Эрхэм хүндэт Ц. Цогзолмаа сайд аа,
Хүндэт зочид төлөөлөгчид, эрдэмтэн судлаачид аа,
Монголын Шинжлэх ухааны ажилтны өдөр, манай улсад орчин үеийн шинжлэх ухааны ууган байгууллага–Судар бичгийн хүрээлэн байгуулагдсаны 96 жил, Монгол Улсын Шинжлэх ухааны академи байгуулагдсаны 56 жилийн ойг тохиолдуулан шинжлэх ухаан, технологи, инновацийн салбарт ажиллаж буй нийт эрдэмтэн судлаач, ажилтан албан хаагч, мөн түүнчлэн шинжлэх ухааныг дэмжигч төрийн түшээд, үйлдвэрлэгч бизнесмен, шинжлэх ухааны үр шимийг хүртэгч иргэд, хамтран ажиллагч байгууллага, хамт олонд чин сэтгэлийн баярын мэнд хүргэе.
Эдүгээ монгол орны нийгэм, эдийн засаг, шинжлэх ухаан, технологи, инновацийн хөгжлийг улам эрчимжүүлэх, шинэ үеийн монголчуудыг эрүүл бие бялдартай, саруул ухаантай, цэвэр ёс суртахуунтай хувь хүн болгон хөгжүүлэн төлөвшүүлэхэд манай орны шинжлэх ухаан, боловсролын байгууллага, эрдэмтэн мэргэдийн гүйцэтгэх үүрэг, хариуцлага, эрэлт хэрэгцээ улам бүр өсөн нэмэгдэж байна. Хөгжил дэвшлийн бүхий л асуудлыг хүнтэй нь хамт шинжлэх ухааны үндэслэл нотолгоо, ололт амжилт дээр тулгуурлан шийдвэрлэх бодит шаардлагууд ч зүй ёсоор тавигдах болов.
Бидний амьдарч буй энэхүү аж үйлдвэрлэлийн дараах үе буюу үйлдвэрлэлийн 4 дүгээр хувьсгалын эринд нэг талаас бүтээгдэхүүн дэх материалын орцыг эрс багасгах, мэдлэгийн эдийн засгийг бий болгох, байгаль орчинд ээлтэй ногоон хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх, нийгмийг шинжлэх ухаанаар жолоодуулан хөгжүүлэхэд гол шаардлагууд тавигдаад байна. Нөгөө талаас өнөөгийн шинжлэх ухаан нь нээлттэй мэдээлэл, тогтвортой хөгжлийн цогц хандлага, хөрвөх чадвартай судалгаануудын уулзвар зааг буюу судалгааны олон чиглэлийн зангилаан дээр зонхилон ажиллах болж байна.
Манай эрдэмтэд, эрдэм шинжилгээний байгууллагуудын өмнө эдгээр хандлагыг соргог анзааран, төр, шинжлэх ухаан, хувийн хэвшлийн уялдаа зохицлыг хангаж, улс орондоо мэдлэгт тулгуурласан эдийн засаг, шинжлэх ухаанд суурилсан хөгжлийн үндсийг бүрдүүлэн бэхжүүлэхэд идэвхитэй оролцох зүй ёсны шаардлага бий болсон байна. Эдгээр эрэлт хэрэгцээ, шаардлагатай уялдан манай салбар болоод эрдэмтэн судлаачдын өмнө олон шинэ зорилт, сорилт тавигдаж, тэдгээрийг хэрэгжүүлэх талаар төр засгаас ээлж дараатай арга хэмжээнүүдийг авч, зарим үр дүнд хүрч байгааг энэ баярын өдөр тэмдэглэн хэлэхэд таатай байна.
Жил бүрийн шинжлэх ухааны ажилтны өдрөөр бид тухайн жилд бий болсон шинжлэх ухаан, технологи, инновацийн шинэ бүтээл, бүтээгдэхүүн, загвар, шинжлэх ухааны үйлчилгээний зарим дээжээс олон нийтэд дэлгэн танилцуулж, сурталчлахын сацуу олон түмний санал бодол, зөвлөгөө шүүмжийг сонсож үйл ажиллагаандаа тусгах зэрэг ажлыг зохион байгуулан хэвшиж байна. Мөн шинжлэх ухаан, технологи, инновацийн шинэ залуу залгамж халааг бэлтгэх талаар ч бодож санаачлах олон ажил бий болж хэрэгжилтээ хүлээж байна.
Энэ жилийн хувьд манай ШУТ-ийн салбар бүхэлдээ энэ өдрийг угтан бүтэн жилийн турш шинжлэх ухаан, технологи, инновацийн ололт амжилтыг сурталчлах,тулгамдсан асуудал, хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэх арга зам, гарцыг хамтдаа эрж хайх, шинжлэх ухааныг үйлдвэрлэл, боловсролтой холбон сайн түншлэлийг хөгжүүлэх, гадаадын судлагааны байгууллага, судлаачидтай харилцан ашигтай, ирээдүйд чиглэсэн хамтын ажиллагааг өрнүүлэх талаар идэвхи санаачлагатай ажиллаж ирлээ.
Эдгээр олон талт ажлын үр дүн, ач холбогдлыг дүгнэсэн, нийгэм, олон түмэнд сурталчилсан төгсгөлийн арга хэмжээнүүд энэ 7 хоногт орон даяар өрнөн явсаар бид өнөөдөр энэхүү ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаанд хүрч ирээд байна. Энэ талаар та бүхэн хангалттай их мэдээллийг авсан байгаа гэдэгт огт эргэлзэхгүй байгаа учраас би тэр бүхнийг дурдан ярих шаардлагагүй гэж бодож байна. Харин Шинжлэх ухааны ажилтны өдрийг угтсан бүхий л ажиллагааг манлайлан удирдаж зохион байгуулсан БСШУСЯ, ШУТС, ШУА-ийн хамт олонд энэ сайхан танхимд хуран цугласан та бүхний нэрийн өмнөөс болон хувиасаа гүн талархал илэрхийлээд өнөөдрийн энэхүү ёслол хүндэтгэлийн үйл ажиллагааг нээснийг мэдэгдъе.
Одоо манай энэхүү арга хэмжээний албан ёсны хүндэтгэлийн илтгэлийг тавьж өгнө үү хэмээн БСШУС-ын сайд, ЗГ-ын гишүүн, УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа Таныг индэрт хүндэтгэн урья.