Вэбсайтын цэс
Хэлний сонголт
ШИНЖЛЭХ УХААН, ТАНИН МЭДЭХҮЙН 12 ЦУВРАЛ БҮТЭЭЛИЙН НЭЭЛТ БОЛЛОО
ШИНЖЛЭХ УХААН, ТАНИН МЭДЭХҮЙН 12 ЦУВРАЛ БҮТЭЭЛИЙН НЭЭЛТ БОЛЛОО

Монгол улсын ШУА-иас хоёрдахь жилдээ ЕБС-ийн сурагчид, их, дээд сургуулийн оюутнуудад зориулан эрхлэн гаргаж буй шинжлэх ухаан, танин мэдэхүйн цуврал 12 бүтээл хүүхэд залуусын гарт хүрч эхэллээ.

ШУА-иас 2015 онд шинжлэх ухаан, танин мэдэхүйн цуврал 10 номыг бүтээж, аймаг, нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хүртээл болгосон юм. Харин энэ жил тус цувралын үргэлжлэл болгон “Эх дэлхий”, “Монголын эзэнт гүрэн”, “Дэлхийн шашин”, “Хотжилт”, “Хэл гэж юу вэ?”, “Монгол орны эртний амьтан ургамал”, “Монгол орны хөхтөн амьтан”, “Монгол орны сонирхолтой цэцэгт ургамал”, “Тоон гарын үсэг”, “Вирусын гаралтай өвчин”, “Хачгаар халдварладаг өвчнөөс сэргийлэх нь”, “Хог хаягдлын шатаалтаас үүсэх хорт бодисууд” зэрэг сонирхолтой 12 товхимлыг эрхлэн гаргажээ.

Цуврал бүтээлийн нээлт 12 дугаар сарын 12-ны өдөр БСШУСЯ-нд болсон бөгөөд нээлтэд ШУА-ийн Ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл, БСШУС-ын Сайдын зөвлөх, академич Н.Бэгз, ШУТБГ-ын дарга, академич Т.Ган-Эрдэнэ,  Шинжлэх ухаан технологийн сангийн захирал Д.Энхжаргал, Нийслэлийн боловсролын газрын дарга Н.Гантулга, Монголын Үндэсний номын сан, Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын төв номын сангийн удирдлагууд болон нийслэлийн ЕБС, их, дээд сургуулийн төлөөлөл, сурагчид, номын зохиогчид оролцов.

Энэ үеэр тус цувралыг нийслэлийн ерөнхий боловсролын 117 сургууль, төрийн өмчит их, дээд сургуулийн номын сан, Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын төв номын сан, Үндэсний төв номын санд тус тус бэлэглэв.

Эдгээр товхимол нь хүүхэд залууст шинжлэх ухааны мэдлэг олгох, цаашлаад шинжлэх ухаанч иргэн болон төлөвшүүлэх чухал ач холбогдолтой бөгөөд өнгөрсөн жилийн цуврал бүтээлүүдтэй харьцуулбал илүү энгийн үгээр хялбаршуулан бичсэнээрээ онцлогтой хэмээн номыг зохиогчид хэлж байна. Энэ удаагийн цуврал бүтээлийг бүх шатны сургуулийн хүүхдүүд, оюутнуудаас гадна шинжлэх ухааныг сонирхдог энгийн иргэд ч унших, танин мэдэх боломжтой юм.

Эдгээр товхимлыг цаашид жил бүр тодорхой чиглэлээр тасралтгүй гаргахаар төлөвлөж байна.


 


 



Бусад мэдээлэл