Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Шинжлэх ухааны Академи, Шинжлэх ухаан технологийн сан хамтран “Ахисан түвшний судалгааны үр дүн-2016” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг 11 дүгээр сарын 8-ны өдөр ШУА дээр зохион байгууллаа.
Хурлыг нээж БСШУСЯ-ны ШУТБГ-ын дарга, академич Т.Ган-Эрдэнэ, ШУА-ийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, академич Т.Галбаатар нар үг хэлсэн юм.
Хурлыг ШУА-ийн салбарын эрдэмтэн нарийн бичгийн дарга нар удирдан явуулсан бөгөөд хурлаар БСШУС-ын Сайдын нэрэмжит докторын дараах судалгааны тэтгэлгийн хүрээнд хийгдсэн судалгааны ажлын үр дүнг хэлэлцүүлэв. Тухайлбал доктор С.Энхтуул “Нийлэг хам-болон био-полимерээс нано жижиг хэсэг гарган авах”, академич Ж.Тэмүүжин “Цахилгаан станцын хаягдал үнснээс нано бүтэцтэй цеолитыг нийлэгжүүлэн гарган авч, аж үйлдвэрийн хаягдал усыг цэвэршүүлэхэд ашиглах боломж”, доктор Ч.Сономдагва “Улаанбаатар хотын шуугианы түвшин, тархалтын судалгаа”, доктор Ж.Энхтуяа “Хонь, ямааны шөвөг яр өвчнөөс сэргийлэх вакцины омгийн болон өвчин үүсгэгчийн молекул биологийн харьцуулсан судалгаа”, доктор Д.Ганбат “Пүршит тээрэм, шигшүүрийн зохион бүтээлтийн судалгаа”, доктор Н.Эрдэнэ-Очир “Археологийн дурсгалыг аячлал жуулчлалын сүлжээнд хамруулах нь” зэрэг 20 орчим сэдвүүдээр тус тус илтгэл тавьж хэлэлцүүллээ.
БСШУС-ын Сайдын нэрэмжит докторын дараах судалгааны тэтгэлэг нь залуу эрдэмтдийн судалгааны ажлын чанарыг дээшлүүлэх, олон улсын түвшинд хүрсэн судалгааны ажлыг эхлүүлэх, оюуны өмчөөр баталгаажсан шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгоход чиглэгддэг чухал ач холбогдолтой бөгөөд тус эрдэм шинжилгээний хурал нь жил бүр уламжлал болгон зохион байгуулагдах юм.