Монгол улсын Эрүүл мэнд, спортын яам, Шинжлэх ухааны Академи хооронд хамтран ажиллах “Санамж бичиг”-т гарын үсэг зурах ёслолын үйл ажиллагаа 5 дугаар сарын 13-ны өдөр ЭМСЯ дээр боллоо.
Хамтран ажиллах санамж бичигт Эрүүл мэнд, спортын Сайд Г.Шийлэгдамба, Шинжлэх ухааны Академийн ерөнхийлөгч, академич Б.Энхтүвшин нар гарын үсэг зурж, холбогдох албаны хүмүүс байлцав.
Еслолын ажиллагааг нээж ЭМС-ийн Сайд Ш.Шийлэгдамба хоёр тал уламжлалт хамтын ажиллагаагаа үргэлжүүлж санамж бичиг байгуулж байгаад баяртай байгаагаа илэрхийлээд “Энэ удаагийн санамж бичгийг байгуулсанаар хэд хэдэн томоохон ажлыг хамтран хэрэгжүүлэхээр болж байна. Тухайлбал 2008-2015 онд хэрэгжүүлсэн анагаахын шинжлэх ухааны тэргүүлэх чиглэл, стратегийн биелэлтийг нэгтгэн дүгнэж, цаашид 2016-2021 он хүртэл хэрэгжүүлэх салбарын шинжлэх ухаан, технологийн тэргүүлэх чиглэл, стратегийг хамтран боловсруулахаар болж байгаа”-г онцолсон юм.
Мөн энэ үеэр ШУА-ийн Ерөнхийлөгч Б.Энхтүвшин хэлсэн үгэндээ: “Монгол улсын эрүүл мэндийн салбарын бодлого шинжлэх ухаанд суурилж ирсэн түүхтэй. 1960-аад онд ШУА байгуулагдахад Анагаах ухааны хүрээлэн бүрэлдэхүүнд нь байгуулагдаж байлаа. Ингэснээр монголын эрүүл мэндийн салбар өндөр түвшинд хүрч хөгжиж ирсэн юм. Бид өнгөрсөн жил Эмийн талаар баримтлах бодлогоос эхлээд олон чиглэлээр хамтран ажиллаж, тодорхой үр дүнд хүрсэн бөгөөд цаашид Био-анагаахын чиглэлээр тодорхой төсөл дээр хамтран ажиллах болно” хэмээв.
Санамж бичгийн зорилго нь ЭМСЯ, ШУА хоорондын хамтын ажиллагааг шинжлэх ухааны чиглэлээр өргөжүүлэн хөгжүүлэх, эрүүл мэнд, спортын салбарын эрдэмтэн судлаачдын чадавхийг сайжруулах, судалгааны чадавхийг бэхжүүлэх, тулгамдсан асуудлыг судалж, шаардлагатай бодлого шийдвэрийг боловсруулах үйл явцыг шинжлэх ухааны нотолгоогоор хангахад оршиж байгаа аж.
Хоёр тал эрүүл мэнд, спортын эрдэм шинжилгээ, судалгаанд зарцуулах төсөв, санхүүжилтийг нэмэгдүүлэх, монгол улсад эрүүл мэнд, спортын судалгаа, эрдэм шинжилгээг хөгжүүлэх үндсэн чиглэл, стратегийг боловсруулах, хэрэгжүүлэхэд нотолгоонд суурилсан онол, арга зүйгээр хангаж ажиллахаар тохиролцлоо. Түүнчлэн эрүүл мэнд, спортын тэргүүлэх чиглэлээр төр, шинжлэх ухаан, хувийн хэвшлийн тогтвортой хамтын үйл ажиллагааг дэмжих, оролцоог хангах, мэдээлэл солилцох, судалгааны давхардлыг арилгахад чиглэн ажиллахаар болов. Хамтын ажиллагааны санамж бичиг 3 жилийн хугцаанд хүчин төгөлдөр байх юм.