Шинжлэх ухааны академийн Олон улс судлалын хүрээлэнгийн Хятад судлалын салбарын эрхлэгч Д.Базардоржтой ярилцлаа.
-Хятадын Коммунист намын XX их хурал болж өндөрлөлөө. Судлаач хүний хувьд хурлын үр дүнг хэрхэн харж байна вэ?
-Хятадын Коммунист бол БНХАУ-ын засаг төрийн эрхийг барьдаг улс төрийн цорын ганц хүчин. Энэ намын их хурал таван жил тутамд болж, намын удирдлагуудыг томилж, хугацааг нь сунгадаг. Ойролцоогоор их хурлаа долоо хоног зохион байгуулж, нээлт хаалтын үр дүнг хэвлэл мэдээлэлд нээлттэйгээр танилцуулдаг. Үндсэн хурлын үйл ажиллагаа нь хаалттай горимоор явдаг. Тэр журмаараа л энэ удаагийн хурлыг зохион байгуулсан.
БНХАУ дэлхийн хоёр дахь том эдийн засаг. Дэлхий дахины олон улсын харилцаа, эдийн засагт жинтэй байр суурь эзэлдэг гүрэн. Энэ гүрнийг удирдан жолооддог гол намын их хурал зөвхөн Хятадын Коммунист намын гишүүдийн анхааралд байдаггүй нь ойлгомжтой. Дэлхий нийтийн анхаарлын төвд байдаг. Тэр ч утгаараа өнгөрсөн долоо хоног Хятадын их хурлын үйл явц, үүнээс гарах хурлын үр дүнгийн талаарх хүлээлттэй долоо хоног байлаа хэмээн хэлж болох байлаа.
Монголын хувьд нарийн нягт уялдаа холбоотой хөрш улс. Тиймээс манайхан энэ их хурлын үйл явцыг дор бүрнээ л ажиглаж, анхаарал хандуулж байсан нь тодорхой шүү дээ. Ямар ч байсан энэ хурлын үр дүн тун онцлогтой бас сонирхолтой байлаа.
-Энэ удаагийн их хурлын онцлог юу байв?
-Коммунист намын ХХ их хуралд хэд хэдэн онцлог байна. Хятадын Коммунист намын их хуралд улс орны өнцөг булан бүрээс ирсэн 3000 орчим төлөөлөгч оролцсон. Тэндээсээ 200 гаруй гишүүнтэй Намын төв хороогоо байгуулдаг. Энэ Төв хорооноосоо Улс төрийн товчооны 25 хүн ба Улс төрийн товчооны байнгын хорооны долоон гишүүнийг сонгоно. Хамгийн чухал нь Хятадын Коммунист намын Ерөнхий нарийн бичгийн даргаа сонгодог, эсхүл улираадаг. Энэ процессоороо л явсан.
Тухайлан онцолвол, Ши Жиньпин гурав дахь удаагаа Намын ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллахаар болов. Намын даргаар хоёр удаа л сонгогдож, буудаг байсан уламжлал эвдэгдэж, магадгүй дөрөв, тав дахиа сонгогдохыг үгүйсгэхийн аргагүй төлөвийг үүсгээд байна. Улс төрийн товчооны байнгын хорооны долоон гишүүнийг шинээр баталлаа. Үүнээс Ши Жиньпин тэргүүтэй гурван хүн улиран ажиллахаар болсон бол шинээр дөрвөн хүн сонгогдон тус намын удирдлагад гарч ирлээ. Урьд урьдын бүтцээс харахад БНХАУ-ын Коммунист намын Төв хорооны Улс төрийн товчооны байнгын хорооны гишүүд нам доторх харьцангуй тэнцвэр дээр бүрэлддэг байсан бол энэ удаа нэг жигүүр давамгайлсан. Товчлон хэлэхэд, энэ их хурлаар Ши Жиньпин даргын эрх мэдэл илүү гүн батажсан. Мөн Улс төрийн товчоо 25 хүний бүрэлдэхүүнтэй байсан нь энэ удаа 24 хүнтэй болов, түүний шалтгаан учир юу вэ, бас түүнд нь ганц ч эмэгтэй гишүүн багтаж чадаагүй зэрэг нь сонин байлаа.
-“Ардын удирдагч" цолыг Мао Зедунаас хойш албан ёсоор ашиглаагүй. Одоо Ши Жиньпинд албан ёсоор өгөхөөр болж байна уу?
-Коммунист намын их хурлаар хэлэлцсэн бас нэг чухал асуудал бол Хятадын Коммунист намын дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулж, баталсан явдал байлаа. Энэ нэмэлт өөрчлөлтөөр намын дүрэмд “Шинэ эрин үеийн Хятадын онцлогтой социализмын үзэл санаа” гэсэн үзэл санааг байршуулж өгсөн. Энэ бол Ши Жиньпин дарга нам, төрийн удирдлагад гарч ирээд баримтлан хэрэгжүүлсэн бодлогын зарчим юм л даа. Ингэснээр Ши Жиньпин дарга Хятадын онцлоготой хөгжлийн замнал дахь “Мао Зедуны үзэл санаа, Дэн Сяопиний онол” гэдэг шиг өөрийнхөө засаглалын үед дэвшүүлж буй хөгжлийн бодлогын зарчимаа намын дүрэмд албажуулж өглөө. Эндээс бид онцлон хэлэхэд, Ши Жиньпингийн удирдлагын үе бол Коммунист намын болон БНХАУ-ын хөгжилд жинтэй байр суурийг эзлэх өөрийн өнгө төрхтэй нэгэн чухал хөгжлийн үе мөн гэснийг нь албажуулсан хэмээж болох байна. Цаашид Коммунист нам Ши Жиньпингийн шинэ эрийн үеийн Хятадын онцлоготой социализмын үзэл санааг асар ихээр чухалчлан, тууштай баримтлах нь.
