Вэбсайтын цэс
Хэлний сонголт
ШУА-ИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ УЗБЕКСТАН УЛСАД АЙЛЧЛААД ИРЖЭЭ
ШУА-ИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ УЗБЕКСТАН УЛСАД АЙЛЧЛААД ИРЖЭЭ

ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл саяхан Бүгд найрамдах Узбекстан улсын  Засгийн газрын шадар сайд Азиз Абдухакимовын урилгаар тус улсад айлчилж  Узбекстаны “Соёлын өвийн 7 хоног” арга хэмжээнд оролцоод ирлээ.

Тус арга хэмжээний хүрээнд Узбекстан улс гадаадад байгаа соёлын өвийн материалууддаа тулгуурлан 33 боть цуврал  номыг бүтээснээ танилцуулсан байна. Энэхүү томоохон бүтээлийг улсынхаа засгийн газрын санхүүжилтээр сүүлийн гурван жилийн турш судалж хайж бүрдүүлсний үр дүн аж.

Дэлхийн улс орнууд энэ мэтчилэн  өөр өөрийн өв соёлтой холбоо бүхий өв санг судлах, хамтын ажиллагааг өрнүүлэх, бүтээл гаргах ажлыг өргөн хүрээнд явуулдаг.

Харин манай улсын  хувьд Олон улсын Монгол судлалын холбоо санаачлан Гадаад харилцааны яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамтай хамтран дэлхийн улс орнуудад байгаа Монголын соёлын өвүүдийг нэгтгэж бүртгэх, бүтээл хийх зорилгоор “Дэлхийд тархсан монгол өв” төслийг хоёр жилийн өмнө танилцуулж байсан.

Гэсэн хэдий ч өнөөг хүртэл Төрийн ямар ч  дэмжлэг авч чадаагүйн улмаас төлөвлөсөн ажил удаашралтай хэрэгжиж байна Энэүү асуудлыг БСШУСЯ анхааралдаа авч идэвхижүүлэх, тодорхой ажил хийх болсон гэдгийг Узбекстаны  Засгийн газрын энэхүү  үйл ажиллагаа харуулж байна... хэмээн  ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл онцолж байлаа.  

Дэлхийн 34 улсад Монголын соёлын өв, Монгол Улстай холбоотой дурсгалууд хадгалагдаж байгаа. Тухайлбал, ОХУ-д хадгалагдаж байгаа үзмэрүүдээр гурав, Тайваны хааны ордны музейд байгаа цуглуулгаар хоёр боть гэх мэтээр нийт 20 боть номыг дээрх төслийн хүрээнд хэвлүүлнэ гэж төлөвлөсөн ч одоогоор ажил хэрэг болоогүй байгаа юм байна.   

ШУА-ийн ерөнхийлөгч дээрх айлчлалынхаа хүрээнд Узбекстаны ШУА-ийн ерөнхийлөгч Б.Мулдашевтай уулзаж хоёр улсын ШУА-ийн хамтын ажиллагааг идэвхижүүлэх талаар санал солилцжээ. Тэд ирэх оноос  хамтын ажиллагааны чиглэлээ шинэчлэн тогтоохоор ярилцаж тохиролцсон байна.  

 


Бусад мэдээлэл