Вэбсайтын цэс
Хэлний сонголт
Д.БАТТОГТОХ: БИДНИЙГ ФЕРРАРИДТАЙ УРАЛДУУЛАХЫН ТУЛД ХҮЧИН ЧАДАЛ САЙТАЙ МАШИН БЭЛДЭЖ ӨГӨХ ХЭРЭГТЭЙ
Д.БАТТОГТОХ: БИДНИЙГ  ФЕРРАРИДТАЙ УРАЛДУУЛАХЫН ТУЛД ХҮЧИН ЧАДАЛ САЙТАЙ МАШИН БЭЛДЭЖ ӨГӨХ ХЭРЭГТЭЙ

-Эрдмийн судалгааг асар их зардал, хугацаа зарцуулдаг учраас санхүүжилт чухал-

Монголын залуу эрдэмтдийн холбооны ерөнхийлөгч, доктор Д.Баттогтохтой уулзаж ярилцав.

-Та “Олон улсын шинжлэх ухааны чиг хандлага ба Монгол Улс” гэсэн илтгэл тавилаа. Дэлхийн шинжлэх ухааны чиг хандлага өөр гарагийг хүртэл эрхшээх, нисдэг машин бүтээх зэрэг “тив алгассан” зүйлд тэмүүлж байхад манай шинжлэх ухааны байгаа байдал шахмал түлшнийхээ үнсээр тоосго цохих маягийн төвшинд байна гэж шүүмжлэх хүн ч байх юм. Та энэ талаар ямар бодолтой байна?

-Ер нь шинжлэх ухааныг авч үзэхдээ одоогийн нөхцөл байдлыг харах хэрэгтэй. Шинжлэх ухаан хөгжихөд хэд хэдэн зүйл их чухал байдаг. Нэгдүгээрт, идеа санаа байх ёстой. Хоёрт, чадварлаг судлаач нар байх ёстой. Гуравт, санхүүжилт чухал. Өөрөөр хэлбэл судалгаа шинжилгээ хийхэд асар их зардал зарцуулж, удаан хугацаанд хийдэг учраас санхүүжилт чухал. Дөрөвт, хандлагын асуудал байгаа юм. Шинжлэх ухааны гурван судлагдахуун байна.

-Ямар гурван судлагдахуун билээ?

-Суурь шинжлэх ухаан, хэрэглээний шинжлэх ухаан, технологи хөгжүүлэлт гэсэн.Суурь шинжлэх ухаан байгалийн юмс үзэгдлийн тайлал, онол талдаа хөгждөг. Энэ нь хэрэглээнд нэвтрэх асуудал нь хамаагүй. Хэрэглээний судалгаа бол утааны асуудлыг шийдэх, шахмал түлшний чанарыг сайжруулах, хөрсний бохирдлыг бууруулах чиглэлийг гол болгодог. Технологи хөгжүүлэлт нь мэдээлэл технологи, үйлдвэрлэлийн процессыг сайжруулах зэрэг олон талтай. Монгол Улсын хувьд суурь шинжлэх ухаандаа илүү ханддаг. Суурь шинжлэх ухааны төвшин дэлхийн бусад улс орноос тийм ч дор гэж үзэхгүй байгаа. Хүн амдаа харьцуулахад шинжлэх ухаанаас гардаг гол бүтээгдэхүүн болох эрдэм шинжилгээний өгүүллээ олон улсын өндөр зэрэглэлийн сэтгүүлүүдэд хэвлүүлж буйгаараа илүү л гэж хэлнэ. Энэ тоог хүн амтайгаа харьцуулахад бага биш гарна. Зах зээлийн хэрэгцээн дээр тулгуурласан судалгааг манай улс хийхгүй байгаа нь дутагдалтай. Шинжлэх ухааны судлаачид маань тэр судалгаа руу илүү их чиглэх ёстой. Энгийнээр яривал бусад улс орнуудын суурь шинжлэх ухааныг судалж байгаа хүмүүсийн тоо багасаад хэрэглээний, технологи хөгжүүлэлтийн судалгаа руугаа илүү чиглээд байна. Бид менежментийн хувьд тэр талын судалгааг хөгжүүлэх хэрэгтэй болчихоод байгаа юм.

-Манайулс шинжлэх ухааны салбараа санхүүжүүлэх талаар бусад улс оронтой харьцуулахад ямар байдаг бол?

