Вэбсайтын цэс
Хэлний сонголт
ЭМГЭНЭЛ
ЭМГЭНЭЛ

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, шинжлэх ухааны шилдэг зохион байгуулагч, Төрийн шагналт, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, XX зууны манлай эрдэмтэн, Академич Баатарын Чадраа 2016 оны 2 дугаар сарын 27-ны  өдөр хүнд өвчний улмаас таалал төгсөж, Монголын шинжлэх ухаанд хүнд гарз тохиолоо.

Баатарын Чадраа нь 1939 онд Архангай аймгийн Тариат сумын Мөрөн багийн нутаг Ороох хэмээх газар малчин ард Баатарын 8 дахь хүүхэд болж төрсөн. Мөрөн багийн бага сургууль, Цэцэрлэг хотын нэгдүгээр 10 жилийн 7 дугаар анги, Улаанбаатар хотын лаборатори нэгдүгээр дунд сургуулийн 10 дугаар анги, мөн Ломоносовын нэрэмжит Москвагийн Их сургуулийн физикийн ангийг төгссөн анхны Монгол эрдэмтдийн нэг билээ.

Тэрбээр 1963 онд Ломоносовын нэрэмжит Москвагийн Улсын Их сургуулийг төгсөж, ажлынхаа гарааг Монгол улсын Шинжлэх ухааны академийн Байгалийн ухааны хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтнаас эхэлж Физик, математикийн  хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, Физик техникийн хүрээлэнгийн захирал, Сэргээгдэх эрчим хүчний хүрээлэнгийн захирал, Сэргээгдэх эрчим хүчний шинжлэх ухаан-үйлдвэрлэлийн нэгдлийн Ерөнхий захирал, Электрон техник, эрдэм шинжилгээний багаж төхөөрөмжийн Монел үйлдвэрийн захирал, Улаанбаатарын Их сургуулийн захирал зэрэг албыг хашиж ирснээс гадна ШУА-ийн Дэд ерөнхийлөгчөөр 3 удаа, ШУА-ийн Ерөнхийлөгчөөр 3 удаа, нийт 21 жил сонгогдон ажилласан шинжлэх ухааны авьяаслаг зохион байгуулагч эрдэмтэн байлаа.

Академич Б.Чадраа 1976-1981 онд Ардын Их Хурлын депутатаар, 2000-2004 онд Монгол Улсын Их хурлын гишүүнээр тус тус сонгогдон, төрийн жолоо атгалцаж байв. 

Тэрээр Монгол Улсын Засгийн газрын Сансрын хамтарсан нислэгийг бэлтгэх улсын комиссын орлогч дарга, Цөмийн энергийн комиссын орлогч дарга, Эрдмийн цол, зэрэг олгох дээд зөвлөлийн орлогч дарга, МАН-ын Төв хорооны
гишүүн, Намын Бага хурлын гишүүн, МХЗЭ-ийн Төв хорооны Товчооны гишүүнээр удаа дараа сонгогдон ажиллаж байсан манай төр, нийгмийн зүтгэлтэн билээ.

Б. Чадраа нь эрдэм шинжилгээний ажлыг эрчимжүүлж боловсон хүчин бэлтгэх, судалгааныхаа ажлыг үйлдвэрлэлд нэвтрүүлэх зорилгоор 10 гаруй хүрээлэн, сургууль жижиг үйлдвэрүүд байгуулсны дотор барууны орнуудтай байгуулсан Монголын анхны хамтарсан үйлдвэр Англи-Монголын “МОНМАР”, анхны тооцоолон бодох машин М-22, электрон техникийн “МОНЕЛ”-үйлдвэр, шинжлэх ухааны үйлдвэрлэлийн нэгдэл-СЭХ, эрдэм шинжилгээний ажилтныг бэлтгэх Улаанбаатарын их сургууль, Архангай дахь “Ирвэс” лицей сургууль, Москва дахь Их сургуулиудын Монгол дахь салбарууд (Плехановын, эрчим хүчний, сургууль), АНУ-ын Колорадогийн Их сургуулийн салбар зэрэг болно.

Баатарын Чадраагийн туурвисан ажлуудын үр дүн олон улсын нэр хүндтэй сэтгүүлүүдэд хэвлэгдэж, нийт гадаад, дотоодын хэвлэлүүдэд нийтлэгдсэн бүтээлүүд нь 400 гаруй болжээ.

