Номч мэргэн, гэвш Сэнгээ ринбүчийн мэндэлсний 110 жилийн ойд зориулсан “БУДДЫН МЭДЛЭГ УХААНЫ ХӨГЖИЛД МОНГОЛ МЭРГЭДИЙН ОРУУЛСАН ХУВЬ НЭМЭР” олон улсын эрдэм шинжилгээний бага хурал 6 дугаар сарын 18-ны өдөр боллоо.
Архангай аймгийн Тариатын хүрээнд шавилан сууж хожим Төвдөд буддын судар, тарнийн гүн ухаанд суралцан мэргэшиж Сэра хийдийн хамба ламаар насан өөд болтлоо ажилласан монголын их мэргэн, гэвш Дарамбазарын Сэнгээгийн амьдрал, шашин номын үйл хэрэг болон бүтээн туурвисан зохиол бүтээлийг нь тодруулах, сургалт, судалгаа шинжилгээний эргэлтэд оруулах, түүнчлэн түүний монголын философи сэтгэлгээний хөгжилд оруулсан хувь нэмрийн талаар сурталчлан таниулахад хурлын гол зорилго оршиж байв.
Хурлыг нээж Монгол улсын Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн, Философийн ухааны доктор Ц.Балхаажав, Эдийн засгийн шинжлэх ухааны доктор Р.Ринчинбазар, БНХАУ-ын Өвөрмонголын Их сургуулийн судлаач Ч.Энхээ нар үг хэлэв.
Хуралд академич Г.Чулуунбаатар “Буддын мэдлэг ухааны хөгжилд монгол мэргэдийн оруулсан хувь нэмэр”, академич С.Нарангэрэл “Монголын уламжлалт ёс суртахуун ба хууль”, академич Б.Жадамба “Квантпсихологи ба “үйл үр”-ийн гүн ухаан”, Оросын ШУА-ийн Сибирийн салбарын Монгол, төвд, буддын судлалын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, түүхийн шинжлэх ухааны доктор, профессор Л.Л.Абаева “Стратегии и тенденции развития буддийской конфессии в монголосфере”, түүхийн шинжлэх ухааны доктор, профессор Л.Тэрбиш “Төвд – Монголын шашин төрийн харилцаанд монгол лам ноёдын гүйцэтгэсэн үүрэг”, философийн ухааны доктор, профессор М.Гантуяа, С.Цэдэндамба “Монголчуудын хутагт тодруулж ирсэн уламжлал ба үндэсний ухамсар”, философийн ухааны доктор Т.Булган “Сэнгээ гэвшийн Ядам бурханыг бүтээх бясалгалын тухай”, судлаач профессор Д.Чулуунжав “ХХ зууны их увдистан Сэнгээ ринбүчи (1905-1993)” зэрэг монголын буддын шашин, ёс зүй, философи сэтгэлгээнд холбогдох асуудлаар гадаад, дотоодын эрдэмтэн судлаачид нийт 19 илтгэл хэлэлцуүүлсэн байна.