зарим нэг түүхэн үйл явдлын баримт материал дутуу байх үзэгдэл байна. Түүхийн хоосон орон зай гэж байдаг. Тэр хоосон орон зайг юугаар нөхөх вэ гэдэг дээр түүхийн судалгаа хийж байгаа эрдэмтэн судлаачдын сэтгэлгээ, хийсвэрлэл, таамаглалууд орж ирж байна. Түүхийн тэр орон зай дээр судлаачаасаа хамаараад зарчмын хувьд эсрэг, тэсрэг таамаглалууд байдаг. Түүнийг жирийн хүмүүс тооцдоггүй. Ерөнхийдөө тэр хүнийх буруу, энэ хүнийх зөв гэж хэлэхэд бэрх.
-Манай уншигчид судлаачдаас таны хэлсэн зүйлийг хүсээд байгаа шүү дээ.
-Уншигчид хэн нэгний дэвшүүлсэн таамаглал, зөв үү, буруу юу гэдгийг түүхчид судлаачдаар хэлүүлэх гээд байдаг. Гэтэл хувь хүн ч бай, түүхч хүн ч бай дандаа сайн байдаггүй, бас дандаа муу байдаггүй, хар цагаан алаглаж байдаг. Түүнийг л жирийн уншигчид ойлгох хэрэгтэй юм л даа. Энэ бол туршлага шүү дээ.
-Монголын эзэнт гүрний түүх тодорхой хугацаанд хязгаарлагдаж засварлагдаж байсан юм байна. Тэр бүхэн одоо нөхөгдөж чадсан байх уу?
-Монголын түүхийг тэр чигт нь буруу бичээд гуйвуулаад байсан юм биш. Манай ахмад эрдэмтэд маш мэргэн ухаанаар хандаж, хэдийгээр үзэл суртлын дарамтад байсан ч ерөнхийдөө түүхийн гол гол баримт эзэн Чингис хааны талаарх үнэлэлт дүгнэлтийг маш эвтэйхэн хүнд хүргээд л байсан. Шууд хэлж болдоггүй, заавал шүүмжлэлтэй хандах хэсгүүд байсан нь мэдээж шүү дээ. Жишээ нь, Чингис хааныг байлдан дагуулагч ч гэдэг юм уу, аян дайн хийж олон хүний амь нас эвдэн сүйтгэсэн хэмээн тодорхойлсон, томьёолсон зүйлүүд бий. Үүнийг бол үгүйсгэхгүй. Тийм учраас Чингис хаан, хаадын түүх намтар судалгаа дэлхий даяар засагдаж, үнэн бодит байдал руугаа эргэж орох, түүхийг үнэнээр нь бичих хандлага ноёлж байна.
Эртний түүх хятад эх сурвалж дээр тулгуурладаг, түүнийг нөхөх өөр нэг эх үүсвэр нь
солонгос хэлний сурвалжууд болсон
-Салбар хуралдааны эхний өдрүүдэд эзэнд гүрний түүхтэй холбоотой илтгэлүүд хэлэлцэгдлээ. Гэтэл илтгэгч нар тухайн сэдвээр хөндөгдсөн таамаглалуудыг батлах нотлох, түүхэн эх суравалж тун ховор байгаа талаар дурдах юм. Энэ ямар учиртай юм бэ?
-Илтгэлүүдийг түүхэн он цагийн дарааллаар авч үзсэн гэж би дээр хэлсэн. Ийм учраас нэгдүгээр салбар хуралдааны “А” хэсэгт эртний түүхээс авхуулаад дундад зууны болон эзэнт гүүрний түүхийн холбогдолтой илтгэлүүд хэлэлцэгдсэн байгаа. Ер нь Монголын эзэнт гүрэн тухайн үедээ дэлхийн талыг эзэлжээ. Ийм учраас маш олон хэлээр, маш олон хэлбэрээр түүхийн эх сурвалжууд үлдсэн байдаг. Гэхдээ эзэнт гүрэн том агуу байсантай харьцуулахад өнөөдөр үлдэж хоцорсон баримт эх сурвалж маш бага гэж хэлж болно. Монгол хэл, хятад, перс болон бусад хэлээр баримт харьцангуй бага. Тийм учраас тодорхой тодорхой үйл явдал дээр хангалттай баримт байхгүй. Нэгэнт баримт байхгүй учраас юмыг тийм байсан, ийм байсан гэж хэлэх боломжгүй. Судлаачид бүх зүйлийг баримтад тулгуурладаг учраас иймэрхүү зүйл, ялангуяа эзэнт гүрний түүхэнд зөндөө олон байгаа. Шинэ баримт олдож судалгааны эргэлтэд орж байгаа ч одоогоор хангалттай баримт олдохгүй байна. Манай уншигчид бодит зүйл ийм байхад биднээс баттай ноттой зүйл шаардаад байдаг юм.
