Вэбсайтын цэс
Хэлний сонголт
МАЛ ЭМНЭЛЭГ, БИОТЕХНОЛОГИЙН ЧИГЛЭЛИЙН ЗАЛУУ СУДЛААЧДЫН ШИЛДЭГ БҮТЭЭЛ ШАЛГАРУУЛАХ “НАРМАНДАХ” САНГИЙН НЭРЭМЖИТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ТАВДУГААР БАГА ХУРАЛ БОЛОВ
МАЛ ЭМНЭЛЭГ, БИОТЕХНОЛОГИЙН ЧИГЛЭЛИЙН ЗАЛУУ СУДЛААЧДЫН ШИЛДЭГ БҮТЭЭЛ ШАЛГАРУУЛАХ “НАРМАНДАХ”  САНГИЙН НЭРЭМЖИТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ТАВДУГААР БАГА ХУРАЛ БОЛОВ

Залуу судлаачдын  шилдэг бүтээл шалгаруулах  эрдэм шинжилгээний  тавдугаар бага хурал  2018 оны 10 -р сарын 17 -ний өдөр ХААИС -ийн эрдмийн зөвлөлийн хуралдааны  танхимд болов. Уг арга хэмжээг "Нармандах сан"-гаас  БСШУСЯ -ны Шинжлэх ухаан, технологийн  бодлогын газар, ХААИС-тай хамтран 2 жил тутамд зохион байгуулдаг уламжлалтай. 

Хурлыг нээж “Нармандах сан”- гийн тэргүүн, академич Ш.Дэмбэрэл хэлсэн үгэндээ: Шинжлэх ухааны ээдрээтэй асуудлуудын учир зангилааг ухан тайлж, мэдлэгт тулгуурласан үйлдвэрлэл, хэрэглээг хөгжүүлэх, түүний онолын үндэсийг боловсруулах зэрэг  бие, оюуныг чилээсэн амаргүй ажилд хүчин зүтгэхээр зориг шулуудан ажиллаж байгаа олон олон залуустаа урам өгөх тэдний бүтээлийг олон нийтэд сурталчилах, бага ч болов санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр хоёр жил тутамд хийдэг “Нармандах сан” –гийн нэрэмжит шилдэг бүтээлийн шалгаруулах арга хэмжээ 2010 оноос эхэлсэн бөгөөд  эдүгээ тав дахь удаагаа Хөдөө Аж Ахуйн Их Сургууль үүсэн байгуулагдсаны 60 жилийн ойн тэмдэглэлт арга хэмжээний  босгон дээр  зохион байгуулагдаж байна.

 Тус сангийн үйл ажиллагааны үндсэн чиглэлийн нэг хэсэг  нь    Мал эмнэлгийн шинжлэх ухааны (Sc.D) доктор,  сурган хүмүүжүүлэгч Д. Нармандах агсаны бүтээн туурвих,  залуу үеийг сурган хүмүүжүүлэх чин хүсэл, эрмэлзлэлийг нь шилдэг судлаач залуучуудаар дамжуулан гүйцэлдүүлэх, тэдэнд дэмжлэг үзүүлж, урам өгөхөд оршдог билээ.  

Шилдэг бүтээлийн шалгаруулалтад ирүүлсэн бүтээлүүдийн арга зүйн төвшин, онолын сэтгэлгээ  дээшилж, амжилт үзүүлсэн судлаачид эрдмийн ажлаа үргэлжлүүлэн,  үр дүнгээрээ дараагийн  арга хэмжээнд  давтан оролцдог  боллоо. Энэ бол залуу докторуудын маань эрдмийн ажилд тууштай, тэвчээртэй  хандаж, ахиж, дэвшиж  буйг харуулах  сайн хандлагын  нэг гэж  олзуурхаж байна.   

Энэ удаагийн бага хурлын шалгаруулалтанд зориулж, шагналт байр 2 –ийг  нэмж бий  болгохоор Удирдах зөвлөлөөс шийдсэний дээр шинжлэх ухаанд гаргасан зам мөр, мэдлэг, туршлагаа залуу судлаач -  шавь нартаа өвлүүлэх үйл ажиллагааг нэр төртөй биелүүлж  буй эрдэмтэн профессор, багш нарт  зориулан тухайн  шалгарсан  бүтээлийн шагналын  30 хувийг олгохоор  шийдсэнийг тэрээр  мэдээлэв. 

Тус хуралдааны шүүгчдийн санал хураалтаар  Тэргүүн байрыг Э.Ууганцэцэгийн  ( ХААИС)“Ингэний хоормогноос ялгасан уураг задлах идэвхтэй сүүнхүчлийн бактерийн ангиотензин хувиргагч ферментийг дарангуйлах идэвхийн судалгаа” , Дэд байрыг Ц.Алтансүх ( АШУҮИС)“Лактобионы хүчил холбоот ТПГС нанопартикалиар элэгний эсийн хавдрын эсрэг этопозидын эмчилгээний идэвхийг нэмэгдүүлэх нь” Гутгаар байрыг  Б.Бүрэнбаатарын ( МЭХ) “Малын паразитын эсрэг үйлчилгээтэй тарилгын ивомик бэлдмэлийн технологи боловсруулсан нь” Шагналт байранд П.Эрдэнэтогтохын ( ХААИС) “Үнээний өндгөн эс митохондрийн идэвх болон хүчилтөрөгчит нэгдлийн хуримтлалд астаксантин бодисын үзүүлэх нөлөөг судалсан дүн” ,Д.Будрагчаагийн ( МЭХ) “Хүхэрээр баяжуулсан алкил полисахаридын вирусын эсрэг идэвх ба үйлдлийн механизм”  сэдэвт бүтээлүүд шалгарав. 

Шалгаруулалтанд Их сургууль болон судалгааны байгууллагуудын   докторант, докторын зэрэгтэй   46 хүртэл насны залуу судлаачдын 20  орчим  бүтээл иржээ. Тэдгээрээс  эцсийн шалгаруулалтад шалгарсан 9 бүтээлийг танилцуулсан юм. “ Нармандах “ сангаас тэргүүн байрыг 1.0 сая, дэд байрыг 700.0 мянга, гутгаар байрыг 500.0 мянга, шагналт байр хоёрыг тус бүр 200.0 мянган төгрөгөөр тус тус урамшуулав.


Зураг дээр ( Зүүн гараас ) Д.Будрагчаа, П.Эрдэнэтогтох, Э.Ууганцэцэг, Ц.Алтансүх, Б.Бүрэнбаатар нар

 


Бусад мэдээлэл