-Дэлхийн ихэнх улс орон дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ хоёр хувийг шинжлэх ухааны салбартаа зарцуулаад үр дүн гаргаж, тэрийгээ амьдралд хэрэглэдэг. Гэтэл манай улс шинжлэх ухааны салбартаа 0.16 хувийг л төсөвлөдөг. Ийм үзэгдэл төдий мөнгөөр юу хийх билээ. Манай салбарын сайд энэ талаар “УАЗ-469” унуулчихаад “Land 200” уначихсан юм шиг давхи аа гээд шахаад байх юм” гэж зүйрлэж хэлээд байсан даа. Биднийг Ферраригийн уралдаанд оруулахын тулд ядаж тиймэрхүү машин бэлдэж өгөх хэрэгтэй еэ. Тэр нь юу вэ гэхээр лаборатори, тоног төхөөрөмж, туршилтаа хийх бололцоо, дэд бүтэц, санхүүжилт юм. Энэ бүх асуудлыг шийдчихвэл илүү өндөр төвшинд ажиллах бололцоотой. Хэрэглээний, технологи хөгжүүлэлт талаасаа бид дутмаг байгаа байх. Харин суурь шинжлэх ухааны талдаа палентлоги, архелоги гээд дэлхийн шинжлэх ухааны төвшинд эрэмбэлэгдэж байгаа салбарууд байна.

-Дэлхийн улс орнуудын шинжлэх ухааны чиг хандлага ямаршуухан байна?

-Салбар бүхэнд өөр өөр байгаа. Нийгмийн ухаан, ХАА, эдийн засаг бизнес, техник технологи бүгд өөр өөр чиг хандлагатай байгаа. Энэ бүхнийг нэгтгэж харах зүйл бол шинжлэх ухааны менежментийн чиг хандлага байна. Улс орнууд шинжлэх ухааны салбар хоорондын судалгааг маш сайн хийдэг болсон. Тухайлбал, агаарын бохирдол гэдэг нь зөвхөн утааг багасгах, түлшийг сайжруулах асуудал биш цаанаа хүмүүсийн орлогыг сайжруулах, хандлагыг өөрчлөх, хүрээлэн буй орчны бохирдлыг багасгах зэрэг нийгмийн том асуудлууд болж байна. Иргэн хүн яах вэ гэхээр ядаж гэрээ дулаалах шаардлагатай шүү дээ. Энэ нь хувь хүний өөрийнх нь үүрэг хариуцлага байх жишээтэй. Нийгмийн асуудал гэдэг зөвхөн нийгмийн асуудал биш. Экологийн асуудал давхар явж байдаг. Эдийн засгийн асуудал давхар явж байдаг. Дижитал хувьсгалын даяаршиж буй ертөнцөд хамтарч судалгаа хийх нь нэн тэргүүний хандлага байна. Хоёрдахь хандлага нь нээлттэй инновацийн тогтолцоо байна. Судлаач шинэ технологи, мэдлэг гаргавал тэрийгээ олон улсад аль болох хурдан гаргах хэрэгтэй. Тэрийгээ сейфэндээ нуугаад байх шаардлага огт байхгүй. Оюуны өмчөө хамгаалуулаад дэлхийн бусад хэрэгцээтэй хүмүүст нь тэр технологио зарах, арилжаалах, хамтарч судлах боломжоо эрэлхийлэх хэрэгтэй. Энэ бол нээлттэй инновацийн тогтолцоо юм. Хуучин аж үйлдвэрийн зуунд дэлхий нийтээр яаж байсан гэхээр нэг технологи гаргаж аваад тэрийгээ хадгалж байгаад дуулиан тарьж шинэ үйлдвэрлэл, шинэ бүтээгдэхүүн гаргадаг байсан. Одоо мэдлэгээ нээлттэйгээр тавиад тэнд байгаа Америкийн хөрөнгө оруулагчийг татаад, энд Японы үйлдвэрлэгчийг оролцуулаад, дээр нь Хятадын технологийн ижил төрлийн судалгаа хийдэг судлаачтай нийлж сайжруулаад дэлхийн төвшний бүтээгдэхүүн гаргах боломжтой болсон. Энэ чинь л нээлттэй инновацийн зарчим. Хятадын юмыг авчраад угсарчихлаа, лого наачихлаа гээд шүүмжлээд байдаг. Үүнийг тэгж хэлж болохгүй. Энэ бүхэн чинь нээлттэй инновацийн зарчим.


Бусад мэдээлэл