Академич Б.Чадраа нь ОХУ-ын Шинжлэх ухааны Академийн гадаад гишүүн, Хүндэт доктор, ОХУ-ын Байгалийн шинжлэх ухааны академийн гишүүн, Киргизийн ШУА-ийн гадаад гишүүн, Гуравдагч орнуудын ШУА, Европын ШУА, Олон улсын дээд боловсролын ШУА, Дэлхийн Инновацийн сангийн  гишүүн, Монгол-Оросын найрамдлын нийгэмлэгийн дэд тэргүүн, ОХУ-ын Дубна хот дахь Олон улсын цөмийн шинжилгээний нэгдсэн институтийн Эрдмийн зөвлөлийн гишүүн, Монгол Улсын Бүрэн эрхт төлөөлөгч зэрэг 10 гаруй улс, шинжлэх ухааны болон олон нийтийн байгууллагын гишүүнээр сонгогдон үр бүтээлтэй ажиллаж байлаа.

            Түүний хөдөлмөр, бүтээлийг төр, засгаас өндөр үнэлж “Монгол Улсын төрийн шагнал”, “Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн” цол, Академич хэргэм олгож, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, ойн медалиудаар шагнажээ. Мөн ЗСБНХУ-ын /хуучин нэрээр/ “Улс түмний найрамдлын одон”, ОХУ-ын “Найрамдлын одон”,  “Гавъяаны одон”,   “Вернадскийн медаль”, “Черскийн медаль”, Европийн ШУА-ийн “Дээд одон” зэрэг одон, медалиудаар шагнагдсан байна.

Талийгаачийн итгэл сэтгэл, алдар гавьяа, удирдан зохион байгуулах өндөр ур чадвар,  үнэнч шударга, эгэл даруу, нөхөрсөг  гэгээн дүр бидний сэтгэл, зүрхэнд үүрд мөнхрөн үлдэх болно.

Талийгаачийн хань, үр хүүхэд, төрөл төрөгсдөд нь  гүн эмгэнэл илэрхийлж байна.


Ум сайн амгалан болтугай.


 


МОНГОЛ УЛСЫН ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИЙН ТЭРГҮҮЛЭГЧИД
МОНГОЛ УЛСЫН ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИЙН ГИШҮҮД
МОНГОЛЫН АНАГААХ УХААНЫ АКАДЕМИЙН ГИШҮҮД
МОНГОЛЫН ХӨДӨӨ АЖ АХУЙН ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИЙН ГИШҮҮД
ФИЗИК МАТЕМАТИК ХИМИЙН САЛБАРЫН БАГА ЧУУЛГАНЫ ГИШҮҮД
НИЙГМИЙН УХААНЫ САЛБАРЫН БАГА ЧУУЛГАНЫ ГИШҮҮД
БИОЛОГИЙН САЛБАРЫН БАГА ЧУУЛГАНЫ ГИШҮҮД
ГЕОЛОГИ, ГАЗАРЗҮЙН САЛБАРЫН БАГА ЧУУЛГАНЫ ГИШҮҮД
ТЕХНИК, ТЕХНОЛОГИЙН САЛБАРЫН БАГА ЧУУЛГАНЫ ГИШҮҮД
ФИЗИК ТЕХНОЛОГИЙН ХҮРЭЭЛЭНГИЙН ХАМТ ОЛОН
ОДОН ОРОН, ГЕОФИЗИКИЙН ХҮРЭЭЛЭНГИЙН ХАМТ ОЛОН
ХИМИ, ХИМИЙН ТЕХНОЛОГИЙН ХҮРЭЭЛЭНГИЙН ХАМТ ОЛОН
ЕРӨНХИЙ БОЛОН СОРИЛЫН БИОЛОГИЙН ХҮРЭЭЛЭНГИЙН ХАМТ ОЛОН
ГАЗАРЗҮЙ, ГЕОЭКОЛОГИЙН ХҮРЭЭЛЭНГИЙН ХАМТ ОЛОН
ПАЛЕОНТОЛОГИ, ГЕОЛОГИЙН ХҮРЭЭЛЭНГИЙН ХАМТ ОЛОН
ХЭЛ ЗОХИОЛЫН ХҮРЭЭЛЭНГИЙН ХАМТ ОЛОН
ТҮҮХ, АРХЕОЛОГИЙН ХҮРЭЭЛЭНГИЙН ХАМТ ОЛОН
ФИЛОСОФИЙН ХҮРЭЭЛЭНГИЙН ХАМТ ОЛОН
ОЛОН УЛСЫН ХАРИЛЦААНЫ ХҮРЭЭЛЭНГИЙН ХАМТ ОЛОН
НҮҮДЛИЙН СОЁЛ ИРГЭНШЛИЙГ СУДЛАХ ОЛОН УЛСЫН ХҮРЭЭЛЭН


 


 



Бусад мэдээлэл