Монгол орон эртний шим ертөнцийн чулуужсан олдвороор дэлхийд дээгүүр байр суурь эзэлдэг бөгөөд ялангуяа үлэг гүрвэлийн судалгааны үр дүнгээр дэлхийд тэргүүлэх байр эзэлдэг. ШУА-ийн Палеонтологи, геологийн хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид үлэг гүрвэлийн судалгааны үр дүнг орон нутагт хүргэж, олон нийтийн танин мэдэхүйг дээшлүүлэх, соён гэгээрүүлэх зорилгоор аялал жуулчлалын улиралтай нийцүүлж, Өмнөговь аймгийн ЗДТГазар, Аймгийн Музейтэй хамтран 7 дугаар сарын 6-наас 10 дугаар сарын 1-ний өдрийн хооронд “Үлэг гүрвэлийн гайхамшиг” нэртэй түр үзэсгэлэнг нээн ажиллуулж эхэллээ.
Тус үзэсгэлэнд Монголын говь нутгаас олдсон аварга махан идэшт үлэг гүрвэл Тарбозавр болон өвсөн идэшт эвэрт үлэг гүрвэл Протоцератопс, үлэг гүрвэлийн өндөг, өндөгний үүр зэрэг 11 олдвор дэлгэгдсэн бөгөөд тайлбар танилцуулгыг тус хүрээлэнгийн сүүлийн үеийн судалгаа, шинжилгээний үр дүнгээр баяжуулж, шинэлэг мэдээлэлтэй, өвөрмөц дэглэлттэйгээр ШУА-ийн Палеонтологи, геологийн хүрээлэнгийн захирал, доктор Х.Цогтбаатарын удирдлагаар Сээр нуруутны салбарын үлэг гүрвэл судлалын эрдэм шинжилгээний ажилтан Б. Майнбаяр, Сан хөмрөгч С.Өлзийцэрэн, препараторч Ч.Баярдорж, Э.Очиржанцан нар гүйцэтгэж байна.