Вэбсайтын цэс
Хэлний сонголт
“Материал судлал” олон улсын эрдэм шинжилгээний бага хурал боллоо
“Материал судлал” олон улсын эрдэм шинжилгээний бага хурал боллоо

МУИС-ийн ФЭС (хуучнаар), ШУА –ийн Физик технологийн хүрээлэн, ШУТИС-ийн Материал судлалын сургууль  (хуучнаар) хамтран 8 дугаар сарын 18-наас 20-ны  өдрүүдэд “Материал судлал” (Material Science) сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний ээлжит  III бага хурлыг зохион байгууллаа.

Хурлыг  БШУЯ-ны Шинжлэх ухаан, технологийн газрын дарга профессор Ж.Даваасамбуу нээж үг хэлж Материал судлалын шинжлэх ухааны орчин үеийн хөгжлийн хандлага, түүний онол парктикийн ач холбогдлын талаар дурдаад, уламжлал болон гурав дахь удаагаа зохиогдож байгаа энэ хурал өмнөх хурлаас  улам өргөжсөн болохыг цохон тэмдэглэв.

Тус эрдэм шинжилгээний хуралд ОХУ, БНХАУ, Беларусь, Япон, Монголын эрдэмтэд материал судлалын орчин үеийн чиглэлээр нийт 41 илтгэл, үүнээс ханын 23 илтгэл хэлэлцүүлэв.

Хуралд ОХУ-ын  ШУА-ийн А.Ф.Иоффе-ийн нэрэмжит Физик-Техникийн институтын Хатуу биеийн физикийн салбарын эрхлэгч, профессор К.Д. Цэндин “Physics of switching and memory effects in chalcogenides”, Беларусь улсын ШУА-ийн Дулаан ба масс дамжууллын хүрээлэнгийн захирал, ШУА-ийн  сурвалжлагч гишүүн, профессор О.Г.Пенязков “Materials containing carbon nanoparticles: successes and hope”, уг хүрээлэнгийн салбарын эрхлэгч доктор, профессор Е.М. Шпипельевский “Properties polystyrene modified fullerenes and their complexes with metallocenes”, ОХУ-ын Дубна хот дахь Цөмийн шинжилгээний нэгдсэн Институтын Нейтроны физикийн Лабораторийн салбарын эрхлэгч, доктор профессор А.В. Белушкин “Magnetic nanostructure-based biosensors”, МУИС-ийн профессор О.Лхагва “Track structures, the radial energy deposition of radioisotopic radiation, injected in cell’s chromosome territory”, мөн  БНХАУ-ын Өвөр Монголын Хөх хотын Багшийн их сургуулийн профессор О. Төгөс, МУИС-ийн профессор  Р.Галбадрах, профессор Л. Энхтөр, профессор Ц.Эрдэнэбат, ШУТИС-ийн профессор Л.Хэнмэдэх, Японы профессор Я. Обикане, ФТХ-ийн тэргүүлэх ажилтан доктор С. Саран нарын  олон эрдэмтэд  сонирхолтой илтгэл хэлэлцүүлэв.


Тус салбарт ажиллаж, сурч байгаа олон залуу судлаачид илтгэлээ хэлэлцүүлсэнээс БНХАУ-ын Өвөр монголын Хөх хотын Аж үйлдвэрийн их сургуулийн докторант М.Довчинваанчиг (ФТХ), Өмнөд Солонгос улсын Чонбукийн их сургуулийн докторант Ц.Хос-Очир (МУИС), Энэтхэгийн Караня-ийн их сургуулийн докторант М.Амгалан (ШУТИС), Дубнагийн ЦШНИ-ийн эрдэм шинжилгээний ажилтан М.Батмөнх (МУИС) зэрэг ирээдүйн эрдэмтдийн илтгэл ихэд сонирхол татаж байсан юм..

Хурлын хоёр дахь өдөр ханын илтгэлийн хэлэлцүүлэгт 23 илтгэлээс  БНХАУ-ын Өвөр Монголын Хөх хотын Багшийн их сургуулийн судлаачдын илтгэл шалгарчээ. Хурлын үеэр ОХУ-ын  ШУА-ийн А.Ф.Иоффе-ийн нэрэмжит Физик-Техникийн институтын Хатуу биеийн физикийн салбарын эрхлэгч, манай улсын нэрт эрдэмтэн акад. Ц.Дамдинсүрэнгийн хүү, профессор Константин  Дамдинович Цэндинд МУИС-ийн Физикийн сургуулийн Хүндэт профессор цол өргөмжлөл гардуулах ёслол болов.

Дараагийн ээлжит IV хурлыг БНХАУ-ын Өвөр монголын Хөх хотод 2015 оны 8 дугаар сард хийхээр товлолоо.


ФТХ-ийн Салбарын эрхлэгч, профессор Д. Сангаа


 



Бусад мэдээлэл