Монгол Улсын Шинжлэх ухааны ажилтны анхдугаар их хуралд оролцож байгаа ШУА-ын жинхэнэ гишүүд, үе үеийн эрдэмтэн, судлаачид, их дээд сургуулийн эрдэмтэн профессорууд, их хурлын зочид төлөөлөгчид Та бүхэндээ Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн халуун дотно мэндчилгээ дэвшүүлье.
Бүр XIII зууны үед Их хаан Хубилай “Бичгийн мэргэдийн
хүрээлэн” байгуулж, Монголын их хаадын үеийн түүх соёлын ихээхэн өвийг
бичиж үлдээсэн нь Хятад, Иран болон Дундад Азийн олон улс оронд хадгалагдаж
байдгийн нэг жишээ бол Цагаадай хааны үед бий болсон Цагаадай хэл дээр бичигдсэн
түүхийн олон баримт бичиг өнөөг хүртэл хадгалагдаж ирсэн байна. Энэ бол монголчууд бид нэгэн үе дэлхийн
түүхийг бичилцэж, эрдэм мэдлэгийг бүтээлцэхэд оролцож явсны тод жишээ юм.
“Судар бичгийн хүрээлэн” -гээс өнөөгийн
ШУА-ийн эхлэл тавигдаж, өнөөдөр монгол оронд орчин үеийн шинжлэх ухааны олон
салбар шинээр үүсэн хөгжиж ирснийг дурдахад таатай байна. Сүүлийн жилүүдэд ШУА
төдийгүй, манай их сургуулиуд судалгаа, шинжилгээний ажлыг сургалттай уялдуулж,
гадаадын олон эрдэмтэд судлаачид, хүрээлэн байгууллагуудтай хамтарсан судалгаа
явуулж, улмаар дэлхийн шилдэг их сургуулиудад эрдмийн ажил явуулж, дадлага
туршлага эзэмшсэн шинэ үеийн залуу эрдэмтдээр эгнээгээ тэлж байна.
Их хурлын
төлөөлөгчид өө,
Улс орны өрсөлдөх чадварыг дээшлүүлж, улмаар эдийн засгийн
өсөлтийг хангах гол хүчин зүйл бол инновац болж байна. Edelman Intelligence
судалгааны группээс гаргасан Дэлхийн
инновацын 2018 оны барометр[1] (Global Innovation
Barometer 2018) тайланд улс оронд инновацын гол тоглогч нь жижиг дунд үйлдвэр,
компани байхаа болж судалгааны лабораториуд, их сургуулиуд болж өөрчлөгдөж
байгаа төлөв байдлыг онцлон тэмдэглэсэн байна. Иймээс аж үйлдвэрийн
IV хувьсгалын өнөө үед судалгаа шинжилгээний ажлын үр дүнг инновац болгон
нэвтрүүлэх замаар улс орны хөгжил дэвшилд дорвитой хувь нэмэр оруулах асуудал
тулгарч байна. Өнгөрсөн 5 сард би ШУА-ын болон их сургуулиудын эрдэм
шинжилгээний зарим нэг хүрээлэнгүүдийн ажилтай танилцаж явахад инновац болгоход
тулж ирсэн сонирхолтой судалгааны ажлууд олныг харсан. Эндээс хийсэн гол
дүгнэлт бол манайд инновацийг дэмжих эко-системийг бий болгох асуудал тулгамдаж
байгаа явдал юм. УИХ-аас ийм эко-системийг бий болгох зорилгоор инновацийн
тухай хуульд зохих өөрчлөлтийг оруулахаар бэлтгэл хангаад байна.
Хоёрт, Та бид шинжлэх ухаан
технологийн урд өмнө үзээгүй хувьсгалт өөрчлөлтийн эрин үед, тухайлбал, хиймэл
оюун, нейро шинжлэх ухаан, их өгөгдлийн ач холбогдол асар ихээр өсөн нэмэгдэж
байгаа Аж үйлдвэрлэлийн IV хувьсгал эрчимтэй өрнөж байгаа үед амьдарч ажиллаж
байна. Ийм нөхцөлд улс гүрнүүд уламжлалт арга барилаасаа татгалзаж, цоо шинэ
шинжлэх ухаанч хандлагыг төрийн бодлого боловсруулахдаа хэрэглэж, төрийн
бодлогыг шинжлэх ухаанд тулгуурласан баталгаа нотолгооны үүднээс боловсруулах
болж байна. Манай УИХ-аас баталж байгаа
хууль эрх зүйн баримт бичгийн боловсруулалтад онцгой анхаарч, улмаар
“Парламентын судалгааны хүрээлэн” байгуулж ажиллахаар зохих бэлтгэлийг хангаж
байна.Ийм хүрээлэн байгуулснаар төрийн бодлого боловсруулахад юуны өмнө
эрдэмтэд, судлаачид болон эрдэм шинжилгээний байгууллагын өргөн хүрээтэй
оролцоог хангах нөхцөл бүрдэх юм. Түүнээс гадна манай орны хөгжлийн урт
хугацааны стратегийн төлөвлөлтийг боловсруулж байгаа энэ үед шинжлэх ухаан,
технологийн хөгжлийн тэргүүлэх чиглэлийг эрдэмтэн, судлаач, профессор багш
нарыг өргөн оролцуулах замаар шинээр
тодорхойлж, түүнийг хэрэгжүүлэх арга замыг нарийвчлан тогтоох нь зүйтэй.