-Нэг эрдэмтэн бүх хэл дээр байгаа эх сурвалжийг өөрөө олж мэдэх боломж бага учраас асуудал хүндрээд байна гэж ойлгож болох уу?
-Шууд тэгж хэлж болохгүй. Ямар ч хэлээр байгаа эх сурвалж тухайн сэдвийг судлахад хангалттай биш байхгүй юу. Байшин барих гэтэл дээврийн нэг жоохон хэсэг байгаад байдаг, байшинд таван цонх хийх ёстой байтал гурван цонхтой байдаг, дөрвөн талын хаанаас хоёр нь байдаг, өрөөний шал хийх гэтэл тал нь байгаад байдаг. Ийм нөхцөлд бүтэн байшин барих ямар ч боломж гарахгүй биз дээ. Гэтэл дутуу материалтай биднээс уншигчид бүтэн байшин нэхээд байгаатай яг адилхан юм. Тийм учраас нэг хүний мэдэх хэлний мэдлэгээс үл хамааран материал дутуу учраас хаанаас ч гүйцээх боломжгүй хомс зүйл байдаг байхгүй юу.
-Та Монгол, Солонгосын харилцааг судладаг хүн. Та өөрөө салбар хуралдаанд илтгэл хэлэлцүүлсэн эрдэмтний нэг. Монголын эзэнтэй гүрэнтэй холбоотой түүхэн эх сурвалж баримт солонгос хэлээр хэр зэрэг олон байдаг вэ?
-Миний судалгааны нэг чиглэл нь Монгол, Солонгосын түүхэн харилцаа мөн. Гэхдээ Монголын эзэнт гүрний дараах үеийн 15-19 дугаар зууны Монголын түүх, Монгол-Солонгосын харилцааны түүхэнд холбогдох Солонгосын түүхэн сурвалжуудын талаар танилцуулга илтгэлийг салбар хуралдаанд хэлэлцүүллээ. Энэ бол нарийн яривал маш том асуудал байгаа. Чусон /Солонгос/ улсын вангийн нарийн бичгийн газрын өдрийн тэмдэглэл гэдэг баримт сурвалжид Монголын түүхэнд холбогдох 290 орчим мэдээ баримт байгааг тоймлон танилцуулсан. Яг 15-19 дүгээр зууны хооронд Монголын түүхтэй холбоотой тийм олон баримт солонгос хэлээр байна гэдгийг дэлхий шинжлэх ухаан өнөөдрийг болтол мэдээгүй, судалгааны эргэлтэд ороогүй байгаа цоо шинэ мэдээ баримтуудыг илрүүлсэн нь миний илтгэлийн гол онцлог. Монголын түүхийн тодорхой тодорхой асуудлыг тэнд байгаа баримт, мэдээ дээр тулгуурлан шинэчлэн өөрчлөх, улам тодруулах эх сурвалж болгож ашиглах боломжтой гэдэг танилцуулга би хийлээ.
-Монголын түүхтэй холбоотой таны саяны хэлсэн шиг олон тооны судалгааны эргэлтэд ороогүй мэдээ баримт бусд хэлээр гарч ирэх боломж байгаа болов уу?
-Бусад хэлээр ийм олноороо мэдээ баримт байх магадлал өндөр байна.
-Тухайлбал...
-Араб, Перс, Турк, Төвөд хэлээр иймэрхүү баримт байх боломжтой, түүнийг үгүйсгэхгүй. Гэхдээ хаанаа юу байгааг, ямар хэлээр шинэ баримт, мэдээ гарч ирэхийг одоо би таамаглан хэлэх боломжгүй. Харин Монголын түүхтэй холбогдох мэдээ, баримт, эх сурвалжийг солонгос хэл нэлээд агуулж байна. Бид эртний түүх дээр гол төлөв хятад эх сурвалж дээр тулгуурладаг. Гэтэл түүнийг нөхөх бас нэг өөр гадаад хэл нь солонгос хэл, Солонгосын түүхийн сурвалжууд болж гарч шинээр ирж байна.
-Монголч эрдэмтдийн Их хурлын хүрээнд тавигдсан илтгэлүүд удахгүй ном болно гэж ойлгож байгаа...
-Их хурлын үеэр илтгэлүүдийн товчлол гэж тусгай ном хэвлэгдсэн. Их хурлын дараа илтгэлүүдийн эмхэтгэл бүрэн эхээрээ хэвлэгдэнэ.
Монголч эрдэмтний их хуралд эрдэмтэд сүүлийн үеийн судалгааныхаа үр дүнгээ бие биедээ танилцуулж, хэлэлцүүлж байгаа юм. Энэ нь Олон улсын Монголч эрдэмтний их хурлын гол үр дүн дээ. Тэндээс үүдээд шинэ шинэ судалгаанууд гарна гэж найдаж байна.
www.montsame.mn