Шинжлэх Ухааны Академийн төрөлжсөн академи Монголын Анагаах Ухааны Академийн хүндэтгэлийн чуулан болов
ШУА-ийн төрөлжсөн академи Монголын Анагаах ухааны Академийн ээлжит чуулган энэ оны 6 дугаар сарын 06-ны өдөр 11:00 цагаас ШУА-ийн Их чуулганы танхимд зохион байгуулж, чуулганыг МАУА-ийн Ерөнхийлөгч, академич Ш.Болд даргалж, чуулганы хуралдааны хэлэлцэх асуудлын төлөвлөгөө, дэгийг танилцуулан батлуулав. МАУА-ийн хүндэтгэлийн чуулганы хуралдаанд ЭМЯ, ШУА, МАУА-ийн тэргүүлэгчид, гишүүд, их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллага, хүрээлэн, төвийн захирал, ЭНБД нар, эрдэмтэн судлаачид оролцов. Хэлэлцсэн асуудал:
- МАУА-ийн дээд шагнал “Академич П.Нямдаваа алтан медаль” гардуулах тухай
- МАУА-ийн шинэ гишүүдэд энгэрийн мөнгөн тэмдэг, жуух, үнэмлэх гардуулах тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.
Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 4.4 дэх хэсэг, ШУА-ийн төрөлжсөн академи Монголын Анагаах ухааны Академи (МАУА)-ийн дүрмийн 13 дугаар зүйлийн 2.г хэсгийг үндэслэн МАУА-ийн дээд шагнал “Академич П.Нямдаваа алтан медаль” шагналыг 2 жилд нэг удаа шалгаруулан олгодог. МАУА-ийн Ерөнхийлөгчийн томилсон ажлын хэсэг Академич П.Нямдаваа алтан медалийн энэ жилийн шагналын эзнийг 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдөр шалгаруулан дүгнэлт гаргаж, хянан магадалгаа хийсэн ажлын хэсгийн дүгнэлтийг МАУА-ийн эрдэмтэн нарийн бичгийн дарга Д.Энх-Амгалан чуулганд танилцуулав.
Аливаа улсын шинжлэх ухааны байгууллага, эрдэмтдийн дэлхийн шинжлэх ухаанд оруулж буй хувь нэмрийг олон улсын нэр хүндтэй сэтгүүлд нийтлүүлсэн бүтээлийн тоо, түүнээс эшлэл авсан эшлэлийн индексээр үнэлдэг. Энэ шагналын шалгуур ч судлаачийн чансааг илтгэх бүтээлийн эшлэлийн индекс (Citation Index or Hirsh Index)-ийг гол шалгуур үзүүлэлт болгон шалгаруулдаг журамтай.
МАУА-ийн дээд шагнал “Академич П.Нямдаваа” алтан медальд нэр дэвшигчийг шалгаруулах хуралдааны шийдвэрийг үндэслэн шинжлэх ухааныг хөгжүүлэх үйлсэд хичээн зүтгэж, шинжлэх ухааныг түгээн дэлгэрүүлэх, хөгжүүлэх, анагаах ухаан, ялангуяа эрүүл мэндийн бодлого, нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр олон улсын судалгааны багтай хамтран нотолгоонд суурилсан бодлогын интервенцийг хэрэгжүүлж, үр нөлөөг судлан шинэ мэдлэг, мэдээллийг бүтээж, судлаачийн чансааг үнэлэх бүтээлийн эшлэлийн индекс (Citation Index or Hirsh Index) шалгуур 24 болж шалгарсан анагаах ухааны доктор, профессор Очирын Чимэдсүрэнд МАУА-ийн дээд шагнал “Академич П.Нямдаваа” алтан медаль хүртээж, 5000.000 (таван сая) төгрөгийн хамт ёслол төгөлдөр гардуулан, баяр хүргэлээ.

МАУА-ийн 2005 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн чуулганаар сонгогдсон гишүүн анагаах ухааны доктор, профессор Дамбын Цэнд-Аюуш, анагаахын шинжлэх ухааны доктор, профессор Даваацэрэнгийн Уранчимэг, эм зүйн ухааны доктор, профессор Эрдэнэчимэгийн Сэлэнгэ, анагаах ухааны доктор, профессор Дашжамцын Шагдарсүрэн нарын гишүүдэд ШУА-ийн төрөлжсөн академи Монголын Анагаах ухааны Академийн гишүүний энгэрийн мөнгөн тэмдэг, батламж, үнэмлэх гардуулав. Шинжлэх ухааныг хөгжүүлэх үйлсэд хичээн зүтгэж буй эрдэмтэн судлаачдад баяр хүргэж, дэлхийн оюуны санд арвин хувь нэмэр оруулахыг дээдлэн хүсэв. Дараа нь Академич П.Нямдаваа сангийн гүйцэтгэх захирал анагаах ухааны доктор, дэд профессор Н.Наранбат МАУА-д мэндчилгээ дэвшүүлж, Хувилай хааны хөрөг зургийг хадгалуулав.

Хамгаас эрхэм баялаг болох эрдэм ухааны далай улам арвижих болтугай.
МОНГОЛ УЛСЫН ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИ
МОНГОЛЫН АНАГААХ УХААНЫ АКАДЕМИ
Бусад мэдээлэл