Монгол улсад үндэсний палеонтологийн эрдэм шинжилгээний байгууллага үүсч, хөгжсөний 50 жилийн ой энэ жил тохиож байна. Тус ойн баярын үеэр “Монголын палеонтологи ба стратиграфи” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг 10 дугаар сарын 10-ны өдөр Палеонтологийн төвд зохион байгууллаа.
Ойн баярын нээлтэд Монгол улсын Шинжлэх ухааны Академи, ОХУ-ын ШУА, БШУЯ, ССАЖЯ болон их дээд сургуулиудын төлөөлөл хүрэлцэн ирж оролцож баяр хүргэсэн юм.
Хурлыг нээж ШУА-ийн Палеонтологийн төвийн захирал, доктор Х.Цогтбаатар хэлсэн үгэндээ “Манай эрдэмтэн судлаачид дэлхийн түвшинд судалгаа шинжилгээнийхээ ажлыг гүйцэтгэх болж, тэдний олон жилийн нөр их хөдөлмөрийн дүнд Монгол орны эртний амьтан ургамлын олдворын сан хөмрөг бүрдэж, тэдгээрийг олон улсад танилцуулж, улс орноо сурталчилж байна. Судалдаг зүйл нь хэдэн арван сая жилээр тоологддог ч суурь салбар нь хэдхэн арван жил болсон шинжлэх ухааны харьцангуй шинэвтэр салбарыг Монгол оронд хөгжүүлэхэд гар бие оролцож буй Монголын палеонтологийн үе үеийн эрдэмтэн судлаачид, сонирхогчид, дэмжигчдэд баярын мэнд хүргэе” хэмээлээ.
Үүний дараа ШУА-ийн Палеонтологийн төвийн зөвлөх, академич Р.Барсболд “Монгол орны эртний амьтан ургамлын судалгаа, товч түүх, гол үр дүн” сэдвээр танилцуулга илтгэл тавьсан бөгөөд “Монголын палеонтологи-50 жилд” түүхэн баримтат киног уригдан ирсэн зочдод үзэж сонирхуулсан юм.
Тус төвийн ойн баярын үеэр ШУА-ийн ерөнхийлөгч, академич Б.Энхтүвшин хэлсэн үгэндээ: “Энэхүү түүхт 50 жилийн хугацаанд танай төвийн үе үеийн хамт олон эртний амьтан ургамлын 10-аад чиглэлийн хүрээнд 300 гаруй шинэ төрөл зүйлийг илрүүлсний дотор дэлхийд анхдагч болох нэг дор хадгалагдан үлдсэн протоцератопсын 15 зулзага, велоцираторын бүтэн хэлхээ яс, гадрозаврид бүлгийн хөгжлийн эртний өвөг болох бүтнээрээ хадгалагдсан хэд хэдэн олдвор, овирапторозаврын шинэ төрөл сүүлэндээ өдтэй Номингия, өндгөн дотроо чулуужин үлдсэн үлэг гүрвэлийн үр хөврөл, өндгөө дарсан хэвээрээ чулуужин үлдсэн үлэг гүрвэлийн олдвороороо дэлхийд дээгүүр үнэлэгдэх боллоо.
Өнөөдөр танай хамт олны дундаас Азид төдийгүй дэлхийд дээгүүр үнэлэгдсэн эрдэмтэн төрөн гарсныг онцлон дурдахыг хүсч байна. Сээрнуруут палеонтологийн мэргэжлийн хамгийн өндөр шагнал болох Ромер-Симпсоны нэрэмжит медалийн эзэн академич Р.Барсболдоороо бид бахархаж байна. Тэрээр Монгол орны үлэг гүрвэлийн судалгааны үндэс суурийг бий болгож, Монголын үлэг гүрвэлийн олдвороор олон улсын төвшинд үнэлэгдэх цуглуулга бүрдүүлэх үйлсэд мэргэжил нэгт нөхдийнхөө хамт олон жил үр бүтээлчээр ажиллаж ирсний баталгаа юм” хэмээгээд нийт палеонтологичдод баярын мэндчилгээ дэвшүүлсэн юм.
Одоогоос 50 жилийн өмнө буюу ШУА үүсэн байгууллагдсанаас 3 жилийн дараа Биологийн хүрээлэнгийн Ургамал амьтны хэлтсийн дэргэд палеонтологийн тасаг хэлбэрээр үндэс суурь нь тавигдсан байдаг. Тэр цагаас хойш үндэсний мэргэжилтэн, судлаачдыг сургах ажлыг төр засгаас бодлоготойгоор дэмжиж, өөрийн эрдэмтэн болон мэргэжлийн байгууллагыг улс орны хөгжлийн шаардлагад нийцүүлэн бэлтгэж иржээ. Энэ хугацаанд палеонтологийн салбарын ажлын байр, хүний нөөц мэдэгдэхүйц бэхжиж, тасаг сектороос бие даасан хүрээлэнгийн статустай төв болтлоо хөгжсөн байна. Сүүлийн жилүүдэд манй палеонтологичид Монгол орны Төв Азийн эртний амьтан ургамлын хэдэн арван төрөл зүйлийг шинжлэх ухаанд шинээр тогтоож, Монгол орны эртний шим ертөнцийн судалгаа, геологи-давхарга зүй, Төв Азийн амьтан ургамлын бүтэц бүрэлдэхүүн, ангилал зүй, түүхэн хөгжил, тив хоорондын харилцаа холбооны асуудлаар 1200 гаруй эрдэм шинжилгээний бүтээл туурвиж, олон арван ном бүтээж, эрдэм шинжилгээний өгүүлэл бүтээлүүд нь ОХУ, АНУ, Англи, Канад, Герман, Япон, Польш, Чех, Итали, Португал зэрэг улсуудын томоохон сэтгүүлүүдэд хэвлэгджээ.
Түүнчлэн палеонтологи, геологи-давхарга зүйн эрдэм шинжилгээний төсөл, сэдэвт ажил, ЮНЕСКО-ийн Олон улсын геологийн харьцуулалтын төслүүдийн хүрээнд болон ОХУ-ын ШУА-ийн Палеонтологийн хүрээлэн, Стэнфордын их сургууль, БНХАУ-ын ШУА-ийн эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд, Польшийн ШУА-ийн Эртний биологийн хүрээлэн, Японы ХБШМузей, Италь, Франц, Канад, Австри зэрэг улсын байгалийн түүхийн музей, их, дээд сургууль, шинжлэх ухааны байгууллагуудтай нягт хамтран ажилладаг байна.