Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар ШУА-ийн Түүх, Археологийн хүрээлэнгийн Хүрэл, төмрийн судалгааны салбарын эрхлэгч, доктор, дэд профессор Ц.Төрбатыг төрийн дээд шагнал "Алтан гадас" одонгоор шагнасныг өнөөдөр ШУА-ийн Ерөнхийлөгч, академич Б.Энхтүвшин гардуулан өглөө.
Тэрээр монголын соёлын өв, археологийн судалгаанд жинтэй хувь нэмэр оруулж, томоохон хэмжээний цуврал бүтээл туурвисан юм. Тухайлбал Баян-Өлгий, Ховд аймгийн түүх соёлын дурсгалуудыг бүртгэн баримтжуулж, үндэсний болон гадаадтай хамтарсан арав гаруй судалгааны экспедицийг санаачлан зохион байгуулж, олон зуун үнэт олдвор хэрэглэгдэхүүнийг илрүүлж, сэргээн засварлуулсан байна. Мөн өнгөрсөн жилүүдэд нүүдэлчдийн эртний соёлын өвийг сурталчлах цуврал үзэсгэлэнг гадаад болон дотоодын олон улс оронд амжилттай зохион байгуулжээ.