Вэбсайтын цэс
Хэлний сонголт
Б.АВИД: БОХИРДЛЫН ТӨВШИНГ БАЙГАЛЬД ХАЛГҮЙ ЭКО ТЕХНОЛОГИОР БУУРУУЛАХГҮЙ БОЛ “КОВИД 19”-ч АЮУЛТАЙ БАЙДАЛ ҮҮСЭХИЙГ ҮГҮЙСГЭХГҮЙ ЮМ
Б.АВИД: БОХИРДЛЫН ТӨВШИНГ БАЙГАЛЬД  ХАЛГҮЙ ЭКО ТЕХНОЛОГИОР БУУРУУЛАХГҮЙ БОЛ “КОВИД 19”-ч АЮУЛТАЙ БАЙДАЛ ҮҮСЭХИЙГ ҮГҮЙСГЭХГҮЙ ЮМ

"Цэвэр Агаартай Хот" олон Улсын эрдэм шинжилгээний цахим хурал болж өнгөрлөө. Тус хурлын зорилго нь Нийслэл хотыг цэвэр агаартай, эрүүл аюулгүй орчинтой хот болгох, агаар, хөрсний бохирдлын эх үүсвэрийг судлан тогтоох, хүний эрүүл мэндэд учирч буй сөрөг нөлөөллийг бууруулах, дэвшилтэт техник технологийг нэвтрүүлэх, хэрэгжүүлж буй асуудлыг хэлэлцэх, эрдэм шинжилгээний судалгаа, шинжлэх ухаанд суурилсан бодлого, хөтөлбөрийг боловсруулахад чиглэсэн зөвлөмж гаргахад чиглэгджээ.  

Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар, Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи, АШУҮИСургуулийн Нийгмийн Эрүүл Мэндийн Сургууль хамтран зохион байгуулж буй уг хуралд дотоодын болон олон улсын 30 гаруй эрдэмтэн судлаачид илтгэл хэлэлцүүлсэн юм.

Энэ үеэр Нийслэлийн Засаг даргын Агаар, орчны бохирдол  хариуцсан орлогч дарга Д.Мөнхжаргал хэлэхдээ “2019 онд бид агаарын бохирдлыг амжилттай даван тууллаа. Гэр хороолол нийт бохирдлын 80 хувийг бүрдүүлдэг. Агаар орчны бохирдлыг бууруулахын тулд сайжруулах түлшний үйлдвэрүүд байгуулан, түүхэн үр дүнд хүрлээ. Мөн зүүн бүсийн гэр хорооллын айлуудыг сайжруулсан түлшээр хангах, хоёр дахь үйлдвэрийг барьж байна. Түүхий нүүрсний хэрэглээг бодитоор бууруулан, цахилгаан хийн халаагуурыг хэрэглээнд нэвтрүүллээ. Цаашид хөрсний бохирдлыг бууруулах чиглэлд анхаарч ажиллах шаардлагатай байна. Эрдэмтэн судлаачдын санал санаачлагыг энэ хурлаар сонсож Нийслэлээс гаргах бодлогод тусгах гээд олон талын ач холбогдолтой. Гадны эрдэмтэн судлаачид түүхий нүүрсний хэрэглээг зогсоосон нь  шийдэмгий алхам байсан гэж дүгнэж байна” гэсэн юм.

Мөн энэ үеэр  ШУА-ийн эрдэмтэн нарийн бичгийн дарга Б.Авид хэлэхдээ “Монгол улсын үндсэн хуулинд “Монгол улсын иргэн нь эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй” гэж заасан байдаг хэдий ч бараг Монгол улсын хоёр хүн тутмын нэг нь амьдарч буй Нийслэл хотод маань Монгол хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл нь бүрэн хангагдахгүй байна. Ийм учраас НЗДТГ-тай хамтран зохион байгуулж буй энэхүү олон улсын эрдэм шинжилгээний цахим хурал нь цагаа олсон, чухал ач холбогдолтой ажил болж байна.

Нийслэл Улаанбаатар хотын агаар, хөрс, усны бохирдлын үндсэн гол эх үүсвэр нь хотын хүн амын 60% нь оршин суудаг гэр хорооллын хог хаягдал, шингэн бохирдлоос эх үүсвэртэй. Энэ нь хөрс, хүрээлэн буй орчныг бохирдуулахаас гадна нийслэлд бүртгэгдсэн халдварт өвчний 9.9%-ийг гэдэсний халдварт өвчин эзэлж байгаагийн том шалтгаан нь болж байна гэж үзэж байна.

Хэдийгээр гэр хорооллын дахин төлөвлөлт хийж, орон сууцжуулах хөтөлбөр хэрэгжиж байгаа ч ойрын хэдэн жил, магадгүй хэдэн арван жилд хуримтлагдсан бохирын асуудал, хүнд металлын асуудал хэвээр байх учраас шинжлэх ухаанчаар шийдвэрлэж, бохирдлын төвшинг байгальд халгүй эко технологиор бууруулахгүй бол магадгүй КОВИД 19-ч аюултай байдал үүсэхийг үгүйсгэхгүй юм.

 Өнгөрсөн 4 жилд агаарын бохирдлыг 50 хувь, автомашины түгжрэлийг тодорхой хэмжээгээр бууруулж чадсаны адилаар ирэх 4 жилд хөрсний бохирдлыг бууруулах боломж Нийслэл хотын удирдлагад бүрэн бий бөгөөд энэ тал дээр шинжлэх ухааны байгуулагууд хамтран ажиллахад бэлэн байна. Хамтран бодитой төсөл хэрэгжүүлж чадвал утааны асуудлыг шийдсэний адилаар хөрс бохирдуулах эх үүсвэрийг бууруулах бүрэн боломж бидэнд бий гэдэгт бүрэн итгэлтэй байна” гэсэн юм. 


Бусад мэдээлэл