-Ши Жиньпин хаалтын үгээ хэлэхийн өмнө Хятадын дарга асан Ху Жинтаог танхимаас ямар ч тайлбаргүйгээр албадан гаргасан?
-Гарцаагүй энэ зүйлийг онцолж бас болох байх. Харьцангуй эдийн засгийн либерал хандлагатай гэгдэж байсан улс төрийн зарим өндөр албан тушаалтнууд энэ удаагийн Коммунист намын их хурлаар Улс төрийн товчоо тэр ч бүү хэл Төв хорооны бүрэлдэхүүнд орж чадсангүй. Энэ бол яалт ч үгүй Хятадын Коммунист намын удирдлагад Ши Жиньпиний жигүүрийнхэн бүрэн бүрэлдэхүүнээр орж ирснийг илтгэж байгаа хэрэг болов уу. Хэдийгээр том гүрэн нэг намын бодлогоор явдаг ч улсын дарга, ерөнхий сайдын хувьд бодлогын зарим нэг зөрчилтэй алхам байсан нь ажиглагдаж байв. Ийм асуудал цаашид гарахгүйгээр аливаа асуудалд нэг талаас тодорхой хандлагаар явна хэмээн ойлгож байна.
-Ши Жиньпинийг ирэх хавар болох Бүх Хятадын Ардын их хурлаар батламжлах уу?
-Ирэх 2023 оны хавар болох Хятадын “Хоёр хурал”-ын үеэр ялангуяа Ардын төлөөлөгчдийн их хурлаар улсын гол гол удирдагчдыг баталдаг. Сая намын хурлаар намын удирдлагыг тодорхойлсон. Улс төрийн товчооны байнгын хороо буюу намын удирдлагад гарсан хүмүүс улс засгийн бусад албан тушаалыг авах нь тодорхой байдаг. Тиймээс ирэх хавар болох “Хоёр хурал”-аар улс, засгийн албан тушаалтнуудыг албажуулна. Тэр хүрээнд Ши Жиньпин дарга БНХАУ-ын дарга хэмээх албан тушаалыг гурав дахь удаагаа хэрэгжүүлэх нь ерөнхийдөө тодорхой. Иймээс л Мао Зедунтэй зэрэгцэх удирдагч хэмээн шуугих шалтгаан болоод байна.
-Манай хоёр улсын харилцаанд ямар нэгэн өөрчлөлт гарах уу?
-Монгол Улс, БНХАУ-ын хоорондын харилцаа бол олон жилийн уламжлалтай, олон сорилт бэрхшээлийг даван туулсан, жаргал зовлонгоо хуваалцсан уламжлалт найрсаг харилцаатай хөрш улсууд. Тэгээд ч сүүлийн 10 жилийн турш Ши Жиньпин дарга БНХАУ-ын нам, төрийн удирдагчаар ажиллав. Энэ байдал цааш үргэлжлэх нь тодорхой боллоо. Тийм учраас хоёр улсын харилцаанд өөрчлөлт гарна хэмээн үзэх ямар ч үндэсгүй. Харилцааны ерөнхий зарчим тодорхой учраас энэ хүрээндээ хоёр улсын харилцаа өрнөнө, харин ч илүү харилцаа хамтын ажиллагаагаа урагшлуулах таатай нөхцөл хэмээн харж байна. Хурлын нээлт, хаалтын үеэр Ши Жиньпин даргын хэлсэн үгнээс БНХАУ-ын хөгжлийн чиг илүү тод харагдсан, бас тогтвортой байгаа нь ойлгогдож байна. 2049 он гэхэд улс орныхоо хөгжлийн хүрэх түвшний төлөв байдлыг тодорхойлсон асар их амбицтай бас нарийн тооцоо судалгаатай “Хоёр дахь 100 жил”-ийг зорилтын хэрэгжилтийг эхлүүлж байгаагаа зарлав. Гадаадад энх тайванч, нээлттэй, Хятадын онцлоготой их гүрний гадаад бодлогоо хэвээр үргэлжүүлнэ, дотооддоо Хятадын үндэстнүүдийн сэргэн мандалтыг хангахыг суурь болгосон, тогтвортой байдлыг чухалчилсан Хятад маягын хөгжил шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлнэ гэдгийг хэллээ. Энэ бүхэн бол Ши Жиньпин нам, төрийн эрхийг атгах болсон намын 18, 19 дүгээр их хурлуудаар голчлон дэвшүүлсэн зорилтууд бөгөөд тэдгээрээ тогтвортойгоор, үе шаттайгаар баримтлан хэрэгжүүлж байгааг илтгэж байна. Товчхондоо, БНХАУ гадаад дотоод орчиндоо тун тогтвортой бас тодорхой бодлого баримталж, түүнээ чандлан хэрэгжүүлж байна хэмээн үзэж болох юм.