Вэбсайтын цэс
Хэлний сонголт
ШИЛЭН ХӨӨСӨӨР БАРЬСАН БАЙШИНГ ТАНИЛЦУУЛЛАА
ШИЛЭН ХӨӨСӨӨР БАРЬСАН БАЙШИНГ ТАНИЛЦУУЛЛАА

    Шинжлэх ухааны академийн Физик технологийн хүрээлэнгийн эрдэмтэд хаягдал шилийг хөөлгөн энгийн блокоос илүү дулаан хадгалах чадвартай материал гарган авчээ. Тус материалыг “хөөсөн шил” хэмээн нэрлэсэн бөгөөд түүгээр барьсан байшинг /амины орон сууц/ өнөөдөр танилцууллаа.

     “Хөөсөн шил”-ийн 94-96 хувь нь хаягдал шил, үлдсэн нь хаягдал шохой, элс, нүүрс зэрэг ажээ. 4х6 м хэмжээтэй байшинг барихад 60 см кв, 10 см зузаантай 60 гаруй ширхэг “хөөсөн шил” ашигласан байна. Нийт 1 орчим тонн жинтэй тус “хөөсөн шил”-үүдийг 1800 хаягдал архины шилээр хийжээ.

    ФТХ-ийн захирал П.Алтанцогийн хэлж байгаагаар Улаанбаатар хотын хэмжээнд  60 мянган тонн хаягдал шил бий, түүний 40 мянган тонныг боловсруулах үйлдвэр барих боломжтой юм байна.  Ийм үйлдвэр барихад  тус хүрээлэнгийн эрдэмтэн судлаачдын гаргасан тооцоогоор 6-7 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардагдах бөгөөд дотоодынхоо барилгын материалын 15-20 хувийг үйлдвэрлэж чадах гэнэ. Төслийн багийнхан “Байгалиа ухаж сүйтгэхгүй, эко энэ үйлдвэрлэлийг төр, засгийн газраас дэмжих хэрэгтэй байна” гээд  энэхүү  хүсэлтээ уламжилж өгөхийг БСШУЯ-ны газрын дарга Б.Мөнхбат, ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл нарт дайлаа.  

    ШУА-ийн Физик технологийн хүрээлэнгийнхний "хаягдал шил ашиглан бүтээгдэхүүн гаргаж авах" энэхүү төсөл  нь   БСШУСЯамнаас хэрэгжүүлж буй  цөм технологийн төслийн хүрээнд 300 гаруй сая төгрөгийн төсвөөр хэрэгжжээ.

     

    10 см зузаантай тус "хөөсөн шил" нь 30-40 см зузаантай энгийн блоктой харьцуулахад хатуулаг, дулаан хадгалалтаараа адил ба түүнээс ч илүү дулаан хадгалах чадвартай аж. Нийт 13 хүний бүрэлдэхүүнтэй ажилласан төслийн баг бүтээлээрээ ашигтай загварын гэрчилгээ авсан байна.

    Хаягдал шилнээс гаргаж авсан материалаар байшин барихаас гадна замын хайрга, дайргыг орлуулж болно. Блок, материал нь шил учраас усанд элэгдэхгүй, эдэлгээ сайтай.  Мөн хөөсөн шилийг  “ус шүүгч” болгон хэрэглэж болно. Нягтрал багатай хөөлгөсөн “хөөсөн шил” ээр ус гүйлгэж үзэхэд усыг өмнө байснаас нь 6 дахин цэвэршүүлж байгаа гэдгийг  төслийн багийнхан танилцууллаа.

     

     

     


    Бусад мэдээлэл