Гуравт, УИХ-ын намрын
чуулганаар улс орны шинжлэх ухаан, технологийн хөгжилтэй холбоотой хэд хэдэн
чухал хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэхээр бэлтгэж байна. Тухайлбал,
шинжлэх ухаан, технологийн тухай, инновацийн тухай, Хөгжлийн бодлого
төлөвлөлтийн тухай, Боловсролын тухай багц хууль зэргийг бэлтгэх ажилдаа ороод
явж байна. Эдгээр хууль тогтоомжийг баталснаар шинжлэх ухаан, технологийг
хөгжүүлэхэд таатай орчин бүрдүүлэхэд тус дөхөм үзүүлэх болно.
Дөрөвт, Бид задралаас нэгдэл рүү явах цаг болжээ. Монголчууд
бид хамтарч нэгдэж ажиллавал хүчтэй болдгийг түүх бидэнд нэг бус удаа
харуулсан. Хөгжил бол цэгцрэх хөдөлгөөн мөн. Тийм учраас бид улс орны хөгжлийн
зүтгүүр болсон шинжлэх ухаан, технологийн хөгжлийг цаашид улам боловсронгуй
болгохын тулд цэгцлэх, цэгцрэх хөдөлгөөнийг эхлүүлэх шаардлагатай байна. Юуны
өмнө, төрийн өмчийн их сургуулиудын хүчийг нэгтгэж, дэлхийн түвшний судалгааны
их сургуультай болох зорилтыг
хэрэгжүүлэх ажилд орох шаардлага тулгарч байна. Төрийн өмчийн их сургуулиуд нэгдснээр авьяасын
төвлөрөл бий болж, судалгааны нэгдсэн лабораториуд байгуулагдаж, улмаар тэдний
судалгааны ажлын чадавхи эрс нэмэгдэж, эрдэм шинжилгээний ажилтан бэлтгэх ажлын
чанарт эрс өөрчлөлт гаргах боломж бүрдэнэ. Өнөөдөр эрдмийн зэрэг цол олгох
ажлыг цэгцлэх, замаар шинжлэх ухааны нэр төрийг дээшлүүлэх шаардлагатай байна.
Үүний тулд юуны өмнө, Эрдмийн зэрэг цол олгох дээд зөвлөлийг сэргээн байгуулах
шаардлагатай гэж үзэж байна. Шинжлэх ухааны академийн хүрээлэнгүүд, тэдний
эрдэмтдийн бий болгосон эрдэм мэдлэгийг их дээд сургуулиудын сургалт, эрдэм
шинжилгээний ажилд нэвтрүүлэх замаар тэдгээрийн хооронд уян хатан, нарийн
шүтэлцээ бүхий хамтын ажиллагааг тогтоох цаг болжээ.
Улс орныхоо эдийн засаг, нийгмийн хөгжлийн тулгамдсан
асуудалд шинжлэх ухааны үндэстэй, алсын хараатай иж бүрэн шуурхай хариу шийдэл
гаргах, дэлхий дахины эрдэм ухааны оргилд хүрч, улс орныхоо төдийгүй дэлхий
дахины тулгамдсан асуудлыг шийдэхэд бодитой хувь нэмэр оруулах судалгаа
шинжилгээ, нээлт бүтээл гаргах үндэсний оюун ухаан, авьяасын төвлөрлийг бий
болгох замаар шинжлэх ухаан, технологи, инновацийг Монгол Улсын хөгжлийн
шийдвэрлэх хүчин зүйл, тэргүүлэх чиглэл болгоно гэдэгт итгэл дүүрэн байгаагаа
илэрхийлж, их хурлын үйл ажиллагаанд амжилт хүсье.
Та бүхэнд эрдэм оюун, авьяас
бүтээлийн их амжилт хүсэн ерөөе.
МОНГОЛ
УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР